ОХУ-ын Төрийн хэвлэл мэдээлэл Украины дайны талаар зарим үнэнийг мэдээлж эхлэв

225
Сүүлийн хэдэн долоо хоногт Кремлийн бодлого өөрчлөгдсөнөөр ОХУ-ын зэвсэгт хүчнийг чиглэсэн олон нийтийн шүүмжлэл эрс нэмэгдээд байгааг ойрын эх сурвалж “Bloomberg”-т мэдээлэв. Украины арми эзлэгдсэн нутгаа чөлөөлсөн талаар мэдээ өдөр бүр гарч буй энэ үед Кремлиэс хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд дайны нөхцөл байдлыг зарим үед нээлттэй, бодитоор мэдээлэх зөвшөөрөл олгож эхэлсэн байна. Украин дахь эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш зөвхөн дайны талбар дахь ялалтын талаар мэдээлж байсан ОХУ-ын төв телевиз сүүлийн үед тус улсын армийн ухралт, ялагдлын мэдээг хөтөлбөртөө багтаах болсон байна. ОХУ-ын Төрийн Думын Батлан хамгаалахын байнгын хорооны дарга Андрей Картаполов “Бид худал хэлэхээ болих хэрэгтэй. Манай ард түмэн тэнэг биш” хэмээн энэ долоо хоногт цахим ярилцлагын шоунд оролцохдоо өгүүлжээ.

Мөн аравдугаар сарын таванд Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч Ольга Скабеева өөрийн хөтөлдөг “60 минут” ярилцлагын шоуныхаа үеэр “Бид өчигдөр Херсон мужид 16 сууриныг алдлаа. Өнөөдөр хэдийг алдах вэ?” хэмээн асууж, армийн удирдлагуудыг шүүмжилжээ. Хэдий тийм боловч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Владими Путиныг өөрийг нь шүүмжлэх, мөн Украиныг эзлэн түрэмгийлэх түүний шийдвэрт эргэлзэх гэх мэт “хэтэрсэн” агуулгатай сэдэв хөндөхийг Кремль хатуу хориглосон хэвээр байна гэж ажиглагчид үзэж байна. Дайны нөхцөл байдлыг бодитоор нь хүлээн авах хандлага зөвхөн төрийн хэвлэл мэдээлэл бус Кремлийн удирдлагын хүрээнд ч ажиглагдаж эхэлжээ. Ерөнхийлөгч Владимир Путин зунаас хойш хоёр удаа ОХУ-ын цэргийн сурвалжлагч нарыг цуглуулж, хаалттай уулзалт зохион байгуулсан байна. Эрс хатуу үндсэрхэг үзэлтэй гэдгээрээ алдартай тэдгээр сурвалжлагчид сүүлд хийсэн уулзалтынхаа үеэр фронт дээрх нөхцөл байдал маш муу байгааг Владимир Путинд уламжилсан болохыг дээрх эх сурвалж мөн мэдээлсэн байна.

Владимир Путины гэнэт зарласан цэргийн дайчилгаа ОХУ-ын иргэдийг цочирдуулж, улмаар дайн эхэлснээс хойш анх удаа Украин дахь эзлэн түрэмгийллийн явцыг чиглэсэн шүүмжлэлүүд гарч эхэлсэн юм. Тус улсын “Телеграм” сошиал сүлжээн дэх дайны талбарын бодит мэдээлэл болон Батлан хамгаалах яамнаас өдөр бүр зарладаг фронт дээрх ялалтын мэдээлэл хоорондын зөрүүнээс болж олон нийтийн дундах итгэл буурах вий гэсэн болгоомжлол Кремльд бий болсон гэж ажиглагчид үзэж байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn