Намууд орон нутгийн сонгуульд нэгдэж оролцох уу?

523
 
УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль хамгийн олон буюу 660 хүн нэр дэвшсэнээрээ түүхэнд тэмдэглэгдэв. Бас бие даагчдын тоо ч  олон байв.  Үүний  дүнд МАН 62 суудал авч хоёр дахь удаагаа үнэмлэхүй олонх болсон. Гэхдээ нийт сонгогчдын дөнгөж 40-хөн хувийн саналаар засгийн эрхийг үргэлжлүүлэн барьж буй. Нөгөө талд  нийт сонгогчдын  60 хувийн санал гээгдсэн гэсэн үг. Тэгвэл ирэх намар болох Орон нутгийн сонгуульд МАН-аас бусад  нам, эвслүүд хүчээ нэгтгэвэл ялах магадлалтай. Үүнээс өмнө эвлэлдэн нэгдээд   нэг  том эвсэл байгуулан нэгдэж чадсан бол  энэ удаагийн  УИХ-ыг бүрдүүлж чадахаар  байлаа. Гэвч энэ удаа дахин хүрд эргүүлэх боломж тэдэнд ирж байна. Юм ээлжтэй гэдэг  үг  ч бас бий.  Ямартай ч энэ  удаа  нам, эвслүүд, бие даагчдын холбооны хооронд эхний алхмууд хийгдэж буй бололтой. Өнгөрсөн долоо хоногт  нам, эвслүүдийн төлөөлөл хамтран санал дахин тоолох шаардлага тавьсан. Мөн  Ерөнхийлөгчид өргөх бичиг барьснаас ийм зураг харагдав.   
Ер нь бол өнгөрсөн сонгуулийн өмнөх  нийгмийн уур амьсгалыг авч үзвэл 70 хувь нь  МАН, АН-ыг сонгохгүй гэдэгт төвлөрч байсан. Тэр тусмаа “60 тэрбумын хэрэг”, ЖДҮ-ийн зээл нэртэй  луйвар булхайд гаршсан МАН-ыг нийгэм даяараа  эсэргүүцэж байсан. Харин  олон нам, эсвэл, нэр дэвшигч оролцсон нь санал хувааж, тэр нь МАН-д ашигтайгаар эргэсэн. Дээр нь сонгууль томсгосон тойргоор явагдсан учир бие даагчид болон жижиг нам, эвслүүдээс нэр дэвшиж гарч ирэх боломжийг хязгаарласан тал  бий. 
 
Тухайлбал,  МАН-ынхан олонхиороо хүч түрж Сонгуулийн хуулийг 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр шинэ жилийн баярт олон нийтийн анхаарал төвлөрсөн үеэр  өөрчлөн баталсан.  Томсгосон тойргоор явуулж байгаа сонгуульд бие даагч, жижиг нам, эвсэлд халгаатай байдаг.

Хоёр том намын хувьд  өөрийн гэсэн хатуу гишүүнчлэл, дэмжигчтэй. Өндөр рейтингтэй  үедээ  аль аль нь 30 хувийн саналыг  авчихдаг аргатай. Үлдсэн хэсэг буюу улстөрчдийн нэрлэдэгчлэн саарал масс гэлцдэг  нам бусчууд,  жижиг  нам, эвслийн гишүүд сонгогчдын 40 хувийг эзэлж ирсэн. Харин 2020 оны ээлжит сонгуулийн өмнө МАН, АН буюу МАНАН-г сонгохгүй гэсэн уур амьсгал нийгэмд хүчтэй байснаар аль алийнх нь  рейтинг хангалттай доош  унаад байв. Ер нь бол хоёулангийнх нь нэр хүнд  10 хувиар унасан.  Цаана нь үлдсэн   60 хувь  нь бие  даагч, жижиг нам, эвслүүдээс  сонголтоо хийнэ гэсэн хүлээлттэй байв.  Гэтэл бие даагч нар болон  жижиг нам, эвслүүдээс хэт олон хүн өрсөлдсөн нь  нийгэмд  хүлээлт үүссэн 60 хувийн саналыг  хувааж авснаар хэн нь ч илүүрхэж чадалгүй “Тамын тогооны үлгэр”-ийг давтсан. Бас зарим бие даагчийг хоёр нам  санал хуваахын тулд “хөлсөлсөн” гэсэн мэдээлэл ч бий. Энэ бол   МАН-ын ялалтыг Монголын ард түмэн хүсэн  хүлээж байсан, ард түмний олонхийн сонголт биш гэсэн үг юм. Эцсийн дүгнэлт нь МАН үүнийг урьдчилж харсан учраас 65-уулаа байхдаа  Сонгуулийн тухай хуулийг томсгосон тойрог болгож өөрчлөн баталсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз.
 Дээрх дүгнэлтийг  сонгуулийн дараа тайлангаа нэтгэж, үр дүнг хэлэлцсэн улс төрийн нам, эвсэлүүд, нэр дэвшигчид нэгэн дуугаар хэлж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Зарим бие даагчийн амнаас ч ийм үг гарсан. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт бие дааж нэр дэвшсэн, боловсрол судлаач, доктор Ч.Чулуунцэцэг “Хэрэв монголчууд нэгдэлтэй байсан бол, нэгдэж чаддаг байсан бол Сонгуулийн хууль  эрх баригчдад ээлтэй боллоо гэдгийг  ярилцаад бие даана гэж байсан хүмүүс, жижиг нам, эвсэл хамтран нэг том эвсэл болж орох ёстой байлаа.
 
“МАНАН-гүй эвсэл” гэх үү, “МАНАН”-гийн эсрэг нэгдэл гэж  нэрлээд ч юм уу,  тэр дотроосоо  76 хүнээ шигшиж нэр дэвшүүлсэн  бол ялалт байгуулах боломжтой байсан. Ингэсэн бол нэг тойрог дээр МАН-ын 76, АН-ын 76, “МАНАН-гүй эвсэл”-ийн 76 гээд гурван хэсэг л орох байлаа” хэмээн хэвлэлд ярьсан нь бий.
 
Ямартай ч одоо МАН-аас бусад  улс төрийн хүчин, тэр дотроо нийт сонгогчдын дийлэнх олонх буюу 1.8 сая хүний санал авсан нам, эвсэл, бие даагчдын холбоо гудамжнаас сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байна.  Тэд УИХ-ын сонгууль луйвар болсон гэдэгт байр сууриа нэгтгэсэн бол Орон нутгийн сонгуульд нэгдэж багийн тоглолт хийвэл боломж ойрхон байна. Гэхдээ  өмнөх сонгуулийн будлианыг эцэслэн шийдэхгүйгээр дараагийн сонгуулийг явуулбал дахиад  луйвар булхай нүүрлэнэ гэсэн үг. Сонгуулийн луйвар  давтагдвал ирэх намар улс төр халуурч, жагсаал, тэмцэл ширүүсч мэдэх юм. Иймд СЕХ-ны хууль бус үйлдлүүд, саналын хуудасны нууцлалыг алдагдуулсан гэхчлэн олон асуудлыг нэг мөр шийдэх,  Орон нутгийн сонгууль шударга явуулах талаас  эрх баригчид юу бодож суугаа бол...
 
 
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn