Б.Мөнхбаясгалан: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг баривчилж авчирч ял тооцохгүй юм уу

21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Энэ үеэр УИХ-н гишүүн Б.Мөнхбаясгалан, 
"2010 оны зургаадугаар сарын 24-нд Монгол Улсад төрөөс төмөр замын бодлого баримтлах бодлого батлагдсан. Тэр өдрөөс эхэлсэн төмөр замын дажинг өнөөдөр дуусгаж, УИХ-аар хоёр улсын хоорондын гэрээг соёрхон батлах гэж байна. Ийм өдөр ирдэг юм байна.
Ерөнхий сайд, Хууль зүйн сайд, Ц.Туваан сайд нараас асуух асуулт байна. Гэхдээ жаахан тайлбар хиймээр байна.
2014 оны наймдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж удирдаж, "Энержи ресурс" компани, Ч.Сайханбилэгийн Засгийн газар нэг нууц гэрээг байгуулсан. Тэр гэрээ өнөөдөр монгол хэл дээр байхгүй. 10 жилийн дараа гэрээг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, таван намын хамтарсан Засгийн газар очиж, Хятад хэл дээр олж ирсэн. Энэ гэрээг олон нийтэд ил болгомоор байна. Шударга ёсыг нэхэмжилмээр байна. Бүтэн 15 жил.
Тавантолгойг 100 жилээр Хятадын компанид өгөх гэж оролдсон. УИХ дээр тогтоол гаргаж, 40 гишүүн үүнийг унагасан. 36 нь Монгол Улсын эрх ашгийн эсрэг ажилласан. Мөн Хятадын компанийг олборлолтод оруулна, төмөр замыг нарийн царигаар барина гэж УИХ-ын тогтоолын эсрэг явж байсан.
15 жилийн дотор 80 гаруй хүн ажил амьдрал, нэр төрөөрөө хохирсон. Тэднийг яаж цагаатгах юм бэ.
Хулгайч нартайгаа хариуцлага тооцохгүй юм уу. "Энержи ресурс" гэдэг компани энэ бүгдэд оролцож зохион байгуулж байсан нь сая ил болсон.
Тэр Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг баривчилж авчирч ял тооцохгүй юм уу. Энэ хүмүүс тухайн үед хуйвалдсан гэдэг нь ил болчихлоо.
15 жилийн турш шударга бусын хонгилоор чирэгдэж яваад, ял тулгуулж явсан хүний хувьд би шударга ёсыг нэхэмжлэх эрхтэй гэж бодож байна. Энэ олон хэлмэгдсэн хүмүүсээ цагаатгахгүй юм уу.
"Эрдэнэт"-ийн 49 хувь, Дубайн гэрээ гээд бүгд яг ийм технологиор хийгдсэн. Хулгайч нартаа хариуцлага тооцож чадахгүй юм бол "Дархлагдсан хулгайч" гэдэг цол тэмдэг өгчихмөөр байх юм.
С.Баяр гэж нэг нөхөр байна. Шүүхээс авлигын хэргээр ял сонсоод, хөрөнгөө хураалгачихсан. Ялаа эдэлчихсэн. Дуртай үедээ Монголын эсрэг геополитикийн бодлогуудыг хамаагүй ярьж байдаг. Тэр хүнийг тусгай үүрэгт элчин сайдаар томилох уу, Ерөнхий сайд аа. Үгүй биз дээ" хэмээн хэллээ. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn