ТӨВ: “Эрүүл монгол мах эко” компани улсын нийт экспортын махны 30 хувийг бүрдүүлдэг

627


Төв аймаг жилд 40-50 мянган тонн мах бэлтгэдэг бөгөөд 4 махны үйлдвэр, мах төхөөрөх 6 цех үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр үйлдвэрүүдийн томоохон төлөөлөл болох “Эрүүл монгол мах эко” мал төхөөрөх, мах боловсруулах чиглэлээр Төв аймгийн Лүн суманд үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа юм.
Энэхүү үйлдвэр нь хоногт 2500 бог, 500 бод төхөөрөх хүчин чадалтай бөгөөд 80 хувь нь автомат, 20 хувь нь гар ажиллагаатай сүүлийн үеийн үйлдвэр. Уг үйлдвэр нь 11.116 метр квадрат талбайтай бөгөөд оффис, ажилчдын байр, үйлдвэрийн үндсэн барилга, бэлэн болон түүхий эд хадгалах, хөлдөөх агуулах, цэвэрлэх байгууламж зэргээс бүрдэж байгаа юм.

Үйлдвэрийн хүчин чадлын хувьд бүрэн хүчин чадлаар ажиллавал 300 хүний ажлын байр бий болох, 50-75 тоннын багтаамжтай гүн хөлдөөх камер, 2000 тонны багтаамжтай 18 градуст хадгалах агуулах, 15-20 тоннын уураар мах гэсгээх камер, 150-200 бог мал зумлах ванн уурын тогоо, 10-15 тоннын багтаамжтой мах сойх ванн, дулааны аргаар мах боловсруулах 6 уурын тогоо, цэвэрлэх байгууламжтай.

Мал төхөөрөх цех, зумалгааны цех, дайвар бүтээгдэхүүн боловсруулах цех, мах сэврээх хэсэг, мах шулах ангилах цех, шулсан мах сойх цех, чаналтын цех, чанасан бүтээгдэхүүн сэврээх өрөө, бэлэн бүтээгдэхүүний ангилалт савлагааны хэсэг, ангилж савласан бүтээгдэхүүн ариутгалд хамруулах вокс өрөө, гүн хөлдөөх, гэсгээх камер зэрэг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангасан /үл зэврэх/ сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжийг бүх хэсэг дамжлагад суурилуулсан байна.
Энэхүү үйлдвэрийн давуу тал нь зах зээлд үйлдвэрийн аргаар төхөөрсөн малын мах, дулааны аргаар боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэх, төв суурин газраас зайдуу, мах үйлдвэрлэлийн эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд байрлах бөгөөд үйлдвэрийн шингэн бохир усыг дахин цэвэршүүлэх байгууламжийг суурилуулж өгчээ. Мөн малын сэвс дахин боловсруулах үйлдвэр /газар тариалангийн үйлдвэрлэлд бордоо бэлтгэж нийлүүлэх/, орон нутгийн малчид нийслэлээс 150 км зайд малаа зах зээлийн үнээр борлуулах /бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулах/ боломжтойгоос гадна орон нутагт ажлын байр бий болгож сумаас 50-70 иргэнийг ажлын байраар хангасан байна.
Мөн Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтийн дагуу хоршоодод суурилсан мах бэлтгэлийн системийг ажиллуулах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, мах бэлтгэх ажлыг оновчтой зохион байгуулахад түлхэц болж байгаагаас гадна тухайн сумынхаа эдийн засгийн бүтцийг тодорхойлж байгаагаараа онцлогтой. 

Тус үйлдвэр нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг 100 хувь шийдэж чадсан байна. Тодруулбал, ажилчдын байр, чөлөөт цагаа өнгөрөөх спорт заалыг шийджээ. Түүнчлэн гүйцэтгэсэн ажлаараа цалинжих боломжтой учраас өдөрт 200.000 төгрөг, 7 хоногт нэг сая хүртэлх төгрөгийн цалин хөлс авах боломжтой талаар албаныхан хэллээ. Ингэснээр монгол хүн ажилтай орлоготой болж, иргэдийн санхүүгийн чадамжийг нэмэгдүүлж байгаа давуу талтай юм.
Уг үйлдвэр нь БНХАУ-д экспортолдог махны нийт 30 хувийг бүрдүүлдэг бөгөөд дотооддоо 4 жил нийслэлийн иргэдийн нөөцийг махыг бэлтгэжээ. Тус үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрснээр малчид гуравдагч этгээдийн гар дамжилгүйгээр зах зээлийн үнээр үйлдвэрт махаа нийлүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn