Байртай болох хоосон мөрөөдөл болох уу?

17

Монголбанк Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй ипотекийн зээлээр 2013 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 144600 өрх орон сууцтай болсон байна. 13 жилийн хугацаанд ипотекийн зээлд зориулж 10 орчим их наяд төгрөгийн санхүүжилт гаргажээ.
Ипотекийн зээлийн 6-8 хувийн хүүтэй зээлд хамрагдах иргэдийн тоо жилээс жилд өсөж материалаа бүрдүүлж өгсөн иргэд зургаан сараас дээш  хугацаагаар хүлээж буй.  Өнөөдрийн байдлаар зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн 47 мянган  иргэн байгаа аж. Тэгвэл Монголбанкны зүгээс энэ оноос эхлэн ипотекийн зээлийн санхүүжилтэд зориулж мөнгө хэвлэхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ тохиолдолд санхүүжилтийн эх үүсвэр 500 тэрбум төгрөг дотор эргэлдэх юм. Өөрөөр хэлбэл, ипотекийн эргэн төлөлтөөс орж ирсэн мөнгийг зөрүүлээд санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглана.
Засгийн газраас барьж буй бодлогоор ипотекийн зээлд зарцуулах санхүүжилтийн хэмжээ ийнхүү буурч байгаа нь зээлд хамрагдах иргэд илүү удаан хүлээж багтаж чадах эсэх нь эргэлзээтэй болж байгаа юм.
Уг нь УИХ-аас Баялгийн сангийн тухай хуулийг баталснаар 2024 онд Хуримтлалын сангаас 500 тэрбум төгрөгийг ипотекийн санхүүжилтэд зориулан гаргасан. Мөн төв банк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр орж ирсэн 500 тэрбум төгрөгийг буцаан санхүүжилт болгон зарцуулж ирсэн. Ингэснээр ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэр 1 их наяд төгрөгт хүрч хоёр дахин өссөн юм.  Энэ бодлого 2024 оны УИХ-ын сонгууль угтан хэрэгжиж улмаар 2025 онд ч үргэлжлэн хэрэгжсэн.
Улмаар 2025 онд Төв банк, арилжааны банк, Хуримтлалын сан гэсэн эх үүсвэрүүдээс 1.1 их наяд төгрөгийн санхүүжилт гаргаж  9000 гаруй өрхийг ипотекийн зээлд хамруулсан байна.
Энэ онд дээрх бодлого үргэлжлэх болов уу гэх хүлээлт байсан ч найдваргүй болов. Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт "Ипотекийн зээл нь үнэт цаасаар  баталгаажиж, хоёрдогч зах зээл дээр эргэлтэд ордог, хөрөнгө оруулагчдад өгөөжтэй бүтээгдэхүүн болж хөгжсөн байдаг.  Гэтэл манай улсад хэрэгжүүлж буй  6-8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр нь зах зээлийн бус шинжтэй, хөрөнгө оруулалт татах боломж хязгаарлагдмал хэвээр байна.  Үндсэндээ 47 мянга гаруй иргэд энэ хөтөлбөрт хамрагдах гээд дугаарлаж байгаа нь ийм байдлаар цааш явах боломжгүйг харуулж байгаа юм. Иймд цаашид энэ татаастай хөтөлбөрийг маш тодорхой зорилтод бүлэг рүү чиглүүлж, нийт зах зээлд уян хатан, хэрэглэгчдэд олон сонголттой тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Энэ ажлыг эхлүүлэх хүрээнд ипотекийн зээлийн журмыг шинэчлэх төслийг боловсруулж, Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас санал авч байгаа” гэж мэдээлсэн. Үндсэндээ ипотекийн зээл шуурхай авах хэрэгцээ байгаа бол зургаан хувиас гадна арай өндөр буюу  8, 10, 12 хувийн хүүтэй зээлд хамрагдах  сонголтыг бий болгох хэрэгтэй гэдгийг хэлсэн юм.
2026 оны эхний дөрвөн сарын байдлаар 187 тэрбум төгрөгийг ипотекийн зээлд зориулан зах зээлд гаргаад байгаа аж. Тэгвэл үлдсэн 313 тэрбум төгрөгийг энэ он дуустал ипотекийн зээлд зарцуулна гэсэн үг. Гэтэл одоогийн байдлаар 5.5 их наяд төгрөг давсан зээлийн хүсэлтийг иргэд ирүүлсэн байна.

https://news.mn/r/2867007/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn