Зууны манлай сайхан эмэгтэй Л.Цогзолмаагийн 100 насны ойг тэмдэглэв

0

Тэртээ 1938 онд буюу 14 насандаа Залуучуудын соёлын төв театрын өндөр их босгыг зориглон алхсан Л.Цогзолмаа хожмоо эх орноо гадаадад төлөөлж, Энэтхэгийн Жавахарлал Неру, Индра Ганди, БНХАУ-ын Мао Зэдун Вьетнамын Хо ши Мин гээд дэлхийн түүхт хүмүүстэй гар барин мэндчилсэн, урлагийн түүчээ, их хүмүүн болжээ. Өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай сайхан эмэгтэй Лувсанжамцын Цогзолмаагийн 100 насны ойг тэмдэглэж байна. Ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Улсын филармонид боллоо. Үзэсгэлэнгийн нээлтэд Монголын урлагийн хатан хаан Л.Цогзолмаа гуай үр хүүхэд, ач зээ нарын хамт хүрэлцэн ирсэн юм.
Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин, Зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа гуай “Ойн ёслолд намайг хүндэтгэж хүрэлцэн ирсэн уран бүтээлчдэд баярлаж талархъя. Сэтгэл сайхан байна. Уран бүтээлчдийн тоо улам олон болж, театрын уран чадварлаг зүтгэлтнүүд төрөх болтугай” хэмээн ерөөв. Монголын театр, цирк, дуу бүжгийн чуулга, дэлгэцийн урлагийн түүхийг түүнгүйгээр төсөөлөх аргагүй. Тэрбээр “Цогт тайж”-ийн Дулмаа, “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, “Жаргалын зам” жүжгийн Халиун, “Амарсанаа” жүжгийн Гэрэлгуа зэрэг олон арван домогт дүрүүдээрээ Монгол түмний зүрх сэтгэлд гүн гүнзгий ул мөрөө үлдээсэн билээ.
Мөн өдөр “Монголын нийгэм, соёл урлаг дахь Л.Цогзолмаагийн амьдрал, уран бүтээлийн замнал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болсон. Эрдэм шинжилгээний хуралд “Цооцоо-Найруулагч”, “Л.Цогзолмаагийн ардын дууг дуулах арга барил”, “Л.Цогзолмаа-Үндэсний хөгжимт драм, дуурийн урлаг” сэдэвт илтгэлийг Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Б.Зангад, Гавьяат жүжигчин Б.Тунгалаг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжим судлаач А.Цэдэн-Иш, хөгжим судлаач Д.Энхцэцэг, С.Энхбулаг нарын уран бүтээлчид хэлэлцүүллээ.
Дараа нь Л.Цогзолмаа гуайн 100 насны ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт боллоо. Тоглолтын эхэнд Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Чингис хаан” дуурийн хэсгээс толилуулж, мэндчилгээ дэвшүүлээ. Үндэсний урлагийн их театрын уран сайхны удирдаач явсан Л.Цогзолмаа гуайд хамт олон нь мэхийн ёсолж, Үелзүүр бүжиг, “Цэвэр охин”, “Дуулаад учирмаар Цооцоо”, “Монгол морь”, “Миний ээжийн тэнгэр”, “Цэнгэлийн эгшиг” зэрэг уран бүтээлээр ая дуу өргөсөн. Харин Улсын драмын эрдмийн театрынхан “Цогт тайж” киноны хэсгээс буюу Арслан тайж Гүрсоронзонгомбын 33-р гүнж Дулмаа нарын үзэгдлийг толилуулж Хөдөлмөрийн баатарт бэлэг барьсан.
Мөн тоглолтын дундуур Л.Цогзолмаа гуайн ач Т.Бат-Оргил эмээдээ мэндчилгээ дэвшүүлж дуулсан бол залгуулаад эрхэм хүмүүний хүү Н.Ганхуяг “Ахмадын золбоо” хамтлагтайгаа гарч ирж өөрийн зохиосон ээжийн тухай дуугаа үзэгч түмнээ хүргэсэн. Танхим дүүрэн үзэгчид дуулсан дуу болгоныг даган дуулж, дахиулах гэж алгаа ташсаар байв.
Гэвч Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, хөтлөгч Ш.Гүрбазар “Насны ой, хүндэтгэлийн тоглолт хоёрыг дахиулдаггүй жамтай” гээд халгаасангүй, тоглолтыг яг цагт нь дуусгасан юм. Тоглолтын төгсгөлд Л.Цогзолмаа гуай алгуурхан гараа далласаар гарч ирэв. Урлагийн үе үеийнхэн тайзнаа гарч 100 насалж, зургаадай таяг тулсан эрхмээс адис авсан билээ.
Үдэш нь Л.Цогзолмаад зориулсан хүндэтгэлийн цэнгүүн боллоо. Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжимчид цэнгүүнийг эхлүүлж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайн 100 насны ойн ёслолд хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. XX зууны түүхэнд урлаг соёлоор дамжуулан ард түмнээ соён гэгээрүүлж, олон арван үеийн уран бүтээлчдийн үлгэр жишээ болж, эрхэмсэг төрх, яруу дуу хоолойгоороо ард түмнийхээ сэтгэлд хоногшсон азай бууралд тэрбээр төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, дурсгалын зүйл гардуулав. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлсэн.
Монголын алтан үеийн уран бүтээлчдийн гол төлөөлөгчдийн нэг, урлагийнхан, хамт олон, шүтэн бишрэгчдэдээ “Цооцоо” хэмээн хүндлэгдсэн буурал уран бүтээлчид хүндэтгэл үзүүлэхээр урлагийнхан, алтан үеийн уран бүтээлчдийн үр хүүхдүүд, улс төр, спорт зэрэг олон салбарын төлөөлөгч зорин иржээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn