Түргэний автомашин том оврын автобустай мөргөлдөж зургаан хүн нас баржээ

Төв аймаг Өндөрширээт сум Талын-Уул гэх газарт "Автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад энэ оны 03 дугаар сарын 11-ний өдөр 19 цагийн орчим бүртгэгджээ.
Хэргийн газрын үзлэгээр Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэр, Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-ийн ойролцоо Баянхонгороос Улаанбаатар руу өвчтөн тээвэрлэж явсан Toyota Hiace маркийн түргэний автомашин Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдсөн байжээ. Тус ослын улмаас ToyotaHiace маркийн автомашинд зорчиж явсан таван хүн, жолоочийн хамт нийт зургаан хүн нас барсан байна. Эдгээр нас барсан иргэдийн дунд хоёр насанд хүрээгүй хүүхэд байжээ.
Тус хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв.