“Юнивишн” компанийн шинэчлэгдсэн төхөөрөмж хуучнаасаа муу, үнээ нэмсэн ч сэтгэл ханамж “0” байгааг хэрэглэгчид хэлж байна

169

"Юнивишн" компани 2022 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс гурвалсан гэрээний шинэчилсэн үнэ мөрдөж эхэлжээ. Ингэхдээ 45 мянган төгрөгний багц хэрэглэдэг айлын төлбөр шууд 70 мянга болж нэмэгдсэн байна. энэ талаараа зөвхөн өөрсдийн фэйсбүүк пэйж хуудас, веб сайтаар хэрэглэгчдэдээ мэдэгдсэн төдий болгоод өнгөрчээ. Фэйсбүүк пэйж хуудас, өөрсдийн вэб сайтаар гаргасан мэдээлэл албан ёсных юм бол хэрэглэгчид ч гэсэн өөрсдийн фэйсбүүкээрээ авах ёстой үйлчилгээгээ бичиж тавьсан нь адилхан албан ёсных болох ёстой гэж үзэж байна. Зарим хэрэглэгч үнээ нэмж, төхөөрөмжөө сольсон юм бол үйлчилгээгээ сайжруулж, гацахгүй сэтгэл хангалуун үйлчилгээ авах тухайгаа бичсэн байна. "Uni­vision" компани дараахь алдаагаа яаралтай засна уу. Шинэ Iptv 4.0 авсан юм, дараахь асуудал гарч байна.
-Интернэт маш удаан, гацдаг болсон. Би гэртээ WiFi ашиглаж чадахгүй Data-гаасаа орж байна. Тв үзэж байхад систем өөрөө шууд restart хийгдэж систем алдаа зааж байна.
HBO кино title унших боломжгүйгээр шууд 1 секунд хүрэхгүй алга болж байна. Бас олоход их хэцүү болсон. Зурагтаасаа YouTube тоглуулах App тоглуулахад гацаад ажиллахгүй байна. Систем хөгжүүлэлт маш болхи. Танай руу утасдаж тусламж авсан ч оператор гомдлын ажилтан restart хийж сэтгэл хуурсан төдий, гэвч тус алдаанууд арилаагүй. Маш бухимдалтай байна 10 жил үнэнч хэрэглэв. Гомдлын ажилтан, эсвэл инженер чинь ирэхгүй юм уу. Зөндөө гуйлаа, хүлээлээ. Аргаа бараад пост бичив” гэжээ.
Харин дараагийн хэрэглэгч “Univision багц яаж цуцлах юм бэ. Ерөөсөө болохгүй автоматаар сонгоогүй багц сунгагдаад төлөөд яваад байсан байна шүү дээ. Univi­sion Mongolia ямар ч заавар байхгүй хогийн болчихсон юм бэ” гэх мэтээр хэрэглэгчдийн сэтгэл хангалуун бус байгаа мэдэгдэл постууд цахим орчноор нэг хөвөрнө.
“Юнивишн” компанийг үндэслэлгүйгээр үнээ нэмсэн тухай олон мянган хэрэглэгчийн гомдол Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө төвд ирж, шалгалт орсон байдаг. Гэвч ШӨХТГ-аас хийсэн шалгалт хяналтаар гурвалсан хэрэглээний багцын үнийн өөрчлөлт нь холбогдох журмын дагуу хийгдсэн нь тогтоогдсон тул шинэчилсэн үнэ нь хүчин төгөлдөр бөгөөд “Юнивишн” ХХК хууль, дүрэм зөрчөөгүй гэдгийг мэдэгдье гэжээ. Хэрэглэгчдэдээ чирэгдэж учруулсанд уучлалт хүсээд хоёр кино багцын үнийг хөнгөлнө гэсэн байна. Гэвч үнэ нэмсэн талаар ямар ч мэдэгдэл, мэдээлэл, мессэж албан ёсны нэг ч мэдээлэл гаргаагүй тул энэ талаар зарим хэрэглэгч нь огт мэдээгүй явж байх юм. Юнивишн компанийн хэрэглэгч Д.Гэрэлт-Од ярихдаа “Үнэ нэмнэ, гэрээгээ шинэчил гэсэн ямар ч мэдэгдэл ирээгүй. Одоог хүртэл үнэ нэмсэн тухай мэдээ ч үгүй яваа шүү дээ. нэмчихсэн юм уу. Түүнийгээ ядаж бүртгэлтэй гар утас, төхөөрөмж рүү мессэжээр ч болтугай илгээж болдоггүй юмуу. Юнивишн үнээ нэмсэн байна уу, гэрээгээ шинэчил гэсэн байна уу гэдгийг заавал фэйсбүүк, вэб сайт руу нь орж үзэх ёстой юм уу. Хэрэглэгчдэдээ мэдээлэл хүргэхгүй үнээ нэмсэн бол шударга бус явдал. Өнөөдөр үнэ нэмэгдсэн эсэхийг очиж шалгана аа” гэв. Хэрэглэгч С.Нямсүрэн ярихдаа “Шинэ төхөөрөмжийг солиулаад, нэмэгдсэн үнийг нь хүлээн зөвшөөрөөд гэрээгээ шинэчилж баталгаажуулсан. Гэвч шинэ төхөөрөмж маш их гацдаг. Тв үзэж байхад гэнэт restart хийгдэж уншаад байдаг болсон. Түүнийг нь хэрэглэх хэрэглэгчийн утас руу залгахаар утсаа авахгүй. Өмнөх хэрэглэгчтэй холбогдож байна гээд болдоггүй. Wifi маш удаан, орж болохоо больсон. Гэртээ утасныхаа датагаар интернэт орж байна. Санал гомдол хүлээн авах утас нь өдөржин залгаад ч авахгүй. Арай гэж авахаараа тэртэй тэргүй restart хийгээд байгаа юмыг дахин restart хий гэдэг. Тэгээд нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа аятай хамгийн үнэтэй хоёр кино багцыг өөрийн дураар сонгож үнэгүй үзээрэй гэнэ үү. Уучлаарай, шинэ кино нэмэгдээгүй аль анхныхаараа хэдэн жил болчихсон багцаас бид юугаа үзэх юм бэ. Түүнийг мөнгө төлж үзэж байхаар кино театрт шинэ кино гэр бүлээрээ үзсэн нь дээр биз дээ. Ер нь маш их бухимдалтай байна. Энэ “Юнивишн” компанийн шинэ үйлчилгээ ерөөсөө таалагдахгүй сэтгэл дундуур байгаа” гэв.
“Юнивишн” хэрэглэгчдийн группт тэднийг магтаж сайшаасан, талархсан, баярласан ганц ч сэтгэгдэл байсангүй. Шинэ төхөөрөмжөөс болж уурлаж бухимдсан олон мянган хэрэглэгчийн сэтгэгдэл хөвөрнө. “Юнивишн хэрэглэдэг айлуудад ийм зүйл тохиолдож байв уу. Арванхоёрдугаар сарын төлбөр 88.000 гарсан байсан. Юу үзчихэв гээд шалгатал HBO багц гурван кино түрээслээд үзсэн гэсэн. Хамгийн гол нь би өдөржингөө хоёр хүүхэдтэйгээ гэртээ байдаг нөхөр орой ирдэг. Таван сартай гурван настай хоёр хүүхэд л кино түрээсэлдэг код хийгээд кино үзэхгүй нь тодорхой. Тэгээд нөхрөөсөө асуулаа. Үгүй би орой ирчихээд унтдаг биз дээ. Юун зурагт үзэх, хамт байж байгаад л унтдаг шүү дээ гэсэн. Нээрээ л нөхөр кино үзвэл би мэдэхгүй байна гэж байхгүй. Тэгээд за яахав гээд төлбөрөө өгсөн. Гэтэл нэгдүгээр сарын 16-нд өмнө түрээсэлсэн байсан “Spider man”-ий сүүлд гарсан ангийг идэвхжүүлсэн байна гэнэ. Гурав хоногийн өмнө болохоор бүр сайн санаж байна. Идэвхижүүлж түрээслээгүй байхад яагаад ингэж гараад байгаа юм бол оо.
Хаана хандах вэ? Юнивишнтэй холбогдсон чинь олигтой хариу хэлэхгүй байх юм”. “Өөрсдөө автоматаар сунгаад нэмж төлбөр бодоод байдаг юм байна лээ. HBO багц огт сунгаагүй байхад сунгагдсан байсан. Эхний нэг сар үзээд цуцалсан. Бидэнд cancelled гэж харагдаад байгаа хэрнээ сунгагдаад байдаг юм билээ. Хэрүүл хийж байж төлбөрийг нь төлөөгүй. Бүүр хогийн шулаач шүү”, “Юнивишн тэгдэг. Дөрвөн жилийн өмнө гэрт хүнгүй байх цагаар идэвхжүүлсэн сувгийг бараг гадагшаа явсан паспортны тамгаа үзүүлж байж дараа сараас нь хасуулж байсан”, “Аль дивангалавын музейн үзвэр шиг хоцрогдсон кинонуудаа ганц сар үнэгүй үз гэх шиг. Өчнөөн олон зуун мянган хэрэглэгчдийн төлбөрийг илүү авч завшчихаад, нохойн хоолоор аргалчихаж байгаа юм уу”, “Тэгснээ нөгөө багцаа дараа сард автоматаар сунгаад төлбөр дээр мөнгө нь нэмэгдээд явна биз. Хэрэглэгчдээ хөөрхөн аргалаад толгойг нь эргүүлээд эвтэйхэн мөнгө саагаад сурчихсан”, “Юнивишний шинэ систем яаж ч бодсон хуучнаасаа дордсон” гэх мэтээр сэтгэл хангалуун бус байгаагаа хэрэглэгчид илэрхийлжээ.
Үндэслэлгүйгээр үнээ нэмсэн гэдэгт нь ямар нэгэн зөрчил илрээгүй юм бол үнэ нэмсэн шигээ сэтгэл хангалуун үйлчилгээ авмаар байгаагаа хэрэглэгчид хэлж байна.
С.ОТГОНБАЯР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn