Дэлхийн хэвлэлүүд Ким Жон Уны эрэлд
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сарын 12-ноос хойш олны өмнө гарч ирсэнгүй. Өмнөд Солонгосын хэвлэлүүд түүнийг зүрхний мэс засалд орж, биеийн байдал нь хүнд байгаа, зарим нь нас барсан тухай мэдээлж байна. Харин БНСУ зэрэг зарим улсын эрх баригчид энэ цуурхлыг үгүйсгэжээ.
Ким Жон Уны эрүүл мэндийн талаар хэвлэлээр ингэж шуугиж буй нь анхны тохиолдол бус. Өмнөх цуурхал, хардлагууд бүгд үгүйсгэгдсэн байдаг. БНСУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар Хойд Солонгосоос 36 настай удирдагч нь хүндээр өвчилсөн гэснийг гэрчлэх ямар ч шинж тэмдэг, дохио ирээгүй гэж мэдэгдэв. Өмнөд Солонгосын “Daily NK” цахим сонинд мэдээлснээр, энэ сарын 12-нд БНАСАУ-ын дээд удирдлагын үйлчлүүлдэг тусгай эмнэлэгт Пёньян хотын шилдэг мэс засалчдыг дууджээ. Шаардлагатай мэс засал хийсний дараа удирдагчийн биеийн байдал сайжирсан тул ихэнх эмч нарыг энэ сарын 19-нд буцаасан гэнэ. Өдгөө БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга эмч нарын хяналтад байна гэж тус хэвлэлд бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, БНАСАУ-ын удирдагч Пёньянаас зүүн хойд зүгт 100 км-т орших Мёхянсан уулын бэл дэх зуны байшиндаа тэнхэрч байгаа аж. Хожим нь БНСУ-ын Ёнхап агентлаг Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэнд ноцтой асуудалд байна гэх мэдээллийг үгүйсгэсэн юм. Хамгийн сүүлд Хойд Солонгосын удирдагчийн галт тэрэг Вонсан амралт, сувиллын хотод зогссон нь хиймэл дагуулаас авсан гэрэл зурагт гарчээ. Кимийн гэр бүлийн ашигладаг галт тэрэгний буудалд Ким Жон Уны тусгай галт энэ сарын 21-23-нд зогссон байна. Ийнхүү Ким Жон Уны эрүүл мэндийн талаар янз бүрийн мэдээлэл гарч буйтай зэрэгцэн өнгөрсөн ням гарагт БНАСАУ-ын улсын тус улсын удирдагч Ким Жон Ун идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна гэж мэдээлснийг Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг дамжуулав. Тус радиостанцын мэдээлснээр, Ким Жон Ун Самжиён хотыг бүтээн байгуулахад чин сэтгэлээсээ тусалсан ажилтан, ажилчдад талархал илэрхийлжээ. Гэхдээ талархлыг ямар хэлбэрээр илэрхийлснийг тодруулаагүй байна.
Цуурхал хэзээ дэгдэв
Энэ сарын 15-нд Ким Жон Ун өөрийн өвөө Ким Ил Соны төрсөн өдрийн баярын ёслолд оролцоогүй. БНАСАУ-ыг үндэслэгч Ким Ил Соны төрсөн өдөр буюу Нарны баяр тус улсын хамгийн чухал баяруудын нэг. Үүнээс өмнө Ким Жон Ун ганц ч удаа энэ баярыг өнгөрөөж байгаагүй тул ийм чухал арга хэмжээг зүгээр нэг өнгөрөөнө гэдэгт эргэлзэх хүн олон. Ийнхүү тэрбээр олны нүдэнд үзэгдэхээ больсон нь элдэв янзын цуурхал, таамаг дэгдэхэд хүргэсэн ч батлах боломжгүй байна.
Ким Жон Ун хамгийн сүүлд энэ сарын 12-нд албан ёсны мэдээлэлд гарсан. Хэвлэлүүд түүнийг нисэх хүчний анги нэгтгэлд шалгалт хийсэн гэж мэдээлсэн ч хэзээ гэдгийг тодорхой заагаагүй. Тус улсын хэвлэлд нийтлэгдсэн гэрэл зураг дээр Ким Жон Ун урьдын адил тайван, чөлөөтэй гарчээ. Төрийн хэвлэлүүдийн мэдээллээс үзвэл өмнөх өдөр нь Хойд Солонгосын төрийн тэргүүн улс төрийн хуралдааныг даргалсан. Түүнээс хойш тэрбээр олны өмнө гарч ирээгүй. Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ-д цэнэгт хошуу туршсан ч удирдагч нь энэ ажиллагаанд оролцсон эсэх талаар мэдээлэл гарсангүй. Гэтэл ийм төрлийн туршилтад тэрбээр байнга оролцож иржээ.
Өвчний талаарх анхны мэдээллүүд
Ким Жон Уны өвчний тухай мэдээлэл БНАСАУ-ын дүрвэгсдийн эрхлэн гаргадаг мэдээллийн цахим хуудсанд өнгөрсөн мягмар гарагт анх гарсан. “Daily NK” цахим сонины эх сурвалжийн мэдээллээр, Хойд Солонгосын удирдагч зүрх судасны өвчнөөр шаналж байгаа бөгөөд Пектусан ууланд хэд хэдэн удаа гарсны дараа түүний биеийн байдал муудаж эхэлсэн гэнэ.
Нэрийг нь нууцалсан эх сурвалжид үндэслэсэн эл мэдээллийг хожим нь мэдээллийн агентлаг, олон улсын хэвлэлүүд гаргасан. Үүний дараа Өмнөд Солонгосын болон АНУ-ын тагнуулын албад энэхүү мэдээллийг шалгаж байна гэсэн мэдээ гарч, АНУ-ын хэвлэлүүд зүрхний мэс засалд орсон Ким Жон Уны биеийн байдал хүнд байна гэж шуугив. БНСУ болон БНХАУ-ын Засгийн газар Кимийн биеийн байдал хүнд байгаа гэх цуурхлыг үгүйсгэсэн хэдий ч зүрхний мэс засалд орсон гэх мэдээллийг одоогоор хэн ч үгүйсгээгүй байгааг дурдах хэрэгтэй. Харин Японы “Ёмиури” сонин энэ оны нэгдүгээр сард Пёньянд Францын эмч нарын баг ажиллаад буцсан тухай мэдээлэв. Цусны даралт өсөх, зүрхний өвчин, чихрийн шижин өвчнөөр шаналж буй гэх Ким Жон Уны эрүүл мэндийн байдал муудсан гэж тус сонин тайлбарлажээ. Хамгийн сүүлд олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудад Хятадын Коммунист намын Олон улсын харилцаа холбооны газрын төлөөлөгчид энэ сарын 23-нд Хойд Солонгост айлчилж, айлчлалын бүрэлдэхүүнд эмч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд багтсан тухай мэдээлэв.
Кимийг анх удаа алдаж байгаа нь энэ биш
2014 онд Ким Жон Уны бүхэл бүтэн 40 хоног олны өмнө гарч ирээгүй. Энэ нь мэдээж хэрэг элдэв янзын цуурхал, таамаг дэгдээсэн. Зарим хэвлэлүүд тус улсад төрийн эргэлт гарч, Кимийг төрийн эрхээс унагасан гэж хүртэл мэдээлж байжээ. Гэхдээ тэрбээр буцаж ирсэн, гэхдээ таяг барин гарч ирсэн. Төрийн хэвлэлүүд дээд удирдагч нь эрүүл мэндийн асуудалтай байгааг хүлээн зөвшөөрсөн ч хэрх өвчинтэй гэх цуурхалд хариу өгөлгүй орхиж байв.
Ким Жон Унд залгамжлагч бий юу?
Ким Жон Уныг эцэг Ким Чен Ир нь олон жилийн турш төрийн тэргүүний дүрд бэлтгэж, Кимийн угсааны халааг залгамжилсан. Ким Жон Ун ийн нууцлаг байдлаар дахин алга болсны дараа дэлхийн хэвлэлүүд түүний залгамжлагчийг тодруулж эхлэв. Энэ дүрд мэдээж хэрэг Ким Жон Уны дүү Ким Ё Жон нэрийг дэвшүүлж байна. Түүний судсаар Пэкту угсаа буюу ариун Пэктусан уулын нэрээр нэрлэсэн Кимийн угсааны цус гүйж байгаа. Тэрбээр өөрөө ч улс төрд идэвхтэй байр суурийг эзлэх болсон. Өнгөрсөн гуравдугаар сард Ким Ё Жон олны өмнө мэдэгдэл хийхээсээ өмнө ахын хамтаар олон чухал арга хэмжээнд оролцож байсан билээ. “Ёмиури” сонинд бичсэнээр, өнгөрсөн оны сүүлчээс эхлэн Хойд Солонгос онцгой нөхцөл байдалд удирдагч Ким Жон Уныг орлох залгамжлагчийг идэвхтэй бэлтгэж эхэлсэн гэх. 2019 оны сүүлээр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны бүгд хурлаар Ким Жон Ун нас барсан тохиолдолд төрийн эрхийг Ким Ё Жонд шилжүүлэх тухай шийдвэр гаргасан гэж “Ёмиури” сонинд бичжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ шийдвэрийн дараа Ким Ё Жоны нэрийн өмнөөс намын болон цэргийн шугамаар хэд хэдэн чиглэл өгсөн гэнэ.
Ким Ё Жон гэж хэн бэ?
Ким Ё Жон 1987 оны есдүгээр сарын 26-нд Пёньян хотноо төржээ. Тэрбээр ах Ким Жон Уны хамтаар Швейцарт дөрвөн жил сурч, Ким Ил Соны нэрэмжит Цэргийн их сургуулийг төгссөн байна.
2015 оны нэгдүгээр сард Ким Ё Жон БНАСАУ-ын засгийн газрын түшмэлийн хүү Чо Сонгтой гэр бүл болжээ. Тэрбээр Үндэсний батлан хамгаалах комиссын аялал жуулчлалын менежер, Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдож байжээ. Харин түүний нөхөр Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн даргын албан тушаалыг хашдаг аж.
Ким Ё Жон ахынхаа PR асуудлыг хариуцахаас гадна Ким Жон Уны оролцох бүхий л чухал арга хэмжээг зохион байгуулдаг. Хойд Солонгосын дэглэм бол гэр бүлийн бизнес. Тиймээс Ким Жон Ун охин дүүдээ итгэл үзүүлдэг. Тэрбээр дэглэмийн брэндийг боловсронгуй болгож, улсын суртал ухуулгад ихээхэн нөлөөтэй. Түүний гол үүрэг бол ахынхаа итгэлтэй төлөөлөгч байх явдал гэж Сөүлийн Ихва их сургуулийн дэд профессор Лейф Эрик Изли үзэж байна. Цар тахлын дараа Ким Ё Жоны байр суурь улам бүр нэмэгдэнэ. Тэрбээр Хойд Солонгосын дотоод болон гадаад улс төрийн кампанит ажилд голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хэнээс ч илүү энэ дэглэмийг хадгалж үлдэх сонирхолтой. Гэхдээ Ким Ё Жон ахад нь ямар нэг зүйл тохиоход удирдагчийн суудалд төвхнөхгүй л болов уу гэж шинжээчид үзэж байна. Учир нь Хойд Солонгос нь өвөг дээдэс, эцэг эрхт ёсыг дээдэлж, хүндэтгэдэг Күнзийн сургаалыг дагадаг орон. Ким Ё Жон бол Кимийн хамгийн итгэлтэй холбоотон л төдий.
Нөөц хувилбар
БНАСАУ-ын төрийн эрхэнд гарахаар горилж буй хоёр дахь хүн нь тус улсын зэвсэгт хүчний дарга асан Чо Рён Хэ гэж шинжээчид үзэж байна. Тэрбээр тус улсын батлан хамгаалахын сайд асны хүү бөгөөд цэргийн командлалын хүрээнд сайн хэлхээ холбоотой гэж Өмнөд Солонгосын Кунмин их сургуулийн профессор А.Ланьков ярьжээ.
Төрийн эрхийн төлөө өрсөлдөгчдийн гол зорилго бол нэгдэн эвсэл байгуулж, бодит өрсөлдөгчдийг илрүүлэх, устгах явдал юм гэж тэрбээр үзэж байна. Улс төрийн тэмцэл их ширүүн өрнөх магадлалтай бөгөөд БНХАУ, БНСУ, АНУ зэрэг улсын хөндлөнгийн хүчний оролцоо ч шаардагдаж магадгүй бөгөөд энэ нь бүхэлдээ тус бүс нутаг дахь аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй гэж шинжээч үзэж байна.
БНАСАУ-д эрх мэдлийг шилжүүлэх хувилбар байхгүй бөгөөд Ким Жон Ун нас барсан тохиолдолд тус улсыг хэн удирдах нь тодорхойгүй. Өнөөгийн нөхцөл байдалд төрийн эрх мэдлийг шилжүүлэх хувилбарыг боловсруулах асуудлыг хариуцах хүн байхгүй гэж судлаачид үзэж байна. Залуу удирдагч төрийн эрхэнд байгаа цагт ийм хувилбарыг боловсруулах нь төрийн эргэлттэй агаар нэг. Удирдагчийн амь насанд халдахыг завдаж байна гэж үзнэ. Тиймээс Ким Жон Уны зөвшөөрөлгүй ийм төлөвлөгөөг хэн ч боловсруулж зүрхлэхгүй. Зөвшөөрсөн ч нухацтай бодон байж хийх алхам.