Л.Оюун-Эрдэнэ: Одоо хангалттай, хохирлыг төлүүл, ялтай болго

0
Улаанбаатар хот үерт хоёр ч удаа өртлөө. Сүүлийнхэд нь дөрвөн хүн амь эрсдэж, нөхөж барахгүй гарз тохиов. Эд хөрөнгө нь сүйдсэн иргэд, аж ахуйн нэгжийн хохирол ч замбараагаа алдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкт айлчилж ирээд Засгийн газрын ээлжит хуралдаан дээр энэ талаар ярьж, хэд хэдэн чиглэл өгчээ. Ингэхдээ нөгөө л "Шалга, шийтгэ" гэдэг хандлагаараа "хашгичсан" байна.
 
Тэрбээр "Одоо хангалттай. Газрыг нэгдсэн журмаар олгодог тогтолцоонд шилжинэ. Ерөнхий төлөвлөлтөд ороогүй газрыг олгосон, барилга барьсан зэрэгт ял шийтгэлтэй болгох өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулна. Хот байгуулалтын урт хугацааны төлөвлөлтийг цогцоор нь хийх асуудлыг гадаад, дотоодын зөвлөх байгууллагуудтай хамтарч хийнэ. Үерийн үеийн хохирлыг буруутай хуулийн этгээдүүдээр төлүүлнэ" гэжээ.
 
Энэ хуралдааны талаар "Үерийн гамшигт өртсөн өрх, иргэнийг нийгмийн халамжийн үйлчилгээ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамруулах, холбогдох хуульд заасны дагуу санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа. Мөн гамшигт нэрвэгдсэн аж ахуйн нэгж, байгууллагуудыг ЖДҮДС-гийн бага хүүтэй хөнгөлөлттэй зээлд хамруулах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх замаар үйл ажиллагааг нь дэмжих талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгов.
 
Үүнээс гадна болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тэр дундаа үерийн эрсдэлтэй бүсэд газар олгосон бол эрүүгийн хариуцлага хүлээлгэх, цаашид газар олгохыг дүүргийн Газрын алба дангаараа шийдэх биш Геодози зураг зүйн газраас зөвшөөрөл авдаг болох эсэхийг судалж, наймдугаар сарын 11-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд холбогдох сайд нарт даалгалаа" гэсэн албан ёсны мэдээллийг Хэвлэлийн албанаас нь өгөөд байна.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь 2023 оны долдугаар сарын 6-нд "Үер усны далан, суваг, шуудуу хааж газар олгосон, барилга барьсан, холбогдох зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг АТГ болон холбогдох хууль, хяналтын байгууллагад яаралтай өгч шалгуул" гэж байсан. Мөн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг аймаг, нийслэл, дүүрэг, орон нутгийн удирдлагууд өгдөггүй байх хууль санаачлах, БХБЯ-ны Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрыг түр хугацаанд Ерөнхий сайдын дэргэд ажиллуулах, гэр хорооллын үерийн аманд байрладаг айл, өрхүүдэд онцгой анхаарах, халдварт өвчин тархахаас сэргийлж ариутгал, халдваргүйтгэлийг шуурхай хийхэд анхаарахыг үүрэг болгож байв.
 
Мөн 2023 оны долдугаар сарын 19-ний Засгийн газрын хуралдаан дээр “Үер усны далан, суваг, шуудуу хааж барилга барьсан S Outlet дэлгүүр болон “Aqua garden” хороолол зэргийг нураах ёстой. Тус барилгыг барих газрын болон барилгын зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудыг нийтэд ил болго” гэх байр суурийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлсэн талаар хэвлэлүүд мэдээлсэн. Эндээс үзвэл, үерийн далан хааж, үерийн бүсэд газар олгосон, барилга барих зөвшөөрөл олгосон албан тушаалтнууд Эрүүгийн хуулиар шийтгүүлэхээр болж байна. Бас үерийн хохирлыг нөгөөх барилгуудын эзэд төлөх бололтой.
 
П.Хуяг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn