Амь хохирогчийг эрүүдэн шүүсэн гэсэн цагдаа нараас яллагдагчаар татагдсан хүн байхгүй

157

Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэн нас барсан хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хуралдаж, 11 асуудал хэлэлцэж холбогдох албаныхнаас мэдээлэл сонсож байна.
  1. Эрүү шүүлтэд өртсөн гэсэн иргэн АТГ-т гомдол гаргасны дараа цагдан хоригдсон. Цагдан хоригдож байхдаа нас барсан асуудал,
  2. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа иргэд хохирч байна. Холбогдох албаныханд энэ төрлийн мэдээлэл байгаа, эсэх,
  3. Гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа хэрхэн явж байгаа,
  4. ХЭҮК-ын нэг бус илтгэлд эрүү шүүлттэй холбоотой асуудлыг хөндөж, УИХ-аар хэлэлцүүлсэн. Үүний дагуу эрүү шүүлтийг зогсоох арга хэмжээ авч байгаа, эсэх,
  5. Цагдаагийн байгууллаас мэдээлэл хийхдээ иргэний хувийн мэдээллийг задруулах, харлуулах, гүтгэж байна гэсэн гомдол санал гарч байна. Хүний эрхийн мэдрэмж, хууль баримтлах талаар ямар байгаа,
  6. Цагдан хорих байранд эрүү шүүлт хийгдэж байна гэх гомдол гардаг. Энэ үнэн үү,
  7. Гүйцэтгэх ажил, эрүүгийн төлөөлөгчтэй холбоотой эрүү шүүлт гарч ирээд байна. Энэ чиглэлийн хууль ямар байгаа,
  8. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн мөрдөн шалгах үйл явц,
  9. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилгаа ямар хэмжээнд байгаа,
  10. Мөрдөгч, прокурорын ажлын үзүүлэлт эрүү шүүлт рүү түлхээд байна уу,
  11. Эрүү шүүлттэй холбоотой асуудал дээр өмгөөллийн харилцаанд дутагдалтай зүйл байгаа эсэх гэсэн нийт 11 сэдвээр холбогдох албаныхнаас мэдээлэл сонсох юм.
Хуралдааны эхэнд Хүний эрхийн үндэсний комиссын дарга Б.Сүнжид болсон хэргийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр “Цагдан хорих байранд 21 настай иргэн амь хохирсонтой холбоотойгоор ХЭҮК Б.Энхболд гишүүн төрийн байгууллагуудаас мэдээлэл авч эхэлсэн. Цагдаагийн байгууллагын дэд дарга, Гуравдугаар эмнэлгийн эмч нараас мэдээлэл авсан. Мөн 461 дүгээр ангид очиж амь хохирогчийн хувийн хэрэг, эмчилгээ үйлчилгээтэй танилцаж, камерын бичлэгийг нь үзсэн. Мөн ШШГЕГ-ын удирдлагуудтай уулзаж мэдээлэл авч, Баянгол дүүргийн прокурорын байгууллага, АТГ-аас мэдээлэл авсан.
Ингэхэд гурван асуудал байна. Нэгд, нэгдүгээр сард эрүү шүүлт тулгасан гээд цагдаагийн албан хаагчдад холбогдуулан гаргасан гомдол байна. АТГ энэ хэрэг ажиллагаанд байна гэдэг мэдээлэл өгсөн. Баянгол дүүргийн прокуророос хэргийг шалгаж байгаа, одоогийн байдлаар яллагдагчаар татагдсан хүн байхгүй гэсэн мэдээлэл өгсөн. Хоёрт, амь хохирогч 461 дүгээр ангид байхдаа долдугаар сарын 11-нд гэдэс орчмоор өвдөж байна гээд хорих ангийн эмч нар үзсэн. Камерын бичлэгийг харахаар 1.20 минутын хугацаа байгаа юм. Эмч нь эхогоор хараад биеийн бүтцийг нь хараад өөр шатлалын эмнэлэгт шилжүүлэх ёстой байсан уу гэдэг дээр өөрсдөө тайлбараа өгөх ёстой гэж үзэж байгаа. Амь хохирсон шалтгааныг тогтоох шүүхийн шинжилгээний хариу гарсны дараа бид дараагийн дүгнэлтээ гаргана. Гуравт, гуравдугаар эмнэлэгт эмчилгээ үзүүлж байхдаа гавласан гэж байгаа. Хоригдож байгаа хүнд эмчилгээ үзүүлэх журам байх ёстой гэж үзэж байгаа. Гав хэрэглэсэн нь хүнлэг бус хэрцгий харьцаа гэж дүгнэж байгаа.
ХЭҮК байгуулагдаад 23 жил болж байна. Энэ хугацаанд халдашгүй байх эрх, эрүү шүүлтээс ангид байх эрхийг 15 удаагийн илтгэлдээ дурдсан.
23 дугаар илтгэлдээ эрүү шүүлт тулгасан байгууллагыг шалгах тусдаа мөрдөн шалгах байгууллага байгуулахыг зөвлөсөн. Харамсалтай нь энэ хэрэгжээгүй байна. АТГ-ын нэг нэгж энэ асуудлыг шалгаж байгаа. 2023 оны байдлаар эрүү шүүлт тулгасан гэсэн 60 гомдол ХЭҮК-т ирсэн.
Хүний хувийн мэдээллийг задруулж байгаа асуудал дээр төрийн бүх албан хаагч нухацтай хандмаар байна.
О.Алтангэрэл: Хохирогчийн ар гэрийнхэн гурван асуудлаар гомдол гаргасан
undefined
ХЭҮК-ийн дарга Б.Сүнждийн мэдээллийн дараа Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Алтангэрэл танилцуулга хийсэн.
Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл: 461 дүгээр ангид цагдан хоригдож байсан 21 настай иргэн нас барсан. Хэрэг гарсан даруйд холбогдох байгууллагаас мэдээлэл авч танилцсан. Хохирогчийн ар гэрийнхэнтэй уулзсан. Ар гэрийнхэн нь зүгээс гурван зүйл дээр гомдолтой байгаагаа хэлсэн. Нэгд, хохирогчийн хувийн эмзэг мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Хоёрт, эмнэлгийн тусламж үйлчилгээг цагт нь үзүүлээгүй, ухаангүй эмчилгээ авч байхад нь гав хэрэглэж хүний эрхийг ноцтой зөрчсөн, гуравт, цагдаагийн албан хаагчдыг эрүүдэн шүүсэн гэсэн гомдол гаргасан байхад энэ асуудал нь шийдэгдэлгүйгээр хоригдож байхдаа нас барсан асуудалд гомдолтой байгаагаа илэрхийлсэн.
Цагдаагийн байгууллага дахин мэдээлэл хийхдээ хувийн эмзэг мэдээллийг задруулахгүй байх чиглэл өгсөн. Дүрэм, журамд тусгуулахаар ажиллаж байна. ШШГЕГ-аас ажиллагаагаа хуулийн дагуу явуулсан гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн. Гэхдээ манай хорих байрнуудын эмч, эмнэлгийн албан хаагчийн мэдлэг, тоног төхөөрөмж муу байна. 
Амь хохирогчийн эмзэг мэдээллийг өгөх учраас түр хорооны хуралдааныг түр хаалттай горимд шилжүүлэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn