З.Золбаяр: Амь аврах их үйлсийн эгнээнд элссэн учраас Онцгой байдлын алба бол миний бахархал

0
Өөдөө тэмүүлэх шат бүр өөр, өөрийн гэсэн сорилт бас амжилтыг дагуулж байдаг ч шантралгүй, урагшаа зүтгэсэн нэгэнд боломжийг олгодог мэт. Ухарч болох ч урам зориг, итгэлийн гал, бусдын дэм, өөрийгөө дайчилсан цаг хугацаа гээд олон зүйлээс шалтгаалдаг. Амьдралын, ажлын, амжилтын оргилын шат хүртэл өдөр бүрийн хичээл зүтгэл, үйлдлээрээ үлгэрлэн алхаж байгаа олон залуус Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэдэг. Амь аварч, амьдрал бэлэглэдэг ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг нь тэдний л ертөнц гэж хэлж болохоор. Тиймээс энэ удаагийн nematimes булан “Ахлагчийн албаны тэмдэглэлт өдөр”-ийн хүрээнд Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа залуу үеийн төлөөллийг онцоллоо. Түүнийг Золбоогийн Золбаяр гэдэг. Тэрбээр Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр ажилладаг, ахлах ахлагч цолтой алба хаагч юм.
-Намайг Золбоогийн Золбаяр гэдэг. Миний бие Хэнтий аймгийн Норовлин суманд төрж, хүүхэд насаа Улаанбаатар хотод өнгөрөөсөн. Дөрвөн хүүхэдтэй айлын отгон хүү. Сонгино хайрхан дүүргийн ерөнхий боловсролын 76 дугаар дунд сургуулийг 2015 онд төгсөж, 2016 онд 032 дугаар Хүндэт харуулийн ангид II ээлжээр цэргийн алба хаасан. Цэргийн алба хаах хугацаандаа Онцгой байдлын албанд ажиллах шийдвэрээ гаргаж байлаа. Анх гал л унтраадаг гэсэн бусдын адил төсөөлөлтэй энэ албанд орж байсанаа нуухгүй. Албанд орсноос хойш албаныхаа онцлогийг, мэргэжлийнхээ сайханыг өдөр бүр мэдэрч, бахархал дүүрэн сэтгэлээр үүргээ гүйцэтгэж байна.
-ДХИС-ийн Ахлагчийн сургуулийг 2019 онд төгсөж, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангид томилогдсон. Үүрэг гүйцэтгэснээс хойш 6 жилийн хугацаанд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 70 гаруй удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 43 хүний амь нас, 838.9 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахад гар бие оролцсон байна.  Онцгой байдлын байгууллагын 2023 оны “Шилдэг аврагч-гал сөнөөгч”-аар шалгарч байлаа.
- Хэнтий аймгийн Бор-Өндөр сум 10.000 гаруй хүн амтай. Байгалийн бүсийн хувьд хуурай, хээрийн бүсэд багтдаг. Өмнөд хэсгээрээ Дорноговь аймгийн Даланжаргалан, бусад хэсгээрээ Хэнтий аймгийн Дархан сумтай хиллэдэг. Төмөр замтай, уул уурхай хөгжсөн гээд томоохон сумдын нэг. Энэ хэрээр хүн ам ихээр ирж оршин суудаг онцлогтой. Үүнтэй холбоотойгоор ахуйн гал түймэр болон үйлдвэрийн ослын дуудлага зонхилдог. Мөн зэргэлдээ Дархан, Баянмөнх, Галшар сумдад гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Гал түймэр унтраах аврах 49 дүгээр анги анх 1988 онд байгуулагдаж, улмаар Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болон  үйл ажиллагаагаа явуулж байна. Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид бид сүүлийн гурван жилийн хугацаанд 153 удаагийн гамшиг, аюулт үзэгдлийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 362 хүний амь нас, 2.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан.
-Мэдлэг чадвараас гадна бие бялдар, сэтгэлзүйн хувьд маш сайн бэлтгэгдсэн байх ёстой.  Тийм ч учраас гал унтраах техникийн олон төрөлт спортоор албанд орсноос хойш хичээллэж байна. Хичээллэх хугацаандаа аймгийн, бүсийн, улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцож, өөрийн амжилтаа ахиулж, суралцсаар л байна. Анхны жилээ буюу 2019 онд зүүн бүсийн аварга шалгаруулах тэмцээний 4х100 метрийн төрөлд хүрэл медаль, 2023 онд байлдааны тархалтын төрөлд алтан медаль, 2025 онд 4х100, довтолгоооны шатны төрөлд алт, байлдааны тархалтын төрөлд мөнгөн медалийг тус тус хүртэж байсан. Энэ амжилтаарраа улсын шигшээ багт багтаж, өнгөрсөн аравдугаар сард Саудын Арабын Хаант Улсад болсон Гал унтраах техник спортын насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 20 дахь удаагийн, эмэгтэйчүүдийн 11 дэх удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирсэн. Тус тэмцээнд ОХУ, Монгол, ХБНГУ, Австри зэрэг нийт 14 орны баг тамирчид оролцсноос Монгол Улсын шигшээ баг VI байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.
- Өдөр тутмын ажил, амьдралд спорт эрч хүч нэмж, өөрийгөө сорих боломж олгодог учраас чөлөөт цагаараа зааланд тоглох дуртай. Сагс болон гар бөмбөгийн спортоор хичээллэдэг .Мөн танин мэдэхүйн төрлийн ном унших хоббитой.  Манайх ам бүл гурвуулаа. Эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Миний ханийг Д.Болор-Эрдэнэ гэдэг. Бор-Өндөр сумынх. Хүү З.Эрхэмсүлд 3 настай. Цэцэрлэгт хүмүүжиж байна.  Ажил, амьдралын гараагаа эхлүүлж, спортын амжилт гаргах боломж олгож, хүн бүрийн төлөө чин сэтгэлээ гарган амь аврах их үйлсийн эгнээнд элссэн учраас Онцгой байдлын алба бол миний бахархал. Илүү ихээр хичээж, зүтгэх болно. Баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn