Засаг дарга хятад иргэдэд газар олгожээ

232
Монголын төрийн албан хаагч хятад иргэдэд үйлчилж, “сөгдөж” явна. Энэ бол  Монгол төрийн гутамшиг. Монгол түмний хийморь сүлдийг доройтуулж, ирээдүйн үрсийн минь амьдралыг баллуурдсан үйлдэл. Ийм л үйлдлийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г. Ариунболд гаргаж, алхам тутамдаа хууль бус захирамж гаргаж, түүнийгээ зөв хэмээн мунхагладаг, үйл хөдлөл болгон нь хууль зөрчиж явдаг энэ нөхрийн хамгийн сүүлчийн дуулиан ийн эхэлжээ.
 
Энэ оны 9-р сарын дунд үеэс тус сумын төвийн суурьшлын бүсэд нэр хаяг нь тодорхойгүй хятад компани үйлдвэрийн зориулалттай барилга байгууламж барьж эхэлсэн байна. Тиймээс сумын иргэд бухимдаж, энэ байгууламж чухам ямар зориулалттайг, хууль журам зөрчсөн эсэхийг тодруулж, олон нийтэд нээлттэй мэдээлэхийг сумын удирдлагууддаа хандан шаарджээ.
 
Иргэдийнхээ хүсэлт шаардлагын дагуу ИТХ-ын дарга Л.Уранчимэг тус барилгыг барьж буй “Гэгээн дунд мөрөн” ХХК-д хандан 2023.10.02-ны өдөр 04/41 тоот албан илгээж, “2023.10.11-ний өдөр сумын ИТХ-д үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө үү” гэжээ. Гэвч БНХАУ-ын иргэн Юу Айхуа, Ван Дун нарын 100 хувийн эцсийн өмчлөлтэй “Гэгээн дунд мөрөн” ХХК-ийнхан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг үл тоомсорлож, ямар ч хариу тайлбар, мэдээлэл өгөөгүй байна. Харин энэ явдалтай холбогдуулан Засаг дарга Г.Ариунболд “Энд БНХАУ-ын копмани үйлдвэр барьж байгаа юм биш.
 
Газрын эзэн иргэн н.Энхтуяа гэдэг хүний үйл ажиллагаа. Би зөвхөн н.Энхтуяа гэдэг хүнд газрын эрх шилжүүлсэн. Мөн тухайн иргэнд 1 га талбай бүхий газартаа хашаа барих блок /барилгын материал/-ыг би хувиараа зарсан. Тиймээс хүмүүс намайг авлига авчихлаа гэж хардаж байгаа юм” гэх тайлбарыг хэвлэлд өгсөн байдаг.
 
Энэ үгийг сонсоод нэгэн гунигт түүх санаанд орлоо. Манай найз 1991 оноос хойш ОХУ-ын Эрхүү хотоос сонгино зөөдөг бизнесмен хүн билээ. Тэр анх Эрхүү хотын ойролцоох нэгэн сангийн аж ахуйтай гэрээ байгуулж, сонгино авахаар болж. Олон жил энэхүү аж ахуйтай түншлэн ажиллаж буй хүн. Түүнийг сонгино авч эхэлж байхад нэг хятад нөхөр ачигч хийдэг байж. Гэтэл удалгүй орос эхнэртэй болсон сураг дуулдав. Жилийн дараа хүүтэй болсон гээд бөөн баяр явж байна гэнэ. Түүний дараа жил очтол нөгөө ачигч хятад маань эхнэрийнхээ нэр дээр тус сангийн аж ахуйн хувьцааны хяналтыг багцыг нь цуглуулаад авчихсан дарга нь болчихсон сууж байна гэнэ. Манай найз гэрээгээ дахин шинэчлэх хэрэг болж. Нэгэнт л тус аж ахуйгаас сонгино авдаг тул гэрээгээ шинэчлэн бизнесээ үргэлжлүүлжээ. Гэрээгээ шинэчилсэнээс хойш нэг их удалгүй тус сангийн аж ахуйд очтол хуучин дарга нь харуулын байрны дэргэд таарчээ. Танилууд мэндлэж ажил хэрэг ярьтал дарга маань цөөн хувьцаа эзэмшдэг тулдаа харуулын албаны даргаар үлдсэн гэнэ. Үүнээс хойш цаг хугацаа өнгөрч нөгөө хятад эзний эхнэр нь архи уусаар байгаад тэнгэрийн оронд заларчээ. Харин хүү нь өсч насанд хүрсэн байна. Энэ үед нөгөө хятад хүүгийнхээ нэр дээр Эрхүү, Улаан - Үд хавийн бүх л тариалангийн газрыг хувьчилан авч, одоо тэр бүсийн төмс хүнсний ногооны хамгийн том бизнесмен болж, бүгдийг хянаж үнэ тогтоодог газрын эзэн болчихсон, оросуудыг эрхшээлдээ оруулж сууна гэж ярьж билээ. Энэ түүхийг Төв аймгийн Баянчандмань сумын Засаг дарга Г.Ариунболд үргэлжлүүлэхээр чичирч сууна.
 
Монгол төрийн түшээ, нэгэн сумын иргэдийн өнөөдрийн болон ирээдүйн амьдралын хувь заяаг шийдэх үүрэг хүлээсэн хүн зөвхөн өөрөө хашаа барих блок хийж хятад компанид өгч хэдэн халтар төгрөг олохын тулд монголын газар нутгийн нэгэн хэсэг, сумын төвийнхээ сууршилийн гол бүсэд БНХАУ-ын иргэн Юу Айхуа, Ван Дун нарын 100 хувийн эцсийн өмчлөлтэй “Гэгээн дунд мөрөн” ХХК-ийнханд газар олгоод өмнө нь сөхөрч суугаа нь гутамшиг гэхээс өөр сайхан гэгээн үг олдохгүй байна.
 
Ердөө нэг жилийн дараа орон нутгийн сонгууль болно. Энэ үед Г. Ариунболд гэх нөхөр тахимаа өгчихөөд хятад эзний хаалгыг манаж суух уу. Хэдэн жилийн дараа Баянчандманий газар нутгийн дийлэх хэсэг хятад нөхрийн эзэмшил болох уу. Ийм л хувь тавилангийн үүдийг нээчихсэн Засаг дарга Г. Ариунболд өнөөдөр хятад эзнээ өмөөрөн арслан бар шиг аашилж, хууль бус үйлдлийг нь удаа дараа илчлэн зогсоож, өөрийг нь шоронгийн хаалга татахаас хамгаалсан ИТХ-ын дарга Л.Уранчимэгийг хууль бусаар огцруулсон шийдвэр гаргачихаад сууж байна. Засаг дарга Г.Ариунболд гэх энэ нөхрийн гаргасан шийдвэр болгон нь хууль бус байдаг нь сонин. Тус сумын ЗДТГ-ын дарга байхдаа бүлэг хүчингийн хэрэгт холбогдож байсан үл бүтэх энэ этгээд яаж яваад дарга болсон нь тодорхойгүй. Засаг дарга болчихоод иргэдийнхээ төлөө, сумынхаа хөгжлийн төлөө гараа ч хөдөлгөх дургүй, зөвхөн өөрийн эрх ашгийг эрхэмлэж явдаг хүн юм гэх сэтгэгдэл дараах баримтаас харагдана.
 
Түүний гаргасан эхний захирамж: 2022.02.12-ны өдөр Засаг дарга Г.Ариунболд А/31 тоот захирамж гаргаж, төрийн нийтийн өмч буюу ногоон байгууламж, цэцэрлэгжүүлсэн талбай бүхий газраас 10 000 м2 /1 га/ талбайг “Уугуул хаус” ХХК-д 15 жилээр эзэмшүүлсэн байгаа юм. Мөн 2022.03.03-ны өдөр А/59 тоот захирамжаар дээрх байршлын нийтийн эзэмшлийн талбайгаас 1575 м2 газрыг “Мета менежмент” ХХК-д эзэмшүүлжээ. 
Дээрх хоёр захирамжаас харахад сумынхаа ногоон байгууламжийг устгах шийдвэр гаргадаг Засаг дарга бас байдаг юм байна гэдэг харуусал төрөв. Монгол улсын Ерөнхийлөгч нь НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарина гэж амлаж, улс орон даяар ногоон байгууламжийг бий болгох гэж хөлхөж байхад төрийн бодлогынхоо эсрэг үйлдэл гаргадаг том толгой бас байх юм. Гайхалтай шийдвэр.
 
Сумын Засаг дарга Г.Ариунболдын эдгээр захирамж шийдвэр нь хэд хэдэн хууль, журмыг зөрчсөн байх магадлалтай байсан тул ИТХ-ын дарга Л.Уранчимэг Төв аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэст хянуулахаар албан бичгийг илгээжээ. Энэ албан бичгийгТөв аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсээс хянан үзээд “Баянчандмань сумын Засаг даргын шийдвэр нь хууль зөрчсөн байх үндэслэлтэй байна. Тухайлбал, Газрын тухай хуулийн 33-р зүйлд зааснаар сумын ИТХ-аар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Мөн төрийн байгууллагад эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг зөрчиж, дээрх аж ахуйн нэгжүүдэд давуу эрх олгосон нь хууль бус шийдвэр байна. Түүнчлэн Авлигын эсрэг хуульд зааснаар нийтийн албан тушаалтан албаны эрх буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг авлигын зөрчил гэж үзэх үндэслэл болох тул хууль хэрэгжүүлж ажиллана уу” гэсэн хариу өгчээ.
 
Үүнээс гадна Төв аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Баянчандмань сумын Засаг дарга, Газрын даамал нарт 2022.04.19-ний өдөр 07/319 тоот албан бичгээр дээрх яг ижил агуулга бүхий бичиг ирүүлж, “Хууль зөрчиж хувийн компанид газар эзэмшүүлсэн шийдвэрүүдээ хүчингүй болгоно уу” гэжээ.
 
Нэгэнт дээд шатны байгууллагууд нь сумын Засаг даргыг “Хууль зөрчжээ” гэж үзсэн тул Г. Ариунболд арга буюу 2022.04.30-ны өдөр А/129 тоот захирамж гаргаж, хоёр компанид нийтийн эзэмшлийн газар эзэмшүүлсэн шийдвэрээ цуцалсан байна. Хуулийн анхан шатны мэдлэггүй хувийн ашиг сонирхолдоо хэт автсан Засаг даргаа хэрэгтэн болохоос аварч, сум орон нутгийнхаа хөгжлийг баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу явуулах гэсэн ИТХ-ын дарга Л.Уранчимэгийг өстөн мэт үзэж, иргэдийн хурлын төлөөлөгч нараа ятган хууль бусаар огцруулчихаад сууж байна. Сонгуулийн жилтэй уралдан хууль бус өөрийн эрх ашгийн төлөө шийдвэрүүдээ ямарч хараа хяналтгүй гаргахаар ийн улайрчээ. Тус сумын ИТХ-д МАН үнэмлэхүй олонхи байгаа. Тэгэхээр энэ хоёр дарга МАН-ынх гэсэн үг. Тэгэхээр улс төрийн зөрчил үгүй. Гагцхүү Г.Ариунболд хэмээх нөхрийн хувийн ашиг сонирхол л зөрчил үүсгээд байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ИТХ-ын дарга Л.Уранчимэг шударга ажиллаж хууль бус үйлдлийг нь таслан зогсоож байгаа нь түүний бухимдалыг үүсгэж бас дахин хууль бус үйлдэл гаргахад хүрээд байна. Бурхангүй газрын бумба галзуурав гэдэг шиг суманд хууль үйлчлэхгүй гэж эндүүрч дураараа дургих санаархал нь ийнхүү алхам тутамдаа хууль зөрчих болжээ. МАН-ын удирдлагууд увайгүй, мэдлэггүй, хувийн эрх ашгаа өмнөө тавьдаг Засаг даргатаа хазаар зуулгахгүй бол намын чинь нэр хүндийг уландаа гишгэх нь ээ.
 
 
 
С.ЭРДЭНЭБАТ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn