Нөхрийнхөө зөвшөөрөлгүй үр хөндүүлвэл эрүүгийн хариуцлага оногдуулахыг санал болгожээ

14

Нөхрийнхөө зөвшөөрөлгүйгээр үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй гэж Оросын Үнэн Алдартны Сүмийн (РПЦ) төлөөлөгч, Москва мужийн Нахабиногийн Гэгээн Георгийн сүмийн хамба, тахилч Павел Островский мэдэгдлээ.

Тэрбээр “Sputnik” радиод өгсөн ярилцлагадаа, эрэгтэйчүүдэд үр хөндөлтийг хориглох санаачилга хангалтгүй бөгөөд ийм хязгаарлалыг “амархан тойрч гарч болдог, тэгээд ямар ч хариуцлага тооцдоггүй” гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

“Миний бодлоор ийм үйлдэлд эрүүгийн хариуцлага оноох ёстой. Жишээ нь, гэр бүлтэй амьдарч байгаа эмэгтэй нөхрөө хуурч, түүний эсрэг санаатайгаар үр хөндүүлсэн бол — энэ бол гэмт хэрэг,” гэж Островский хэлсэн байна. Тэрбээр зөвхөн нөхрийн зөвшөөрлөөр үр хөндүүлсэн тохиолдолд эмэгтэйг ял шийтгэлээс чөлөөлөх ёстой гэж үзэж буйгаа нэмж хэлжээ. “Хүүхэд бол эх, эцэг хоёрынх. Тиймээс шийдвэр ч хамтын байх ёстой” хэмээн тэр онцолжээ. Гэсэн ч тэрээр “үр хөндөлт бол ямар ч тохиолдолд хүүхдийн амийг тасалсан хэрэг” гэж сүмийн байр суурийг дахин тодотгов. Өмнө нь, Оросын Үнэн Алдартны Сүм аав нарын дуу хоолойг үр хөндөлтийн шийдвэр гаргах үйл явцад хуулиар баталгаажуулах санаачилга дэвшүүлсэн. Патриархын дэргэдэх Гэр бүл, эхийн болон хүүхдийн хамгааллын комиссын дарга иерей Фёдор Лукьяновын хэлснээр, “хүүхэд жирэмслэлтийн мөчөөс эхлэн Бурхны бэлэг бөгөөд түүний амийг хамгаалах үүрэг аав, ээж хоёрт адил ногддог” гэжээ.

“Эцэг зөвхөн санал өгөх эрхтэй байхаас гадна, төрөөгүй хүүхдийнхээ амийг хамгаалах Бурханы өмнөх ёс суртахууны хариуцлагатай,” хэмээн Лукьянов онцолсон байна.

Тэрбээр мөн эрэгтэйчүүд ийм тохиолдолд “эхнэрээ ухамсарлуулж, хүүхдийн амийг хамгаалахын тулд бүх боломжит арга хэмжээ авах ёстой” гэж үзжээ. Үндсэн хуулиар баталгаажсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдал “төрөөгүй хүүхдийн амийг хамгаалах хариуцлагад ч тэгш үйлчлэх ёстой” хэмээн тэр нэмж хэлсэн байна. ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 2024 онд улс орон даяар 338,367 үр хөндөлт хийгдсэн нь өмнөх оныхоос 24,000 орчмоор бага үзүүлэлт юм. Үүнтэй зэрэгцэн жирэмслэлтийг үргэлжлүүлэх шийдвэр гаргасан эмэгтэйчүүдийн тоо 25 хувиар өссөн гэж сайд Михаил Мурашко мэдээлжээ. Гэсэн хэдий ч төрөлтийн түвшин буурах хандлага үргэлжилсээр байна. “Росстат”-ын мэдээлснээр, 2024 онд ОХУ-д 1.22 сая хүүхэд мэндэлсэн нь 1999 оноос хойших хамгийн бага үзүүлэлт болжээ. 2025 оны эхний гурван сард төрөлт 4 хувиар буурсан бөгөөд демографийн шинжээч Алексей Ракша үүнийг “XVIII–XIX зууны зааг үеэс хойших муу рекорд” гэж тодорхойлсон байна.

2025 оны тавдугаар сарын байдлаар нэг эмэгтэйд ногдох дундаж төрөлтийн коэффициент 1.376 болж, 2006 оноос хойших хамгийн доод түвшинд хүрчээ. (2015 онд — 1.76, 2021 онд — 1.47 байв.) Төрөлтийн бууралт Крымийг нэгтгэсний дараа эхэлж, сүүлийн арван жилд 22 хувиар унасан байна.

Нэмж хэлэхэд, “Росстат” 2025 оны долдугаар сараас эхлэн төрөлт, нас баралт, хүн амын өсөлт, гэрлэлт, салалт болон шилжилт хөдөлгөөний талаарх дэлгэрэнгүй мэдээллээ олон нийтэд нээлттэй хэлбэрээр нийтлэхээ зогсоожээ.


Х.Цэцэнноров
Эх сурвалж: moscowtimes.ru
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn