Энх тайвны төлөөх дээд хэмжээний уулзалт зохион байгуулахыг зорьж байна
Украины энхийн төлөвлөгөөний талаар хэлэлцэх дээд хэмжээний уулзалтыг ирэх хоёрдугаар сарын сүүлээр зохион байгуулахыг зорьж байна гэж гэж тус улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдэгдсэнийг “Interfax-Ukraine” агентлаг даваа гарагт уламжилжээ. Д.Кулеба НҮБ-ыг энэхүү дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах хамгийн тохиромжтой платформ хэмээн тодорхойлоод, НҮБ-ын тэргүүн Антонио Гутеррешийг энхийн хэлэлцээний боломжит зуучлагчаар нэрлэсэн байна.
Харин Орос улсыг энхийн хэлэлцээ хийхэд бэлэн биш гэж үзэж байгаагаа Гадаад хэргийн сайд илэрхийлсэн ч “бүх дайн хэлэлцээний ширээний ард хийгээд дайны талбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүнд дуусдаг” гэдгийг онцолжээ. Д.Кулеба Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ-д хийсэн айлчлалын тухайд хэлэхдээ, үр дүнд нь “туйлын сэтгэл хангалуун” байгаагаа илэрхийлсэн байна. В.Зеленский Индонезийн Бали аралд өнгөрсөн 11 дүгээр сард болсон “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос-Украины дайныг зогсоох энхийн төлөвлөгөөг дэвшүүлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг