Украин: Пуужингийн террор–Оросын эцсийн цөхрөл

332

Украинд цэргийн тусгай ажиллагаа Орос явуулж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэртэй байдал хангах үүднээс украины Унiан.net, Freeдoм ТВ, Вот Так, Белсат сайт болон АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин, Британийн Батлан хамгаалахын сайд Бен Воллес, украины генерал Николай Маломуж, Николаев мужийн дарга Виталий Ким нарын ярьснаас түүвэрлэн oрчуулж сонирхуулъя. Энд sonin.mn сайтын байр суурь тусгагдаагүй болно. 
Украины сөрөг давшилт 4 үе шаттай явагдаж байна. Наймдугаар сарын сүүлчээс эхэлсэн. Харьков мужаа бараг бүхэлд нь чөлөөлөөд байна. Аравдугаар сарын 2-ны өдөр гэхэд Донецк мужийн Лиман хотоо чөлөөлсөн. Аравдугаар сарын  8-ны өдөр гэхэд Донецк мужийнхаа 40 тосгон сууринг чөлөөлсөн. Аравдугаар сарын 9-ний байдлаар Херсон муждаа 1170 кв.км газар нутгаа чөлөөлсөн ба 12-ны байдлаар Херсоны 5 том сууринг чөлөөлжээ.
 
Одоо украины арми Луганск мужийн гүн рүү довтлон явна. Донецк мужид оросын удаа дараагийн давшилтыг няцааж хүн хүчний хохирол учрууллаа. Оросын цэрэг ганц ч км эзлэн авч чадсангүй. Ухрахад бэлэн байна. Фронтоос ямагт гэгээтэй мэдээ цувна. “Нисдэг танк” гэх хочтой  оросын Ка-52 нисдэг тэргийг 18 минутад 4-ийг угсруулан харваж унагасныг украины бэлтгэл хошууч генерал Виктор Ягун нэрлэв.  Фронт дээр халз тулалдаад нэгэнт ялж чадахгүй болсондоо хорсож Украины энгийн хүн ам, энхийн хотуудад пуужин дроноор баахан дайралт хийж байгаа ч фронтын байдал Оросын эсрэгээр явж байна. Орос ялагдлаа тэр яргаллаараа нөхөж чадахгүй. Орос цөхөрчээ. Сүүлчийн сумаа тавьж байх шиг. Энэ цөхрөл нь явж явж ОХУ-ыг задрахад хүргэнэ. Украины гадаад тагнуулын албаны экс-дарга генерал Николай Маломужийн үзэж байгаагаар ОХУ задарч, суурин дээр нь 26 улс тусгаар тогтнолоо зарлах бөгөөд Оросын баруун ба өмнөд зарим бүс нутаг нь Украины бүрэлдэхүүнд орохоор хүсэлт гаргах ажээ. Орос дахь мусульман хүн ам төвлөрдөг муж, БНУ-уудад дайчилгаа зарлахгүй, зарласан нэгэнд нь дайчилгааг эсэргүүцэн болиулж байгаагаар бол ОХУ-ын задрал нэгэнтээ эхэлжээ гэв. 
 
Оросын цөхрөл, пуужингийн үр дүнгүй террор, эмх замбараагүй дайчилгаатай зэрэгцэн Брюссельд (Бельги) “Рамштайн-6” гэх Батлан хамгаалах сайд нарын уулзалт болж 50 улс төлөөлөгчдөө илгээн Оросын түрэмгийллийн эсрэг шударга дайнд нь Украинд хэрхэн туслахаа ярилцжээ. Энэ бол улс төрийн эв нэгдлээ илэрхийлэх төдийгүй оросын террорист халдлагын эсрэг тус улсыг хэрхэн зэвсэглэх вэ гэдэг практик асуудал юм. Пентагоны тэргүүн Ллойд Остины хэлсэн үгс анхаарал татаж байна. АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч хатагтай Андреа Калан Брюссель дэх НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын өргөтгөсөн уулзалтын тухай ч дэлгэрэнгүй ярьжээ.
 
Юуны өмнө НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нар, нийт 50 улсын төлөөлөгчид Украины зэвсэгт хүчний байлдааныг магтаж сайшаажээ. Сөрөг давшилтаа амжилттай хийж байна. Байлдах урлагийг гайхамшигтай үзүүлж байна. Барууны зэвсгүүдийг зөв оновчтой ашиглаж байна. Харин Кремлиэс тушаал буулгаж Украины энхийн хотуудыг бөөн хүчээр галлаж пуужиндаж байгаа нь Путины цэргийн гэмт хэрэг мөн. Тийм ч учраас  G20 уулзалтад Кремлийн тэргүүн очлоо ч Байден цэргийн гэмт хэрэгтэнтэй уулзахгүй байхаар нэгэнтээ шийдсэн гэжээ. Пентагоны тэргүүний прогнозоор, Украины зэвсэгт хүчний сөрөг давшилт өвөл гэхэд дуусах ба украиныхаа бүх газар нутгийг чөлөөлж чадахаар байгаа ажээ. Харин Украин эрх ашгаа хамгаалах, бүрэн эрхт нутаг дэвсгэрээ чөлөөлөхөд олон улсын хамтын нийгэмлэг эв нэгдэлтэйгээр бүх талаар туслах ёстой. Байлдааны талбарт үр бүтээлтэй тулалдахад нь бид бүх талаар тусална, Украин ч өөрийн нутаг дэвсгэрээ эргүүлэн авч чадна гэж Остин мэдэгдэв. 
 
Тус улсын дорнод, өмнөдөд оросын түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх ариун дайн амжилттай үргэлжилж байна, ийм идэвхжлийг бид өвөл хүртэл харах болно. Харин одоо Украин нь агаарын довтолгооноос хамгаалах шинэ систем ойрын үед авах болно– Остин хэлэв. Украинд Орос нь байлдааны ямар ч урам зориггүй, хангалт муу, сум галт хэрэгслээр байнга гачигдсан, улс төрийн хувьд тогтворгүй, сүйрлийн байдалтай байгааг Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Воллес “Evening Standard” сонинд ярилцлага өгөхдөө тэмдэглэжээ. Украинд Оросын арми хэд хэдэн удаа амжилтгүй байлдсанаасаа болоод “ОХУ энэ цаг үеэс эхлэн их гүрэн биш боллоо” гэх ойлголт Ерөнхийлөгч Путин авчээ. “Тэр яг тэгж ойлгож байгаа нь илт байна. Юу гэвэл Орос их гүрэн биш боллоо. Энэ л хамгийн чухал юм”- Бен Воллес хэлжээ. Оросын цэргийн боломж нь энэ, стратегийн хуурамч таамагтаа дэндүү итгэсэн байна, тэгээд ч ялагдаж байна. Тэд алхам тутамдаа Украиныг хэт доогуур, Оросыгоо хэт дээгүүр үнэлж байжээ. Гэвч Путинд сая сая хүн нөөцөнд нь байна. Тэр ямар ч дүрэмгүй, ямар ч хүндэтгэлгүйгээр тэднийг махны машин руу илгээж, гэмгүй, энгийн хүмүүсийн амь насаар тоглож байна.  Путины стратегийн төсөөлөл нь бүхэлдээ буруу байна. Украинд алагдсан, шархадсан, оргож зугтсан оросын цэрэг аль хэдийнэ 80 мянгаас давсан - Бен Воллесын хэлсэн үгс. 
сонин mn
Оросын цэргийн санаа сэтгэл ямар байгаа, ялангуяа хамгийн түрүүн алуулна гэсэн айдастай оросын явган цэргийн талаар украины улс төрч Виталий Ким ярьж байна. “Чмобики” гэж нэрлэдэг дайчлагдсан цэргүүд түрүүчээсээ фронтод иржээ. Тэд дайнд ямар ч бэлтгэлгүй, бушуухан олзлогдохыг л хүсдэг, дайчлагдсан оросуудын байж байгаа нь энэ хэмээжээ. Тэд үнэхээр чадваргүй, тэднээс ганц нэг нь буудаж чаддаг байх, гэвч тэд хүн учраас бид шоолж элэглэх хэрэггүй. Ямар ч гэсэн тэд тэнд байгаагаараа, манай энд ирснээрээ бол манай зэвсэгт хүчинд аюул тарина, харин ноцтой аюул тарьж чадах уу гэдгийг шууд хэлэхэд хэцүү байна. Цэргийнхэн үүнд хариу хэлэг, анализ хийг. Ямар ч гэсэн тэдний олонхид мотивац алга. Тэд бэлтгэгдээгүй, бууж өгөх хүсэлтэй- Виталий Ким хэлэв.
 
Оросын цэргийнхэнд зориулсан “Хочу жить” (Амьдрахыг хүснэ) гэсэн төсөл хэрэгжиж байгаа ба түүний хүрээнд олзлогдогсдыг хүлээн авдаг. Орос цэргүүд Украинд байлдах хэрэггүй юм байна гэдгээ хурдан ойлгодог. Сайн дураараа бууж өгч олзлогдож буй нь хэдэн хувь гэдгийг мэдэхгүй, харин “Эх орныхоо төлөө үхнэ” гэсэн орос цэрэг тэдэн дотор алга байна. Эхний буун дуунаар л орос цэргүүд гэнэт сэрдэг, өөрсдийнх нь хийх дайн биш байна, мэхлэгдсэн байна гэдгээ гэнэт ухаарч сэрдэг хэмээн Ким нэмж хэлжээ.
 
Эзлэн түрэмгийлэгчдийн сэтгэл санаа тун тааруухан. Эмх замбараагүй ухардаг, тарж зугтдаг, олзлогдохоороо гэмгүй царайлдаг, ер нь оросын цэрэгт дайчлагдсандаа ичсэн, гутарсан хүн олон байна. Хүн хүн ямар бодолтой цэрэгт дайчлагддагийг мэдэхгүй, тэдэнд урагш тэмүүлж бууж өгөхөөс өөр гарц алга. Ухарч зугтвал ард нь заградотрядууд байна. Ухрах боломж өгөхгүй шууд устгана. Дайн хийх хүсэлтэй мэргэжлийн цэргийнхэн гэж бий, тэр дундаа  чеченчүүд. Тэд байлдах гэж ирсэн, гэхдээ тэргүүн шугамд биш, залхаан цээрүүлэгчээр, эсвэл заградотрядад. Ар талаас холын тусгалт их буугаар манай хотуудыг галлаад байдаг нь чеченчүүд юм. Явган цэрэг л хамгийн их хохирох юм даа. Оросын армийн явган цэрэг маш их хохирол амслаа, тийм учраас тэд ёс суртахуун сэтгэл санаагаар маш унанги байна. Херсон хотыг цус бага урсгаж чөлөөлж авмаар байдаг, гэвч тэнд дайсан байгааг мартаж болохгүй. Дайсан тодорхой тоотой, тодорхой хүч хэрэгсэлтэй, төлөвлөгөөтэй. Оросын төлөвлөгөөнд хотыг орхиод гарна гэсэн заалт байхгүй. Гэхдээ зугтах гэж бэлтгэж байгаа нь бас худлаа биш хэмээн Николаев мужийн захирагч Ким ярьжээ.
 
 
Орос, англи хэлнээс түүвэрлэн хөрвүүлсэн Д.Номиндарь
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn