Дэлхийн хотууд ДЭМБ-ын агаарын чанарын стандартыг хангахгүй байна

43


Дэлхийн 134 улс орон, бүс нутаг, нутаг дэвсгэрийн 7812 хотын 70 гаруй хувийнх нь агаар дахь PM2.5 нарийн ширхэгт тоосонцрын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) стандартыг хангахгүй байгааг агаарын чанарыг хэмжих технологийн чиглэлээр мэргэшсэн Швейцарын IQAir компанийн хамгийн сүүлд явуулсан судалгаа харуулжээ. 

Судалгаагаар өнгөрсөн онд дэлхийн ердөө 10 улс, харин хотуудын дөнгөж 9 хувь нь л нарийн ширхэгт PM2.5 тоосонцрын агууламжаар ДЭМБ-аас зөвшөөрсөн стандартыг хангасан байна. Хамгийн их агаарын бохирдолтой таван орны тоонд Бангладеш, Пакистан, Энэтхэг, Тажикистан, Буркина-Фасо улс орсон бол Францын Полинез, Маврики, Исландад хамгийн бага агаарын бохирдол бүртгэгдсэн байна.

Хамгийн их бохирдолтой нийслэлүүдийн жагсаалтыг Шинэ Дели (Энэтхэг), Дакка (Бангладеш), Уагадугу (Буркина Фасо), Душанбе (Тажикистан), Багдад (Ирак) хотууд тэргүүлсэн бол Веллингтон (Шинэ Зеланд), Рейкьявик (Исланд), Хамилтон (Бермуд) хотуудын агаар дахь PM2.5-ийн агууламж хамгийн бага байжээ. 


Бангладешийн тоосгоны үйлдвэрүүдээс авхуулаад Латин Америкийн уул уурхайн салбар агаарын бохирдлын эх үүсвэр болж байгаа хэдий ч гол эх үүсвэр нь нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг олборлодог түлш болсон хэвээр байна. PM2.5 бол амьсгалын замаар хүний биед нэвтэрч хорт хавдар, гуурсан хоолойн багтраа, зүрх судасны өвчнийг үүсгэдэг нарийн ширхэгт тоосонцор юм.

ДЭМБ-ын мэдээллээр, гадаад орчны агаарын бохирдол, тэр дундаа PM2.5 тоосонцрын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас дэлхий даяар жил бүр 4 сая гаруй хүн нас барж байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn