Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

19

Монголын үе үеийн алдартан, гавьяатнуудын өлгий Төв аймгийн Бүрэн сум байгуулагдсаны түүхт 101 жил, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ой энэ жил тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүрэн сумыг төрийн дээд шагнал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр гардууллаа. 

Бүрэн сумаар овоглосон Төрийн шагналт, Ардын жүжигчин Аюурзанын Очирбат, Төрийн шагналт, Ардын жүжигчин, 20 дугаар зууны манлай дуурийн дуучин Хорлоогийн Уртнасан, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол, Ардын ерөөлч Нарангийн Тэрбиш, Дэлхийн Буддистуудын холбооны тэргүүн, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба асан, Гавж, Хамба Номун Хан Дэмбэрэлийн Чойжамц зэргээс гадна Хөдөлмөрийн баатар, алдартнуудын тоогоороо Монгол Улсдаа дээгүүр байр эзэлдэг. 

Эдгээр алдартны нэг Төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Самбуу агсан Хошуу Тамгын газрын хавсраа бичээчээс Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга хүртэл дэвшин ажиллаж, улс орноо дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан монгол төрийн нэрт зүтгэлтэн, дипломатч байжээ. 

Жамсрангийн Самбуу агсны “Туулах зам” номд “Би эгэл жирийн малчны гэрт төрсөн, энгийн амьдрал дунд өссөн. Төр барихад эгэл хүний зовлонг ойлгодог хүн хэрэгтэй гэж боддог" хэмээн бичсэн нь өнөө цагийн улстөрчдийн эрхэмлэн баримтлах зарчим мөн гэж Ерөнхий сайд хэллээ. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх, олон улсын харилцааг бэхжүүлэх, энх тайвныг сахин хамгаалах, төрийн албыг төлөвшүүлж төгөлдөржүүлэхэд Жамсрангийн Самбуу гуайн гүйцэтгэсэн үүрэг асар их юм. Түүний алдар гавьяа, эх оронч үзэл, шударга, зарчимч чанар, үеийн үед гэгээнээр дурсагдаж, үйл хэрэг нь монгол түмний сэтгэл зүрхэнд мөнхөд оршин батжих болтугай хэмээлээ. 

Ж.Самбуу агсан 26 хүүхэд өсгөж, хүмүүжүүлсэн. Хүүхдүүд нь энэ өдөр аавыгаа эргэн санаж, эрдэм номтой хүн алзахгүй явдаг хэмээн зааж сургаж байсныг дурсан ярилаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn