Б.ШҮРЭНЦЭЦЭГ: “ЭЭЖ” нэвтрүүлэг аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулна

345

"Төр” мэдээллийн агентлаг ээжүүдийг алдаршуулах "ЭЭЖ” үндэсний контентийг бэлтгэн хүргэж байгаа. Уг бүтээл нь ээж хүний сургаал залбирал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, амьдралын түүх, дурсамжийг мөнхөлж, нийгэмд эерэг өөрчлөлт, хандлагыг бий болгох зорилгоор бүтээгдэж буй хөрөг нэвтрүүлэг юм. Уг нэвтрүүлэг нь эх үрсийн нандин холбоо, ээжийн туулсан амьдрал замнал, хөдөлмөр бүтээл, тэсвэр хажуужил, зан чанар, сургаал, дурсамжийг дуу, дүрсний нийлэмж болоод сэтгүүлчийн өгүүлэмжээр үзэгчдэд хүргэдэг, гэр бүлийн нандин архивыг бүтээх оюуны бүтээл аж.
Тэгвэл уг нэвтрүүлгээ орон даяар хэрэгжих төсөл болгон зарлаж, 21 аймаг бүрээс алдар хүндлэлийн дээд болсон 9 ээжийг алдаршуулах юм байна. Тус нэвтрүүлгийн санаачлагч, сэтгүүлч Б.Шүрэнцэцэгтэй ярилцлаа.
-"Ээж” нэвтрүүлэг төсөл болж 21 аймагт хэрэгжих юм байна. Яагаад төсөл болж хэрэгжих болов?
-Эх хүн бол үр хүүхдэдээ хамгийн үнэ цэнэтэй эрдэнэ нь байдаг шүү дээ. Ижийн сургаал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга ухаан, ерөөл, залбирлыг мөнхлөх зорилготой "Ээж” нэвтрүүлэг маань орон даяар төсөл болон хэрэгжих гэж байна. Манай баг 21 аймаг бүрээс 9 ээжийг алдаршуулахаар энэ төслөө эхлүүлж байна. Үр хүүхдээ зөв хүн болгон хүмүүжүүлсэн өнөр гэр бүлийн эзэн болсон тэр л ээжүүдийг оролцуулахыг зорьж байгаа. Ээж хэмэх эрхэм ачтануудыг шалгуур тавьж шүүх нь өрөөсгөл ч бүх ээжийг оролцуулах боломж хязгаарлагдмал. Юутай ч эгэл жирийн мянга мянган сайхан ээжүүдийн төлөөлөл тэд байх болно гэдэгт итгэлтэй байна.
-Есийн тооны тухайд?
-Монголчууд есийн тоог бэлгэшээдэг ард түмэн. Есийн тоог оюун ухааны хүчний дээд илэрхийлэл гэж үздэг. Бид нэвтрүүлгээрээ дамжуулан оюунлаг, хөдөлмөрч ээжүүдийнхээ үлгэр дуурайлал, сургаал, сургамжийг залуу ээжүүдэд хүргэхийг зорино. Нэг ёсондоо ээжүүдийн агуу ухаанаар дамжуулан нийгэмд эерэг хандлага түгээхийг хүсэж байгаа.
-Бүртгэл хэзээнээс эхлэх вэ? Орон нутагт зураг авалт явагдах уу?
- Бүртгэл 2020 оны 11 дүгээр сарын 01-нээс эхэлж байгаа. Аймаг бүрээс 9 алдарт ээжээ бүртгэж дуусаад бид зураг авалтдаа орно. Ээж нэвтрүүлгийн өмнөх дугаарууд малчдын төв телевиз болох Малчин ТВ, National TV, TV10, OTV зэрэг телевизээр гарч байсан. Энэ удаа илүү олон ТВ-ээр гаргахаар төлөвлөсөн. Дээрх телевизүүдээс гадна Төр.мн (www.tur.mn)мэдээллийн сайтын тусгай буланд байршуулна. Мөн Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбооны гишүүн, мэдээллийн шилдэг 10 сайт дээр давхар нийтлэгдэж олон түмний хүртээл болно. Төсөл маань зөвхөн үздэг нэвтрүүлгээс гадна уншдаг хэлбэртэй байх юм.
-Үзэхээс гадна уншдаг гэхээр...?
-Ээжүүдээ нэвтрүүлгээр алдаршуулахаас гадна номонд мөнхөлнө. Өөрөөр хэлбэл нэвтрүүлгээс гадна ээжүүдэд зориулсан хөрөг нийтлэлээс бүтсэн "МОНГОЛ ЭЭЖ” номыг хэвлэж, өргөн барина. Энэ хорвоогийн эрдэнэ болсон энэрэлт сайхан ээжүүдээ ЭЭЖ нэвтрүүлэгт оролцуулж, нэр алдар, дүрийг нь мөнхлөөрэй. Хэн бүхэнд нээлттэй байх болно оо.
-Төслийн ажилд амжилт хүсье!
-Баярлалаа.
Ээж нэвтрүүлгийн бүртгэлийг 80189929 дугаараас лавлах боломжтой
Ээж нэвтрүүлгийн өмнөх дугааруудыг хүлээн авч үзнэ үү.

 Хөдөлмөрийн баатар МУГТ, мэргэжлийн сумогийн 68 дахь аварга Д.Дагвадорж,Монгол улсын аварга, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын ээж Х.Пүрэвбадам

10 сайхан хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж Ц.Марууш /Дорноговь аймаг/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn