Израил ба ХАМАС гал зогсоохоор тохиролцлоо

30

ДОХА, 2025 оны нэгдүгээр сарын 16 /CNN/.
 Израилын тал болон ХАМАС бүлэглэлийнхэн Газын зурваст 15 сарын турш үргэлжилж буй байлдааны ажиллагааг түр зогсоож, барьцааны хүмүүс болон палестин хоригдлуудыг үе шаттайгаар суллах тохиролцоонд хүрчээ. Энэ тухай Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман Аль Тани мэдэгдлээ. 

Түр гал зогсоох хэлэлцээрийг ирэх ням гаргаас хэрэгжүүлж эхэлнэ гэж тэрбээр хэлсэн байна. ХАМАС шинэ хэлэлцээрийн эхний шатанд барьцааны 33 хүнийг суллах төлөвтэй байна. Мөн Палестины олон зуун хоригдлыг Израилын шоронгоос суллахаар болжээ.

Одоо Израилын Онц байдлын танхим хэлэлцээрийг батлах ёстой. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израил, ХАМАС-ын хэлэлцээрийн талаар албан ёсоор зарлахдаа түр гал зогсоосны дараа хэлэлцээний хоёр дахь үе шат руу шилжих бөгөөд энэ үед “дайныг бүрмөсөн дуусгах” боломжтой гэж мэдэгджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, НҮБ палестинчуудад үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгааг онцлоод “энэ мөргөлдөөний улмаас учирсан асар их зовлон зүдгүүрийг арилгах нь нэн тэргүүний зорилт” гэсэн байна.

Барьцаалагдсан хүмүүсийг суллах нь хэлэлцээрийн эхний үе шат байх бөгөөд дайныг зогсоох зорилготой хоёр дахь үе шатны хэлэлцээ нь дээрх тохиролцоо хэрэгжиж эхэлснээс хойших 16 дахь өдөр эхэлнэ.



Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn