Монголын үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяртай холбоотой асуудлаар мэдэгдэх нь:

456

МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Т.Амаржаргал нар 2021 оны 06 сарын 02-нд Монголын Үндэсний Олимпийн Хороонд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гэсэн нэрэн дор хэвлэлийн бага хурал хийж, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл, гишүүн холбоод болон Монголын ард түмнийг хуурсан, илт ташаа худал мэдээлэл хийлээ. Тэд “Олон улсын Олимпийн Хороо (IOC)-оос МҮОХ-нд үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар явуулахыг, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ёс зүйн арга хэмжээ ав гэсэн даалгавар бичгийг удаа дараа ирүүлсэн. Энэ тухай Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон гишүүн холбоодод олон дахин хэлсэн. Тэр ч бүү хэл Олон улсын олимпийн хороо Н.Түвшинбаярт арга хэмжээ авахгүй бол Монголын тамирчдыг олимпод цагаан тугийн доор оруулна гэсэн. Бас Н.Түвшинбаяр аль хэдийн МҮОХ-ны тамгыг авч зугтаагаад олдохгүй байна” гэх мэтээр нийт МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл болон гишүүн холбоодын нэрийг барьсан ор үндэсгүй, хуурмаг мэдээллийг зуны олимпийн 32 р наадмын өмнөхөн хийсэнд харамсаж, дараах албан мэдэгдлийг гаргаж байна. 
Нэг: Олон улсын олимпийн хорооноос МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ хандан Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ёс зүйн арга хэмжээ ав гэсэн бичгийг удаа дараа ирүүлсэн гэдэг талаар.
ОУОХ-оос Н.Түвшинбаяртай холбогдсон асуудал дээр “Энэ бол хувь хүний болон танай хууль шүүхийн байгууллага шийдэх хэрэг. Та бүхэн үүсээд байгаа асуудлаа дотоод дүрэм, журмаараа шийдвэрлээд мэдэгдэнэ үү” гэсэн албан бичгийг нэг л удаа ирүүлсэн бөгөөд үүгээрээ Олон улсын олимпийн хороо энэ асуудалд хөндлөнгөөс огт оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн болно. Гэтэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг зүүдээ ярих гээд хулгайгаа ярив гэгчээр Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, ОУОХ-ны гишүүн атлаа ОУОХ-ны нэрийг барьж хуурамч мэдээлэл тараасан нь  хууль бус бөгөөд ОУОХ-ны гишүүний хувьд огт байж болохгүй үйлдэл юм. Эрх мэдлийн төлөө хэт улайрч байгаа энэ бусармаг үйлдэл нь түүнийг ОУОХ-ны гишүүнчлэлээс хасах хүртэл хэмжээнд яригдаж магадгүй байгааг сануулах нь зүйтэй.
Хоёр: Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан. Бас Монгол Улсын тамирчид олимпийн наадамд цагаан тугийн дор жагсаж магадгүй гэсэн талаар:
Н.Түвшинбаяр нь өнгөрсөн тавдугаар сарын 27-нд ажил дээрээ ирж, Ерөнхийлөгчийн албан үүргээ ном журмынх нь дагуу өгнөө. МҮОХ-ны дүрмийн дагуу Ерөнхийлөгч Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 7 хоногийн өмнө зарлах ёстой учир өнөөдөр зарлаад,  гишүүддээ бичгээр хүргүүлж мэдэгдэж, нийт гишүүдийг байлгах боломжийг бүрдүүл гэсэн үүрэг өгсөн юм. Гэтэл маргааш нь МҮОХ-ны дээрх нэр бүхий нөхдүүд  Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг тэр өдөртөө яаран сандран зарлаж, эхлэхээс нь цагийн өмнө Н.Түвшинбаярт гэнэт мэдэгдсэн байна. Ингээд түүнийг болон гүйцэтгэх зөвлөлийн нийт гишүүдийг байлцуулалгүй хуралдсан албан бус Гүйцэтгэх зөвлөл Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүллээ гэсэн тайлбарыг гаргасан. Мөн өрөөнийх нь цоожийг тэр дор нь сольж, лацдан битүүмжилсэн атлаа Н.Түвшинбаяр тамгаа авч зугтсан, одоо олимпийн наадамд манай тамирчид цагаан тугын доор оролцох нь бүр олимпод ч оролцох боломжгүй боллоо гэх зэргээр илт худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулалттайгаар удаа дараа гаргаж байна.
Гурав: МҮОХ-ны Ерөнхийлөгчийг ажлаас чөлөөлөх талаар: 
МҮОХ-ны дүрмийн дагуу Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь МҮОХ-ны бүх гишүүд чөлөөлдөг бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхийлөгчийн ажлыг түдгэлзүүлэх эрхгүй. Энэ тухай МҮОХ-ны дүрмийн 18 дугаар зүйлийн тодорхой заасан байгаа.  
Дөрөв: МҮОХ нь үе үеийн Монголын тамирчдын амжилт бүтээлийн хуудас болохоос он удаан жил энэ байгууллагад шигдсэн нэр бүхий нөхдүүдийн Олон улс, төр засгаас санхүүжүүлдэг олон зуун тэрбумын төсөл, хөтөлбөрүүдийг хараа хяналтгүй ашиглаж, идэж ууж, шамшигдуулах бэлэн саалийн үнээ биш. Тодруулвал, МҮОХ-нд одоо ажиллаж байгаа зарим удирдлага, архагшсан мэргэжилтнүүд МҮОХ-ны нэрийг барьж, идэж уусан олон бусармаг үйлдэл нь Аудитын Ерөнхий Газрын хяналт шалгалтаар ил болж, хууль хяналтын байгууллагуудад ч шалгагдаж эхэлсэн нь, тэртээ тэргүй ёс зүйн хариуцлага хүлээж, 7 хоногийн дараа өгөх гэж байгаа албан тушаалыг Н.Түвшинбаяраас яаран сандран дүрмийн бусаар булаан авах гэж оролдож буй нь өөрсдийгөө хуулийн хариуцлагаас мултлах гэсэн асар том төлөвлөгөөнийх нь эхлэл бөгөөд шударга ариун дүр эсгэсэн хуурамч баг гэдгийг нийт ард иргэддээ албан ёсоор мэдэгдэж байна.
МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд, Гишүүн холбоод 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn