Б.Энхбаяр: Сонсгол хийх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдаж байна гэж цэц үзсэн
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр зарим асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт эх хувилбараараа цаасан хэлбэрээрээ УИХ-д ирээгүй байсан учир тааж байр суурь илэрхийлэхэд төвөгтэй байсан. Өнөөдөр цаасан хэлбэрээрээ Цэцийн дүгнэлтийг харж үзэхэд агуулга нь 2-3 чиглэлд байна. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг, зөвшилцдөг албан тушаалтны хувьд УИХ сонсгол хийж байгаа нь Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт халдаж байна гэдэг агуулга байна. Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлдэг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлж, УИХ-тай зөвшилцдөг Монгол Улсын Ерөнхий прокурор болон түүний орлогч, Монгол Улсын шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д танилцуулдаг Улсын Дээд шүүхийн шүүгч гэсэн ийм гурван албан тушаал дээр онцолжээ. УИХ-ын өөрийнх нь нэр дэвшүүлж томилдог албан тушаалтнууд дээр сонсгол хийх нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн байна. Тухайлбал, шүүхийн сахилгын хороо, шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд. Энэ гурван албан тушаалтны хувьд агуулга нь Үндсэн хуулийн Цэцийн гишүүнд дахин нэр дэвшүүлэх үед томилгооны сонсгол хийх нь тухайн Үндсэн хуулийн Цэцийн гишүүний урьд нь шийдвэрлэсэн хэрэг маргаантай холбоотойгоор парламентын зүгээс нөлөөлөл үзүүлэх боломжтой байна гэдэг үндэслэл гаргасан байна. Энэ нюанс нь үндэслэлтэй байна гэж би үзэж байна" гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn