М.Мөнх-Эрдэнэ: Дайвар бүтээгдэхүүн худалдан авах түр цэгүүдийг бий болгоно
Төв аймгийн Баян сумын Засаг дарга М.Мөнх-Эрдэнэтэй өмнөх оны ажил, амжилт бүтээлийн талаар ярилцлаа.
-Шинэ залуу боловсон хүчнээр төрийн байгууллагаа зузаатгаж буй сум бол Баян сум юм. Сумынхаа онцлогийн талаар товч танилцуулбал?-Баян сум нь сүүлийн жилүүдэд ахмадуудаас туршлага судалж, зөвлөн туслуулж, залуу боловсон хүчнийг бэлтгэн, нутагтаа ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байна. Төв аймгийн Баян сум 1924 онд байгуулагдсан. Цант, Өгөөмөр, Цавчир гэсэн 3 багтай. Улаанбаатар хотоос 100 км, аймгийн төвөөс 85 км зайд байрладаг. Эдийн засгийн голлох салбарууд нь мал аж ахуй, худалдаа, үйлдвэрлэл, уул уурхай. Сумын нутаг дэвсгэрийн 90%-ийг бэлчээрийн талбай эзэлдэг. Сумын ЗДТГ, Соёлын төв, Эрүүл мэндийн төв, 75 хүүхдийн цэцэрлэг, 200 хүүхдийн сургууль, 75 хүүхдийн дотуур байр, Төрийн албан хаагдын 8 айлын орон сууц, цагдаагийн кабон, ХААН, Төрийн банк зэрэг шугам сүлжээнд холбогдсон барилга байгууламжуудтай. Сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2015 онд баталсан.
-2021 он бүтээн байгуулалтын хувьд үр өгөөжтэй жил байж чадав уу? Мөн өнгөрөгч оныг Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих урианы жил болгон зарласан, урианы жилийн хэрэгжилт хэдэн хувьтай байсан бэ?-2021 он дэлхий нийтийг хамарсан "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай, төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлууд хугацаанаасаа хоцорч хийгдсэн хэдий ч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхой үр дүнд хүрсэн жил байлаа. Өнгөрөгч онд Соёл амралтын хүрээлэнгийн гүйлтийн замын ажил, Бамбар болон Дашгай хорооны гэрэлтүүлгийн ажил, сумын төвийн худаг засвар, Цант, Цавчир багт мал угаалгын ванн барих ажил, Дэлбээ цэцэрлэгийн халаалтын паар шинэчлэх, Цагаан гол хороог эрчим хүчинд холбох зэрэг олон ажлыг хийсэн жил боллоо. 2021 оныг сумын хэмжээнд “Хүний хөгжил-Эрүүл мэндийг дэмжих” урианы жил болгон зарлан ажиллаж жилийн эцсийн хэрэгжилт 90.2%-тай үнэлэгдсэн.
- 2021 онд шинээр санаачилж уламжлал болгосон үйл ажиллагаа байгаа юу? -Өнгөрөгч онд сумын хэмжээнд анх удаа 60-аас дээш насны ахмадуудад 1 тонн нүүрс үнэгүй олгох ажлыг хэрэгжүүлсэн. Энэ жилээс Засаг даргын нэрэмжит оюутны тэтгэлгийг мөн анх удаа бий болгохоор зорин ажиллаж байна.
-Халамжаас татгалзаж хөдөлмөрт шилжих бодлого хэр шатандаа явж байгаа вэ? Сумын хувьд хөдөлмөр эрхлэлтийн түвшин ямар байна вэ? -Жилийн эцсийн байдлаар сумын хүн ам 2143 болсон. Хөдөлмөрийн насны хүн ам 1049, ажилгүй иргэн 96, ажилгүйдлийн түвшин 9.15% байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 10 гаруй иргэн байна. Сумын ЗДТГ-аас сум хөгжүүлэх сангийн зээлийн төсөлд хамруулан ажлын байр өргөтгөх, орчны тохижилт сайжруулахад нь тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг.
-Танай сумын брэнд юу вэ? -Баян сум бол мал аж ахуйн бүс нутаг. Мал аж ахуй бол манай сумын брэнд юм. Үүний зэрэгцээ нүүрс, жонш, бусад ашигт малтмалуудтай.
-Сумын хэмжээнд хогийн менежмент ямар түвшинд байгаа вэ? -Сумын хогийн менежментийг сайжруулах зорилгоор “Хоггүй Монгол” ТББ-тай хамтран ажиллах гэрээг байгуулан энэ оны
3 дугаар сараас сургалт сурталчилгаа, иргэд рүү чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Цаашид сумын хэмжээнд хог хаягдлаа ангилан ялгадаг болох, дайвар бүтээгдэхүүн худалдан авах түр цэгүүдийг бий болгох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн.
-2022 оны төсөв хэдээр батлагдсан бэ? Төлөвлөсөн ажлаасаа онцолбол?-Сумын ИТХ-ын 2021 оны 03 дугаар хуралдаанаар сумын төсөв 3,058,392,100 төгрөгөөр батлагдсан бөгөөд энэхүү төсөв хөрөнгө оруулалтын хүрээнд ЕБС-ийн спорт заалны барилгын ажил, сумын үерийн далангийн ажил эхлүүлэх, Дашгай хороо болон Хоолт хороог иж бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ЭМТ, Соёлын төвийн дээврийн засварын ажлууд, ЗДТГ, ЕБС-ийн засварын ажил, Цагдаагийн кабоны засвар, сумын төвийн камер нэмэгдүүлэх гээд олон ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн.
-Энэ жилийг "Ногоон хөгжил- Баялаг бүтээгчдийг дэмжих жил" урианы жил болгон зарласан. Тус урианы ажлын хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлаасаа хуваалцвал? -2022 оныг Төв аймгийн хэмжээнд “Ногоон хөгжил-Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарласан. Урианы жилийн хүрээнд Баян сумын хэмжээнд “Эко-Баян” өдөрлөгийг тогтмол зохион байгуулж хэвших, сумын түүхт 100 жилийн ой угтсан бүтээлч ажлын хүрээнд 100,000 мод тарих уриалгыг гарган ажиллаж байна. Мөн урианы жилийн ажлыг зохион байгуулах хороог сумын Засаг даргын 2022 оны 1 дүгэээр сарын 14-ний өдрийн А/03 дугаар захирамжаар байгуулан урианы жилийн ажлын төлөвлөгөөг боловсруулахаар ажиллаж байна.
-Ярилцсанд баярлалаа.