ЦХХХ-ны сайд Н.Учрал тендер, томилгоогоороо ардын намын ах нараа гүйцэх нь

165


Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Н.Учрал удирдахаар очлоо. Тус яамыг тэр удирдах нь угаасаа тодорхой байсан. Түүнд зориулж, “захиалгаар” байгуулсан гэх хошигнол ч гарч байлаа. Гэвч “дөрөв” гэх давхар дээлийн хязгаарлалтаас болж, долоон сар гаруй хүлээсний эцэст хүссэндээ сая хүрсэн нь энэ.

     Н.Учралын улс төрийн зам тун дардан байж ирсэн. Тухайлбал, толгой баяны том хүү, “Тимон” нэртэй дуучин, аавынхаа сургуулийн захирал, Ардын намын хэлтсийн дарга төдий байснаа У.Хүрэлсүхийн зөвлөх болж, улмаар улс төрд хөл тавьсан. Хэсэг хугацаанд “хунтайж” нарын цугладаг НАМЗХ-г удирдалцаж байгаад УИХ-ын хамгийн залуу гишүүн болсон. Хэдий хамгийн залуу нь боловч ах нарынхаа адилаар ЖДҮ-д нэр холбогдож, намтартаа нэг “хар тамга” даруулсан. Харин одоо “Давхар дээлтэй сайд” гэх нэг өгүүлбэрээр намтраа баяжуулж байна.
      Хамгийн ноцтой нь, Н.Учрал Ардын намдаа хамгийн залуу нь боловч тендер, томилгоо зэргээрээ намын ах нараасаа хоцроогүй, харин ч гүйцэж түрүүлж явна. У.Хүрэлсүхээс суралцсан эрдэм үү, уг хүнийх нь араншин уу ямартай ч түүний хамаарал бүхий этгээдүүд төрд томилогдож, түүгээр зогсохгүй төсвийн мөнгөнд ч гар “дүрэлцээд” амжсан байна.
-Н.УЧРАЛЫН ХАДМУУД БОЛОН ЗӨВЛӨХ, ТУСЛАХУУД НЬ ТӨРД ТУШААЛ ДЭВШЖЭЭ-
 
       УИХ-ын гишүүн Н.Учралын хадам ээж Б.Отгонжаргал нь Нийслэлийн нийгмийн халамжийн газрын орлогч даргаар томилогдсон. Ингээд болоогүй, хадам ээж Б.Отгонжаргалынх нь төрсөн дүү Б.Отгонцэцэг нь Чингис хаан Олон улсын нисэх буудал дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны даргаар томилогдсон байна.
         Н.Учралын зөвлөхөөр ажиллаж байсан М.Говьсайхан гэхэд 2016-2020 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 2020 оноос НИТХ-ын төлөөлөгч болж, тушаал ахиж яваа. М.Говьсайханы хувьд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа “Хүрэл ордон” ХХК-аараа улсын төсвөөс санхүүжүүлсэн Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн хэд хэдэн тендерийг авч “хөлжсөн”. Гэвч хууль хяналтын байгууллагуудын хараанаас мултарч дөнгөсөн нэгэн.
        НИТХ-ын төлөөлөгч, цаашлаад Нийслэлийн Засаг даргын орлогч болтлоо дэвшсэн ч ард түмэнд “Ам нь болдоггүй, амьдрал мэдэхгүй” хэмээн шүүмжлүүлж, аргагүйн эрхэнд шат ухарсан Д.Ихбаяр нь Н.Учралын гэр бүлийн “Их Засаг” их сургуулийн Гадаад харилцааны мэргэжилтэн, “Их Засаг” лицей сургуулийн захирал хийж явсан намтартай. Ингээд зогсохгүй Н.Учралын “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Монголын рояаль академи” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Өөрөөр хэлбэл, Н.Учралтай тун ойр намтартай нь улс төрд орох хаалга болсон гэгддэг.
         “Эрдэнэс алт ресурс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ачитсайхан УИХ-ын гишүүн Н.Учралтай тун ойроор холбогддог. Тодруулбал, Н.Учралын аав, ээж Хэнтийгээс ажил, амьдралын гараагаа эхэлсэн бөгөөд Н.Учрал ч Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн Бодлогын зөвлөлийн гишүүнээр ажиллаж явсан. Тэгвэл Б.Ачитсайхан мөн Хэнтийнх. Түүгээр зогсохгүй, хамгийн ноцтой нь Б.Ачитсайханы аав Б.Болдбаатар нь Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн тэргүүлэгч бөгөөд Н.Учралын үүсгэн байгуулсан, өдгөө түүний ээж Ж.Цэцэгмаагийн удирдаж буй “Рояаль” Олон Улсын Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн даргаар ажилладаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН “НАЯН ЗУРГАА ДӨРВӨН ЗУУ” ТББ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АХМАДУУДАД АСАРГАА ҮЗҮҮЛЖ, ТӨЛБӨРИЙГ НЬ ТӨРӨӨС АВДАГ
          УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцааны холбооны сайд Н.Учрал “Наян зургаа дөрвөн зуу” гэх төрийн бус байгууллагатай. Тус төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлд нь НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, “Хүннү” нэртэй таван компанийг удирддаг П.Чинбат нар багтдаг. Тэгвэл “Наян зургаа дөрвөн зуу” ТББ нь 2019 оноос Сонгинохайрхан дүүргийн ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өдрийн үйлчилгээ буюу сэргээн засах бариа засал, хөдөлгөөн заслын үйлчилгээ үзүүлж ирсэн байгууллага ажээ. Тайлангаас нь үзвэл, тус Төрийн бус байгууллага өнгөрсөн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 590 ахмад настанд үйлчилгээ үзүүлжээ. Сонирхуулахад, тус Төрийн бус байгууллага нь Н.Учралын гэр бүлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Тэмүүжин андууд” цэцэрлэгийн нэг давхарт байрладаг аж.
         Хамгийн гол нь, “Наян зургаа дөрвөн зуу” ТББ нь ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ төлбөрийг нь төрөөс авдаг нь хоржоонтой. Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зарласан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сэргээн засах бариа засал хийх тендерүүдэд нь шалгарах, гэрээ байгуулах замаар хамтран ажилладаг аж. Жишээ нь, 2018 есдүгээр сард 125 сая төгрөгийн тендер, 2020 оны долдугаар сард 112 сая төгрөгийн тендер, 2021 оны зургадугаар сард 19.8 сая төгрөгийн хоёр тендерт тус тус оролцож, шалгарчээ.
         Гэхдээ “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-ынхан ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд төрөөс өгч байгаа төлбөр нь бага байна гэж үздэг ажээ. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сард Б.Жаргалмаа тэргүүтэй УИХ-ын гишүүд “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-ын ахмадуудад үйлчилдэг төвтэй танилцсан. Ингээд буцахдаа тухайн УИХ-ын гишүүд “Нийгмийн халамжийн тухай хуулиар өдрийн үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал нь 9000 төгрөг байдаг. Энэ мөнгө нь бага байгаа тул нэмэгдүүлэх шаардлагатай юм байна” гэх агуулгатай ярилцлага өгцгөөжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Учрал тойргийнхоо ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Наян зургаа дөрвөн зуу” ТББ-аараа үйлчилгээ үзүүлэх замаар төрөөс мөнгө авдаг, тэгээд болоогүй тэр мөнгөө нэмүүлэхийн тулд ажиллаж байгаа гэж харагдаж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛЫН ГЭР БҮЛ 34 КОМПАНИ, ТББ-ЫГ ӨӨРСДӨӨ, ТАВАН КОМПАНИЙГ БУСДААР ДАМЖУУЛЖ ЭЗЭМШДЭГ
           УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал өөрөө “Рояаль академи” ХХК, “Төв азийн залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Медиа порт телевизүүдийн консерциум” ТББ, “Монголын рояаль академи” ТББ, “Монголын франчайзинг хөгжлийн ассациаци” ТББ, “Монголын залуу багш нарын йэс монголиа холбоо” ТББ, “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Эвергрийн лайф” ХХК, НАМЗХ зэргийг тус тус эзэмшдэг.
              Аав Н.Ням-осор нь “Төв Азийн их, дээд сургуулиудын холбоо” ТББ, “Хувийн их, дээд сургуулиудын холбоо” ТББ, “Хүннү групп” ХХК, “Их засаг хөгжил сан” ТББ, “Их засаг мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв” ХХК, “Монголын малчдын малчны алдар холбоо” ТББ, “Монголын ураг удмын хийморь” ХХК, “Хүннү” ХХК, “Батширээтийн хөгжлийн сан”, “Жэсан Чингис хаан” ХХК, “Их засаг олон улсын их сургууль” ХХК, “Грийн ланд групп” ХХК, “Уран ачлал” ХХК-ийг эзэмшдэг.
               Ээж Ж.Цэцэгмаа нь “Рояал бизнес” ахлах сургууль, “Тэрэлж боардинг” сургууль, “Тэмүүжин анд” цэцэрлэг, “Их Засаг Тэмүүжин” сургууль, “Хүннү хөдөө арал” ХХК, “Нью хүннү финанс” ХХК, “Эн Би Жи Кинг монголиа” ХХК, “Жи Эм гоулд” ХХК, “Монголын малчдын малчны алдар холбоо” ТББ, “Монголын ураг удмын холбоо” ТББ, “Их засаг хөгжил” сан, “Жамсрангийн Цэвээн судлалын олон улсын хүрээлэн”, “Рояал-Академи” ХХК, “Массив трейд” ХХК-уудыг эзэмшдэг.
               Эхнэр Ч.Сэлэнгэ нь “Гоц жаалуудын ертөнц” цэцэрлэг, “Массив трейд” ХХК-ийг эзэмшдэг. Хүргэн А.Чингүүн нь “Стар китчен” ХХК-ийг эзэмшдэг.
   Түүнчлэн, УИХ-ын гишүүн Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн “Нью хүннү финанс” ХХК болон Н.Учралын өөрийнх нь “Төв Азийн залуу эрдэмтдийн холбоо” ТББ, “Медиа порт телевизүүдийн консерциум” ТББ, “Монголын залуу багш нарын йэс монголиа холбоо” ТББ нь “Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, XII хороолол, 101-201 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл яг энэ хаяг дээр “Хүннү Индастри” ХХК, “Хүннү бьюлдинг” ХХК, “Нью хүннү констракшн” ХХК, “Хүннү цамхаг” ХХК, “Гэрээний онцгой эрх сэтгүүл” ХМБ тус тус бүртгэлтэй байдаг ажээ. Дээрх компаниудыг Пүрэвсүрэнгийн Чинбат эзэмшдэг аж. Гэтэл П.Чинбат нь УИХ-ын гишүүн Н.Учралтай хамт “Наян зургаа дөрвөн зуу” ТББ, “Монголын рояаль академи” ТББ-ыг эзэмшдэг төдийгүй Удирдах зөвлөлийн даргаар нь ажилладаг ажээ.
      Энэ мэтээр УИХ-ын гишүүн Н.Учралын хөрөнгө, холбоо хамаарал болон төсөвт гар дүрсэн, томилгоо хийсэн хэргүүдийг нь шүүвэл, хамгийн отгон нь атлаа “хар түүх”-ээрээ ах нараасаа аль эрт түрүүлчихсэн байна. Бас, түүний Ардын намын ах нараасаа аль ч зүйлд хоцорч үлддэггүй, харин ч түрүүнд нь явдгийг бас нэг жишээ нь дээр дурдсан толгой эргэм олон компанийнхаа нэгээр ЖДҮ авсан хэрэг нь ч дуулиан болж байлаа. Уг нь улс төрийн замналаа урт байлгая гэвэл төсөв “тонох”, тендер түүх, томилгоо хийх “хүсэл”-ээ дарж байхыг ах нар нь зөвлөмөөр л юм.

https://ergelt.mn/news/1/single/28035
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn