Эхэлсэн ажлуудаа дуусгахад МАН-д ард түмний дэмжлэг хэрэгтэй байгаа тул хүчээ нэгтгэхийг уриаллаа

530


Ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэн, улс оронд тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх, шударга ёсны тэмцлээ үргэлжлүүлэх зорилгоор "Хүчээ нэгтгэе” уриатай энэ удаагийн сонгуульд оролцож байгаа МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт Тусгаар тогтнолын ордонд  боллоо. МАН-ын дарга У.Хүрэлсүх, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар  дэвшигчдэдээ үнэмлэхийг нь гардуулж өгч, хамтдаа хүчээ нэгтгэн ялалтын тугаа мандуулахын ерөөл өргөв.
МАН-ын дарга,Ерөнхий сайд  У.Хүрэлсүх УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааг  нээж хэлсэн үгэндээ,  гурван жилийн өмнө Ерөнхий сайдаар томилогдохдоо зорьсноо хэрэгжүүлж, хэлснээ хийдэг, улсынхаа унасан эдийн засгийг хөл дээр нь  босгож, улс үндэстнээ хөгжил дэвшилд хөтөлсөн Ерөнхий сайд байхаа амлаж байсан. Амлалтдаа хүрч, сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байсан эдийн засгаа сэргээж, 7.3 хувьд хүргэж өсгөсөн, "Чингис”, "Самурай”, "Дим сам”  зэрэг гадаад, дотоодын өр зээл, 8.5 их наяд төгрөгийн өр ширийг төлж барагдуулсан.  Мөн Монгол Улс анх удаа уул уурхайн орлогоосоо ирээдүй, хойч үедээ өвлүүлэх 1.2 их наяд төгрөгийг "Ирээдүйн өв сан”-д хуримтууллаа.   2019 онд 3.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн нь Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр үзүүлэлт боллоо гэв.  
Манай гадаад худалдааны эргэлт, түүн дотроо экспортын хэмжээ 2018, 2019 онд дээд хэмжээнд хүрсэн амжилт олж,  гадаад  валютын нөөц дөрөв дахин нэмэгдэж, 4.2 ам.долларт хүрсэн нь нийт бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн хамтын амжилт гэдгийг онцлов. Засгийн газар өнгөрсөн хугацаанд газрын тосны үйлдвэр, гангийн үйлдвэр, шинэ нисэх онгоцны буудал, дулааны цахилгаан станц, дулааны цахилгаан дамжуулах шугам сүлжээ, усан цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний болон саарал усны үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, номын сан, музей, театр, орон сууцны хороолол, гэр хорооллын дэд бүтэц, инженерийн байгууламж, автозам, хурдны  болон төмөр зам зэрэг их бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, амжилттай хэрэгжүүлж байгааг онцоллоо.
МАН-ын Засгийн газар анх байгуулагдахдаа шийдэх ёстой олон арван тулгамдсан асуудалтай нүүр тулж байсан ч  өнөөдөр  өнөөдөр нийгэмд итгэл найдвар бий болжээ.
Утаанбаатар гэж цоллогдож байсан нийслэл хотоо Улаанбаатар хот болгон эргүүлэн авчрах их үйлсийн төлөө зориг гарган зүтгэсэн бидний зүтгэлийг дэмжиж, сэтгэл зүрхээрээ хамтдаа байсан ард түмэн, нийслэлчүүддээ Ерөнхий сайд  талархал илэрхийллээ.   Улаанбаатарын утаа сарниж байгаатай адил улс төрийн манан ч сарниж эхэлж байгааг мөн тэмдэглэсэн. Нам  дамжсан  олигархуудтай тэмцэж байгаа нь  ард түмний захиалга,  улсын аюулгүй байдал,  шударга ёсны төлөөх тэмцэл гэв.  Энэ тэмцлийг ард иргэд  уухайлан дэмжиж, тэсгим хүйтэн өвлийн 30 хэмийн хүйтэнд 30 мянгуулаа их жанжныхаа талбайд цугларсан нь  ганцхан   шударга ёсны төлөө байсан юм. Баялагтаа, эх орондоо эзэн нь байхыг,  ирээдүй үр хүүхэддээ сайхан Монгол орныг үлдээхийг хүссэн  ард түмний хүсэлтийг    биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг байх ёстой. Улс төр бизнесийн  бүлэглэлд хууль бусаар алдагдсан Монголын ард түмний өмч болох "Эрдэнэт”, Тавантолгой, Багануур, Бор-Өндөр, Салхит, Ноён уул зэрэг байгалийн баялгаа бид төрдөө, улсдаа эргүүлэн авлаа. Цаашид ч бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх болно гэв. Мөн энэ удаагийн сонгууль  коронавирусын амаргүй нөхцөлд болж байгаа онцолж, сонор сэрэмжээ огт алдаж болохгүйг уриаллаа. Коронавирусыг   дотооддоо алдалгүй барьж байгаа тангараг  өргөсөн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлж,  цаашид ч мэргэжлийн өндөр түвшинд ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

МАН-ын дарга,Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шударга ёсны төлөөх тэмцлээ үргэлжлүүлж, хөгжил дэвшилд олсон ололт амжилтаа ахиулахын төлөө хүчээ нэгтгэе гэж уриаллаа. Эхэлсэн ажлаа дуусгахад цаг хугацаа, ард түмний дэмжлэг хэрэгтэй байгааг ч онцолсон. Ийм учраас МАН сонгуулийн уриагаа "Хүчээ нэгтгэе” гэжээ.
МАН-ын сонгуулийн сурталчилгааны үеэр УИХ-ын сонгуулийн  23 дугаар тойрогт нэр дэвшигч, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн,  "Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан  Д.Мөнхөө, зоотехникч Б.Дорждэрэм, Харвардын их сургуулийн төгсөгч О.Батнайрамдал  нар  үг хэлж, ялалт амжилт хүссэн юм.
Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Чинбүрэн  " Дэлхийг нөмөрсөн цар тахлын өмнө баян, том улс гүрнүүд гал алдаж байна. Дэлгэсэн тэрлэг, дэвсэн бүргэд шиг эх орон минь цар тахлын хоёр их голомтын дунд дэлхийн бөмбөрцөг дээр тодхон харагдаж байна. Дотооддоо халдварыг алдалгүй хамгаалж, ард  иргэдээ хилийн чанадаас  татан авч буй Монгол Улсын Засгийн газрын ажил үйлсэд эмч, иргэн хүнийхээ хувьд баярлалаа гэж хэлье. Цар тахлын аюулын галын шугаман дээр тэмцэж яваа цагаан нөмрөгт баатрууд, эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид, төрийн албан хаагчдадаа болон төр засгаа дээдэлдэг ард иргэддээ баярлалаа.  Би багтайгаа нэг өдөрт хоёр мэс засал хийж амждаг. Үхэл, амьдралын заагаас  хоёр монгол хүнээ аварч үлдээдэг. Хүмүүсийн талархлын нулимстай харцыг мэдрэх хамгаас сайхан. Энэ бол мэс заслын эмчид байдаг сайхан мэдрэмж.
Харин хоёр  хүнийг элэг бүтэн үлдээж амждаг нэг өдөрт 12 монгол хүн хорт хавдраар амиа алдчихсан байна. Хоёр хүнийг элэг бүтэн үлдээж чаддаг ганцхан өдөрт 16 хүн хорт хавдрын хожуу үеийн онош сонсчихсон байна. Нэг жилд 6000 гаруй монгол хүнд хорт хавдраар  өвдөж, 4800 гаруй монгол хүн амиа алддаг. Монгол Улс нэг бүтэн сумын дайтай хүн амаа ганцхан жилд алдаж байна. Энэ тоо бүрийн цаана эрдэнэт хүний амь бий.  Би заримдаа Францын мэс заслын академийн гишүүн, доктор, гавьяат эмч гэж дуудуулахаасаа санаа зовж, элэг минь эмтэрдэг. Хэрвээ би гайгүй эмч юм бол яагаад элэг нэгт ахан дүүс минь мянга мянгаараа хагацал амсах ёстой юм  бэ.  Үр дагавартай нь тэмцэхээс гадна уг  үндэс, шалтгаантай нь үндэсний  хэмжээнд, төрийн бодлогоор аймаг, дүүрэг бүрт урьдчилан сэргийлэж, цагт нь оношилдог бүхэл бүтэн тогтолцоог босгож байж монгол хүний зовлонг нимгэлж чадна. Арван хүний долоо нь хожимдож оройтсон гэх онош сонсож байна. Ирэх дөрвөн жилд арван хүний долоо нь хожимддог биш цагтаа оношлуулдаг болох даалгаврыг заавал биелүүлэх  үүрэгтэй.  Эрүүл мэндийн салбарын  хөрөнгө оруулалт сүүлийн дөрвөн жилд эрс нэмэгдэж, шинэ эмнэлгүүд үүдээ нээсээр байгаа ч элэг бүтэн Монголын төлөө хийх ажил их байна. Ерөнхий сайдын багт, МАН-д эрүүл мэндийн салбараа улам сайжруулах иж бүрэн жор, төлөвлөгөө бидэнд байгаа.
 Бид 76-уулаа 200 мянган гишүүн дэмжигчийн сэтгэлийг өвөрлөж, 3.3  сая иргэний итгэлийг авч, төр улсынхөө төлөө зүтгэх их үйлсийн гараан дээр зогсож байна. Биднийг, Ерөнхий сайдын багийг ард түмэн дэмжинэ гэдэгт итгэл дүүрэн байна. Эрүүл монгол хүний төлөө, элэг бүтэн Монгол Улсын төлөө зүтгэе” гэв.
Харин  "Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө гуай  жендэрийн мэдрэмжтэй төрийн бодлого, хөгжлийн хандлагыг хэрэгжүүлж эхэлсэнд талархаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, эмэгтэйчүүд тэтгэвэрт гарахдаа төрүүлсэн хүүхэд бүрийнхээ тоогоор  1.5 жилийг нэмж тооцуулдаг болсонд нэн талархаж байгаагаа хэлсэн. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний  бодлогоор сүүлийн 30 жилд байгаагүй олон эмэгтэй МАН-аас   УИХ-д сонгогдон ажилласан.Энэ удаагийн сонгуульд  МАН ахмад, залуу үеийн алтан хэлхээг бөхлөх,   мэдлэг туршлага, ноён нуруу ёс зүйтэй олонд танил болсон гишүүдээ УИХ-д нэр дэвшүүлсний дотор 16 эмэгтэй нэр дэвшээд байна.Тиймээс эмэгтэйчүүдээ дэмжихийг уриаллаа.
 Харин Сонгинохайрхан  дүүргийн 21 дүгээр хороонд фермэрийн аж ахуйн эрхэлдэг Б.Дорждэрэм тулгамдсан асуудлуудаа шийдэхэд анхаарч өгөхийг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсч үгээ хэллээ.  Сонгинохайрхан  дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгоныхон фермэрийн аж ахуй эрхэлж, нийслэлчүүдийг цэвэр сүүгээр хангадаг. Хуучнаар Партизаны сангийн аж ахуй, 800 үнээний ферм гэж байхад Б.Дорждэрэмийн аав, ээж маань малын их эмч, зоотехникчээр ажилладаг байжээ.   Ферм хувьчлагдсанаас хойш иргэд, малчид дор бүрнээ хувийн өмчтэй болсон  ч нэгдсэн бодлого алдагдсанаас малын үүлдэр, угсаа доройтойж, нэг малаас авах мах, сүүний гарц муудаж, өвс тэжээлийн хүрэлцээ, хангамж муудсан. Фермэрүүд  тасралтгүй хөдөлмөрлөж байгаа ч орлого нь зарлагаасаа давж чадахгүй байна.Тйимээс  энэ мэт олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж үгээ хэлж буйгаа онцлов.
Харвардын их сургуулийн төгсөгч, UNLOCK подкастын хамтран бүтээгч О.Батнайрамдал, 2016-2020 оны парламент Монгол Улсын хөгжлийг дараагийн шатанд авчирч, шинэчлэл хийж чадсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт,  "Алсын хараа 2050” хөгжлийн баримт бичгийг баталснаас харагдах бөгөөд 2020 оны сонгууль бол  зөвхөн дөрөв  биш ирээдүйн 30 жилийн түүхийг тодорхойлох түүхэн үйл явдал гэв. Ерөнхий сайд болон түүний Засгийн газар их ажлыг эхлүүлж, дэлхий даяар тархсан коронавирусийн халдварыг дотооддоо тархаалгүй хяналтдаа авч, хүнс, нефть, эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах зэрэг олон шинэчлэлийн суурийг тавьсан. Энэхүү ажлуудыг дуусгах, цааш улам бэхжүүлэх боломжийг өгөхийн тулд У.Хүрэлсүхийн багийг сонгохыг залуустаа уриаллаа.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn