З.Намнансүрэн: Мэргэжлээ мэдэх, хичээл заах гэдэг нь тэс өөр ойлголт

371

Орчин үеийн Боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын гавьяат багш Зундуйн Намнансүрэнтэй цөөн хором ярилцлаа.
- Таны хувьд боловсролын салбарт хэдэн жил ажилласан бэ?
- Боловсролын салбарт 54 жил ажилласан, Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул. Анх 1970 онд физик- математикийн багшаар нутагтаа томилогдож ирээд 5-10-р ангид хичээл заадаг байлаа. Миний хувьд боловсролын байгууллагын бүх л шатанд ажиллаж байсан гэхэд хилсдэхгүй. Физик-математикийн багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал, сумын дарга, аймгийн шинжлэх ухаан боловсролын хэлтсийн дарга, аймгийн Боловсрол соёлын газрын дарга, Мэргэжлийн хяналтын газарт улсын байцаагч, Боловсрол эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга, 2004-2012 онд Төв аймгийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн хөгжил болон нийгмийн боловсролын төслөөр ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан.
-Анх мэргэжил сонгож байсан түүхээсээ хуваалцвал?
-Миний эцэг Монгол Улсын үнэн хүчит заан “Мойл” хэмээх Эрдэнийн Зундуй гэж хүн байсан юм. Намайг 5 настай байхад өөд болсон. Иймд дөрөвдүгээр ангиа төгсөхдөө их хэцүү төгсөж байсан. Ингээд Эрдэнэсант сумын Саруул-Амьдрал нэгдэлд малчин хийж байсан бөгөөд тэр үед 13,14 настай л байсан. Хүнд санагдаж байсан учраас унаган багын найз болох Цэрэнбалданг дагаад Лүн сум орж байсан. Тэр үед тавдугаар ангиасаа суралцаж эхэлсэн бөгөөд Лувсанцэндийн Сэр-Од гэж багш миний замыг чиглүүлж өгсөн юм даа. Тухайн үед багш, эмч, нягтлан бодогч гэж л мэргэжил байлаа, өөр олон мэргэжил байгаагүй. Ийм ч учраас багш мэргэжлийг сонгох нь зөв юм байна гэж бодсон.
-Та шавь нарынхаа амжилтаас хуваалцвал?
-6 жил багшилж байх хугацаандаа нэг ангийг хариуцаж 67 хүүхдийг төгсгөж байлаа. Тэдгээр хүүхдүүдээс 29 онц, 25 сайн, 12 дунд төгсөж байсан юм. Одоо ингээд харахад миний шавь нар дундаас Монгол Улсын 17 гавьяат төрсөн байдаг.
-Сайн багш байх гэдэг ойлголтын талаар?
-Багш хүн мэргэжлээ сайн мэддэг байх ёстой. Мэргэжлээ мэдэхгүй байж олон түмэн хүүхдэд хичээл заана гэдэг ойлголт байх ёсгүй. Цалин бодож ажлаа хийдэг хүмүүс байдаг. Үүн дээр би их шүүмжлэлттэй ханддаг. Миний үед цалин 540 төгрөг байсан таван жил ажиллаад 60 төгрөг нэмэгдэж 600 төгрөг гар дээрээ авдаг байлаа. Ийм байхад ч долоо хоногийн 47 цагийн хичээлээ гүйцээчихээд, илүү цагаа ажилласаар гэртээ үдшийн хорин гурван цагт очиход л гэрийн үүдэнд хүүхдүүд хичээлээ асуух гээд хүлээгээд сууж байдаг байлаа. Хүүхдийг тэгж л хичээлд нь дурлуулж, сонирхолтой болгох хэрэгтэй. Өдөр бүр даалгавраа шалган, шударгаар дүнг тавьж, өөрийн хүүхдийн боловсролд анхаардаг шигээ л ажилладаг байх хэрэгтэй.
-Орчин үеийн багш нарын сурган хүмүүжүүлэх арга ухааны талаар таны бодол?
-Би өөрөө ихэнх зүйлст их шүүмжлэлттэй ханддаг төрлийн хүн юм. Олон ч багш нарын зэрэг дэвийг ахиулах үйлсэд гар бие оролцож явлаа. Бидний үед таван жил тутамд мэргэжлийнхээ дагуу шалгалт өгдөг байсан. Үүндээ ч бидний боловсролын чанар өндөр түвшинд байсан гэж боддог. Өнөө үед мэргэжлээ мэдэхгүй багш нар элбэг болж байгаа нь сэтгэл эмзэглэмээр асуудал болж байна. Бидний үед авдаг байсан шалгалтын доод оноо нь жаран хувь байсан бол одооны багш нарын мэдлэг гучин хувь л хүрэхээр байна гэхээр их том асуудал юм. Ингэхээр тэр үеийн боловсрол өнөө үеийн боловсрол хоёрын хооронд өдөр шөнө шиг ялгаа бий. Мэргэжлээ мэдэх, хичээл заах гэдэг нь тэс өөр ойлголт юм.
- Сурган хүмүүжүүлэгч нартаа хандаад?
-Мэргэжлээ мэддэг байгаарай, хүүхдэд хайртай байгаарай, өөрийн хүүхэд шиг ажилладаг байгаарай гэж хэлмээр байна.
-Ярилцсан танд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn