Д.Байгальмаа: Манай бүтээгдэхүүн байгальд ээлтэй, эко гэдгээрээ онцлог.

249

Цаасан урлалыг Төв аймагт дэлгэрүүлж байгаа Зуунмод сумын Номт 1-р багийн иргэн Д. Байгальмаатай ярилцлаа.

-Та хэдийнээс цаасан урлалаар бараа бүтээгдэхүүн хийдэг болсон бэ?
- Миний хувьд 2016 оноос хойш цаасан урлал сонирхож, сонины цаасаар сагс сүлжиж эхэлсэн. Мөн одоогоор сонины цаасаар сагс сүлжих сургалт зохион байгуулдаг. Цааснаас өөр лонх, хагарч эвдрээгүй хаягдал шил, тууз, цаас ашиглаж гэрийн чимэглэл хийж байна.

-Цаасан урлалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж болдог юм байна гэсэн санааг анх хэрхэн гаргаж байв?
-АнхYoutubeсувгаар олон төрлийн бичлэг үзэн дагаж хийдэг байсан. Хамгийн анхны багш болох “Бүсгүй цэцэг” фэйсбүүк группийн урлаач Тунгалаг эгчээр нарийн зүйлсийг заалгаж баяжуулсан. Би өөрөө 9-28 насны 4 охинтой манай охид бүгд цаасаар сүлжиж сурсан, одоогоор хамгийн бага 4-р ангийн охин маань хамт сүлжиж байна.
-"Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүрт таны бүтээгдэхүүнийг харж байсан юм байна. Бараа бүтээгдэхүүнээ хаана нийлүүлж байна вэ? Нийт хэдэн төрлийн бүтээгдэхүүн урлаж байгаа вэ?
-Тийм ээ. Таны хэлсэнчлэн "Төв аймагт үйлдвэрлэв" дэлгүүр болон өөрийн урлан болох Номт 1-р багийн байранд худалдаалж байгаа мөн захиалгын дагуу хийж үйлчилдэг. Одоогоор байнга бараагаа нийлүүлдэг гэвэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум байна. Манай бүтээгдэхүүн байгальд ээлтэй, эко гэдгээрээ онцлог. Одоогоор бид угаах хувцасны, хүүхдийн тоглоом хийх сагс, түлхүүрийн оосор, лонхоор хийдэг чимэглэлүүд, ширээ, ханын чимэглэл, торгон туузан цэцэг, үзэг балны сав, савх, алчуурны хайрцаг,,бэлэгний сав баглаа боодол, зэргийг үйлдвэрлэж байна.
-Сонины цаасыг сүлжиж эдгээр бүтээгдэхүүнийг хийдэг гэхэд их сонирхолтой байна л даа. Чанарын хувьд ямар байдаг юм бол?
-Цаасаар хийдэг учраас иргэдийн дунд олон төрлийн эргэлзээ бий болж эхэлдэг. Үүний технологи нь өөрөө цаасаа сүлжиж цавуудаад, лакаар бүрж хатууруулдаг бөгөөд энэ үйл явц нь 40-50 удаагийн давтамжтай байж нэг бүтээгдэхүүн бүтэн гардаг. Тэгэхээр маш олон удаагийн давтамжтай лакаар бүрэхэд цаас маань өөрөө мод мэт хатуурдаг учраас хүнд зүйлээр хүчтэй цохилт өгөхгүй л бол чанарын хувьд эргэлзэх шаардлагагүй байдаг.
-Иргэдийн худалдан авалт хэр байдаг вэ? Сардаа нийт хэдэн бүтээгдэхүүн иргэдийн гарт очдог бол?
-Бид бараа бүтээгдэхүүн үнийн хувьд хамгийн хямд бодлогыг барьж ажилладаг ерөнхийдөө 5000 - 70000 төгрөг хүртэл бүтээгдэхүүн худалдаалдаг. Ийм учраас иргэд худалдан авалт хийхдээ тааламжтай байдаг. Сардаа бэлэн болдог бараа бүтээгдэхүүн захиалга, болон худалдан авалтаас шалтгаалаад өөр өөр байна.

-Сүүлийн жилүүдэд иргэд үндэсний үйлдвэрлэлээ их дэмждэг болсон. Үүнийгээ дагаад өөрсдөө ч ямар нэгэн өрхийн үйлдвэрлэлийг сонирхдог иргэд нэмэгдэж байна. Таны урлах ухааныг суралцах хүсэлтэй хүмүүс их ирдэг үү?
-Тийм ээ. Сүүлийн үед эзэгтэй нар маань их идэвхтэй амьдралын хэв маягтай болсон санагдаж байна. Би өөрөө Улаанбаатар хот руу сургалт хийдэг байсан 2020 оны 12 дугаар сарын 12-нд анх Ахмадын хорооны хуучин байранд нээж байсан. Цар тахлын улмаас одоогоор Номт 1-р багийн байранд урлангийнхаа үйл ажиллагааг явуулж байна. Энэ хооронд Номт 1-р багийн хөгжлийн бэрхшээлтэй гэртээ байдаг 5 эзэгтэйг сургасан. Одоогоор тэд гэрээрээ бүтэлээ урлан борлуулж байна.
-Та цаашдын зорилгоосоо хуваалцвал?
-Зуунмод сумын брэнд гэсэн бүтээгдэхүүн гаргаад бүсгүйчүүдээ дэмжих бодолтой байна. Одоогоор урлангийн гэрээт ажилтнаар ажиллаж байгаа ажилтнаа үндсэн ажилтан болгож, ажлын байрыг нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байна. Ер нь л урлангаа томруулж чадвал бүх зүйлс бүтнэ байх гэж найдаж байна даа.
-Ярилцсан танд баярлалаа.

Montsame.mn
Г.Буянжаргал скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn