Бага насны хүүхдийн аминд хүрсэн шүүгдэгч Г.Л-д бүх насаар нь хорих ял оноожээ

24

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн бага насны хүүхдийн аминд хүрсэн шүүгдэгч Г.Л-д холбогдох эрүүгийн хэргийг өчигдөр /2020.05.19/ хянан хэлэлцжээ. Шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноосон байна.
Шүүгдэгч Г.Л нь өмнө нь Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны есдүгээр сарын 20-ны өдрийн 274 дугаартай шийтгэх тогтоолоор гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байжээ. Улмаар ялаа биечлэн эдэлж байх хугацаандаа засарч хүмүүжсэн гэх үндэслэлээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдөр нэг жил гурван сар 18 хоногийн хугацааны өмнө тэнсэнгээр суллагдаж, цагдаагийн байгууллагын хяналтад байсан аж.
Энэ хугацаанд өөрийн төрсөн эгч Р.Г-н хүү болох гурван настай Г.Г-н “томоотой суу, хоолоо идсэнгүй, тоглолоо” гэх шалтгаанаар  2019-2020 онд дөрвөн удаа нуруун тус газарт нь гар утасны цэнэглэгчээр ороолгож, өшиглөж, цохиж зодсон хэрэг нь бусдаас нуугдмал байдалтай даамжирч үйлдэгдсээр дээрх гэмт хэрэг нь хүүгийн аминд хүрэх шалтгаан нөхцөл болжээ.
Улмаар  Г.Л нь  хоёрдугаар сарын 8-ны  өдөр гурван настай Г.Г-ийг бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж толгойн тус газарт нь олон удаа цохиж “тархины аалзан хальсан доорх цус харвалт” бүхий олон тооны гэмтэл учруулж хөнөөсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
Тус аймгийн прокурорын газраас дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.7, 2.8 /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бага насны хүүхэд гэдгийг мэдсээр байж зодож хөнөөсөн/, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1 дэх заалтад /гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодож, хүүхдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн/ заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр шүүхээс бүх насаар нь хорих ял оногдуулсан нь энэ юм. 
Б.НОМИН,Npost.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn