“Соёлын цаг” аян Төв аймагт нээлтээ хийлээ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн соёл урлагийн 30 орчим байгууллагын 210 гаруй уран бүтээлч, ажилтан албан хаагчид Соёл, урлагийн ажилтны өдрөө Монгол туургатан театрт тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ үеэрээ "Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтээ хийлээ.
Монгол Улсын Соёлын яамнаас санаачлан улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Соёлын цаг” нөлөөллийн аяны нээлтийн ажиллагаанд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Аймгийн Засаг даргын орлогч Ч.Сарангэрэл, ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг болон Төв аймгийн 27 сумын соёл, урлагийн байгууллагын ажилтан албан хаагчид оролцсон юм.
Энэ жилийн Соёл, урлагийн ажилтны өдрөөр “Соёлын цаг” аяныг орон нутагтаа эхлүүлж байгаагаараа ихээхэн онцлогтой болж байгаа аж.
Энэ үеэр Архуст сумын Соёлын төв, болон Өндөрширээт сумын Соёлын төвийн хамт олонд хүндэтгэл үзүүлж шагнал гардуулсан бол эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, ард иргэдийг соён гэгээрүүлэх үйлсэд амжилт гаргаж байгаа Соёл, урлагийн салбарын ажилтан албан хаагчдыг аймгийн ИТХ, Засаг даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшууллаа.
Ташрамд, Манай улсад Соёл, урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэж, эдүгээ 27 дахь жилтэйгээ золгож байна.