Шар усны үерээс сэргийлэн Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ

251
Шар усны үер болохоос сэргийлж Сэлбэ голын мөсийг зөөж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн 33 байршилд халиа тошин үүсэж, шар усны үер болох эрсдэл бий болоод байгаа юм. Иймээс эхний ээлжид Сэлбэ, Толгойт гол болон Дэнжийн мянга орчмын халиа, тошин үүссэн 10 байршлын 25 км орчим газрын мөсийг зөөхөөр бэлтгэл ажлыг хангаж байна.
Улаанбаатар хотод 1991 оноос хойш ороогүй их хэмжээний хур тунадас орсон тул хөрсний ус 2-3 дахин нэмэгдэж, цас ихээр хуримтлагдсан. Мөн огцом хүйтрэх, эсвэл дулаарах зэргээр цаг агаарын хэлбэлзэл сүүлийн 30 жилийн дундажтай харьцуулахад хамгийн өндөр түвшинд байгааг албаныхан мэдээлсэн.
Дээрх шалтгаануудын улмаас шар усны үер болох өндөр эрсдэлтэй байгаа мэдээллийг Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ирүүлсэн юм. Тиймээс мэргэжлийн байгууллагуудын саналыг үндэслэн Нийслэлийн онцгой комиссоос үерийн эрсдэлтэй бүсүүдэд гамшгийн шар түвшин тогтоогоод буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
-Мэргэжлийн байгууллагуудын санал зөвлөмжийг үндэслэн Сэлбэ голын сав газрыг чөлөөлөхөөр төлөвлөж, нэн тэргүүнд голын мөсийг зөөж эхэллээ. Энэ хүрээнд лаг хагшаасыг мөн тээвэрлэж, бургасуудыг шилжүүлэн суулгаж, цаашлаад үерийн даланг бэхжүүлэн, бетонон байгууламж хийнэ. Уг ажилд аж ахуйн нэгжүүд ч мөн идэвхтэй оролцож, ойр орчмын цас мөсөө цэвэрлэхийг уриалж байна. Улаанбаатар хотод Баруун дөрвөн зам, Хархорин орчмын хөрсний усыг зайлуулж, Туул голд цутгах нэг насос бий. Ийм насосыг хотын дөрвөн талд хийх шаардлагатай гэж тооцоолон, судалж байна. Мөн Сэлбэ дэд төвд голын урсац тохируулах санг байгуулахаар зураг төслийг хийж эхэлсэн.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү:
-Нийслэлийн харьяа инженерийн байгууламжийн байгууллагууд халиа тошин үүссэн байршлуудад уртасгасан цагаар ажиллан, мөсийг тээвэрлэж байна. Голын мөсийг зөөснөөр шар усны үерээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Мөсийг зөөхөд хамтран ажиллахаар 20 гаруй аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Гэвч өдрийн цагаар түгжрэлтэй холбоотойгоор том машинууд ажиллахад хүндрэл үүсэж байна. Сэлбэ голд хөрсний ус нийлүүлсэн аж ахуйн нэгжид Экологийн цагдаагийн албанаас хуулийн дагуу арга хэмжээ авсан. Гэхдээ зөвхөн аж ахуйн нэгжүүд хөрсний усыг гол цутгаснаас бус, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт нь халиа тошин, хөрсний ус нэмэгдэхэд нөлөөлж байна гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn