ХӨСҮТ-ийн дарга асан Д.Нямхүүг цагаатгасан үндэслэл!

41

ХӨСҮТ-ийн  захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал /2024.12.05-06/ хоёр өдөр үргэлжилж, цагаатгаж шийдвэрлэсэн. Хурлаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан байна. Прокуророос Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “ДУБ” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.
Хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтаар компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг ХӨСҮТ-д нийлүүлэх, түүгээр эмчилгээ, оношилгоо хийх болсон шалтгаан нөхцөл нь Монгол Улсад коронавируст халдварт цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох шаардлагын хүрээнд Эрүүл мэндийн яам, сайд “ДУБ” ХХК-ийн дээрх компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын аппаратыг тус төвд шилжүүлж суурилуулсан байна.
Энэхүү хэлцэлд Д.Нямхүү нь оролцоогүй, харин Эрүүл мэндийн яам “ДУБ” ХХК-ийн “Philips Brilliance СТ16” загварын аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардал, өртөгт 400 сая төгрөгийг тус компанид шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолоор нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагад хуваарилахыг Эрүүл мэндийн сайдад зөвшөөрчээ.
Тиймээс Эрүүл мэндийн яамнаас “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратын тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт завсар үйлчилгээ, мэргэжилтэн сургаж бэлтгэх зардлын төлбөрийг “ДУБ” ХХК-нд шилжүүлсэн нь цар тахлын эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийсэн гэж үзэв.
Тодруулбал, Д.Нямхүү, Д.Бархүү нар шууд гэрээ байгуулж худалдах, худалдан авах ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн, Д.Нямхүү нь төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдлууд тогтоогдсон байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдэл тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр цагаатгаж шийдвэрлэжээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn