Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцлээ

391
Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын оролцогчидөнөөдөр /2023.02.15/ “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдвээр хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн М.Оюунчимэг үдээс хойших нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллав. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг, хэсгийн хэлэлцүүлгээс харахад оролцогчид маань идэвхтэй, хариуцлагатай, зохион байгуулалттай, асуудалд нухацтай, ажил хэрэгч хандаж байна. Аливаа улсын баялаг бол хүн. Монголын баялаг бол монгол хүн. Монгол хүн эрүүл, боловсролтой, ажилтай орлоготой байх, баталгаатай, эрүүл аюулгүй орчинд амьдрах гэх мэт асуудлуудад иргэд шүүмжлэлтэй ханддаг. Ажилгүйдэл, ядуурлын түвшин цар тахлын дараа нэмэгдсэн. Агаар, хөрсний бохирдол л гэхэд хот, хөдөөгүй ихэссэн. Эрүүл мэнд, боловсролын салбарт эрс шинэчлэл, өөрчлөлт хийхгүй бол доголдож байна гэж бид ярьдаг. Төсөв хэлэлцэх болгонд бид эрүүл мэнд, боловсролын салбарын төсвийг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээнүүдийг авч байгаа ч гэсэн дунд, доод шатандаа хэрэгжилтэд асуудал гарч байна. Эрүүл мэндийн салбарт л гэхэд гүйцэтгэлд тулгуурлаж санхүүжилт хийж эхэлсэн. Анхан, дунд шатанд асуудал нэлээд гарч байгаа. Бид хийж байгаа шинэчлэлээ үр дүнтэй, монгол хүндээ хүртээмжтэй болгох шаардлагатай байна. Төр засгаас авч байгаа арга хэмжээ амьдралын баталгааг хангаж чадахуйц байх асуудал өнөөдөр чухлаар тавигдаж байна. Ийм учраас "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх уулзалтын нэг гол сэдэв бол “Нийгмийн тулгамдсан асуудал” сэдэв юм гэдгийг тодотгов.
Зөвлөлдөх уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэгт зөвлөлдөх санал асуулгын үндсэн сэдвүүдийн үндэслэл шаардлагын талаар эрдэмтэн судлаачид, мэргэжлийн хүмүүс тэнцвэртэй мэдээлэл өгөх зохицуулалттай бөгөөд энэ хүрээнд Удирдлагын академийн Төрийн инновац, хөгжлийн албаны сургалтын зохицуулагч, доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг, Удирдлагын Академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга нар илтгэл тавьж, мэдээлэл өглөө.
Монгол Улс нь НҮБ-ын гэрээ, конвенцид нэгдэн орж, Үндсэн хууль болон бусад хууль тогтоомждоо хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болохыг зааж, улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдрал, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй хэмээн тунхагласан билээ. Гэсэн хэдий ч бодит байдалд гадаадад ажиллагчдын дийлэнх нь залуу эрэгтэйчүүд, хотод ирж суралцагчдын дийлэнх нь залуу эмэгтэйчүүд, Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил байгаа нь дэлхийн дунджаас 2 дахин өндөр, эмэгтэйчүүд улс төр, шийдвэр гаргах түвшинд томилогдон ажиллах байдал нь 30 хувьд ч хүрэхгүй, ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцооны түвшин буурсны зэрэгцээ эмэгтэйчүүдийн цалингийн дундаж эрэгтэйчүүдийнхээс доогуур хэвээр, зөрүү нь багасаагүй, ажилд авахад эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь ялгаварлан гадуурхах явдал гарсаар байгааг доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эрэгтэй, эмэгтэй тэгш байх эрхийг хэрэгжүүлэх” илтгэлдээ дурдав.
Нийгмийн өмнө тулгарч буй эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн үзэл баримтлал, зарчмыг салбарын хуулиудад бүрэн тусгаж тууштай хэрэгжүүлэх, удирдах албан тушаал дахь эрэгтэй, эмэгтэй хүний төлөөллийн доод хувь хэмжээг тус хуульд заасны дагуу практикт хэрэгжүүлэх, бодлого төлөвлөлт, төсөвлөлтийн хүрээнд жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг ашиглахыг дэмжих шаардлагатайг доктор (Ph.D), профессор Н.Наранчимэг танилцууллаа.
Илтгэгч доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол хүний хөдөлмөрийн бодит үнэлэмж” илтгэлийн хүрээнд хөдөлмөрийн үнэлэмжийн өнөөгийн байдал, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн тулгамдсан асуудлын талаар зөвлөлдөх уулзалтын оролцогчдод мэдээлэл өглөө. Хэдийгээр манай улсад хөдөлмөрлөх хууль эрх зүйн орчин бүрдсэн, хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурав болон хоёр талт харилцаа харьцангуй төлөвшсөн, нийгмийн хамгаалал, халамжийн төрөл олон байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсний түвшин бага, ажилгүйдэл, ядуурлын түвшин өндөр, цагаач ажиллагчдын урсгал хөдөлгөөн нэмэгдэж байгаа нь тулгамдсан асуудал болж байна.
Иргэдийн амьдралд тохиолдож болох эрсдэлээс хамгаалах, түүний сөрөг үр дагаврыг бууруулах, төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын арга хэрэгсэл бол Эрүүл мэндийн даатгалын сан, Нийгмийн даатгалын сан юм. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төрийн захиргааны төв байгууллагын эрх мэдэл давамгайлж, тэдгээрийг сайдууд  толгойлдог нь эдгээр сангийн зарцуулалтыг хуваарилахад зарим гажуудал үүсгэж, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг бүрдүүлэхэд төр голлох үүрэгтэй оролцож байгааг илтгэгч дурдсан юм.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн орлогын зарцуулалтыг ил тод, нээлттэй болгосноор даатгуулагч, ажил олгогчид болон иргэдийн даатгалд хамрагдах сонирхол нэмэгдэж, сангийн орлогын бааз суурь, хөрөнгийн хяналт сайжирч, хагас хуримтлал, цаашлаад хуримтлалын тогтолцоог хэрэгжүүлэх суурь нөхцөл болно хэмээн доктор (Ph.D), дэд профессор Б.Нарантулга хэлэв.
Эрүүл мэндийн даатгалын сан, нийгмийн даатгалын санд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх нь чухал хүчин зүйл ч сангийн төсөв, хөрөнгийн удирдлагатай холбоотой шийдвэр гаргах үйл явц удаашрах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн төрөөс хараат байдлыг бууруулж, олон нийтийн, тэнцвэртэй хяналтыг бий болгосон ч сангийн эрсдэлийг олон нийт буюу даатгуулагч, ажил олгогч илүү хүлээх нөхцөл байдал үүсэж болзошгүй сул талтайг мөн дурдсан юм.
Ийнхүү илтгэгчид “Улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын амьдралд эрэгтэй, эмэгтэй тэгш байх эрхийг хэрэгжүүлэх”, “Ажил хөдөлмөр эрхэлж байгаа монгол хүний хөдөлмөрийн бодит үнэлэмж” илтгэлийн хүрээнд бодит байдал, тулгамдсан асуудал, санал болгож буй буй өөрчлөлтийн давуу болон сул талыг танилцуулсан юм.
Танилцуулга илтгэлийн дараа Зөвлөлдөх санал асуулгад оролцогчид 54 бүлэгт хуваагдан дээрх асуудлыг хөндлөнгийн нөлөөгүйгээр санал бодлоо солилцон, эргэн нэгдсэн хэлэлцүүлгийн танхимдаа цуглан бүлэг бүрээс гарсан асуултууддаа экспертүүдээс хариулт авлаа.

Бүлгүүдээс, Нийгмийн даатгалын сангийн хуримтлал зориулалтын дагуу зарцуулагдаж байгаа юу, Нийгмийн даатгалын санд  хэдэн удаа шалгалт хийсэн бэ, 1990 оноос өмнө ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр дорвитой нэмэгдэхгүй байна. Энэ тал дээр ямар арга хэмжээ авах вэ, Хөдөлмөрийн хөлсний хэмжээ доогуур байна, гэтэл хөдөлмөрийн хөлснөөс авах татвар өндөр байна, үүнийг зохицуулж болох уу, хөдөө орон нутагт амьдарч байгаа залуусын тэгш бус байдал нэмэгдэж, гэр бүлгүй малчин залуус олширч байна, хөдөө орон нутагт хүн амын тэнцвэртэй байдлыг хангах талаар төрөөс хэрхэн анхаарч байна вэ, малчдын орон нутагт амьдрах нөхцөл, сонирхлыг хэрхэн бүрдүүлэх вэ гэх зэрэг олон асуулт асуусан юм.

Асуултад  Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, “Зөвлөлдөх зөвлөл”-ийн гишүүн С.Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн захирал, дэд профессор Г.Баярмаа нар хариуллаа.
“Нийгмийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг нь нэгдсэн хэлэлцүүлгийн сүүлийн сэдэв бөгөөд энэ хэлэлцүүлгийн дараа "Зөвлөлдөж шийдье" улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалтын оролцогчид хоёрдахь шатны санал асуулгад оролцох юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn