Төмс, хүнсний ногооны үнэ өсжээ
Төв аймгийн Зуунмод хотод өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоо, махны үнийг судаллаа.
Есдүгээр сард төмс 400-450, байцаа 1100, лууван, манжин, сонгино 1500 төгрөгөөр худалдаалж байсан. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн төвд худалдаалж буй төмс, хүнсний ногооны үнийн дүнгийн талаар худалдаа эрхлэгч нараас тодрууллаа. Үүнд гадна талбайд зарж буй төмс 800, байцаа 1300, сонгино, лууван, манжин 1800 төгрөг байгаа бол хүнсний зах, дэлгүүрт төмс 1000, байцаа 1500, сонгино, лууван, манжин 2300 төгрөг байна.
Худалдаа эрхлэгчид шатахууны үнэ хэлбэлзэлтэй байгаа, мөн зооринд нөөцлөх гэж байгаатай холбогдуулан үнэ нэмэгдэж байгаа талаар тайлбарлаж байна. Мөн задгай талбайд худалдаа эрхэлдэг иргэдийн худалдан борлуулж буй адуу болон хонины мах 8000-9500 төгрөгийн хооронд байгаа бол махны худалдаа эрхэлдэг зах, худалдааны төвүүдэд адуу, үхэр, хонь, ямааны мах 9500-13000 төгрөгийн хооронд худалдаалж байна. Намрын улиралд махны үнэ буурдаг боловч энэ жил тогтвортой байлаа. Худалдаа эрхлэгчдийн хувьд энэ жил шатахууны үнэ нэмэгдсэн, малчид өндөр үнэ хэлж махаа зарж байгаатай холбоотой үнэ буурахгүй байна хэмээн ярьсан юм.