Авлигыг үндэс сууриар нь цэвэрлэх “5Ш” ажиллагаа

113

Дэлхий дахинд авлига эрчимтэй нэмэгдэж буй арван орны нэгээр Монгол Улс нэрлэгдэх болов. Сүүлийн жилүүдэд авлигын индексээр байнга л ухарсаар ирсэн. “Хамгийн муу үзүүлэлттэй улс” гэж бүхэл бүтэн таван жил цоллогдлоо. Энэ бол төрийн бүх шатанд авлига, албан тушаалын гэмт хэрэг замбараагаа алдаж, дийлдэшгүй том систем ноёлсонтой холбоотой. Эрх мэдэлтнүүд иргэдээсээ, ирээдүйгээсээ ямар их боломж хулгайлсныг том, том мөнгөн дүнтэй хэргүүдээс харж байна.
Монгол Улс 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Гүйцэтгэх засаглал авлигатай тэмцэх ажиллагааг түүхэндээ анх удаа манлайлж, “5Ш” ажиллагааг зарлан хэрэгжүүлж эхлэв. Тэр нь “Шүгэл”, “Шүүр”, “Шувуу”, “Шилжүүлэн авах”, “Шил” ажиллагаа юм. Энэ хүрээнд Хөгжлийн банкны хэрэг, нүүрсний хулгайн сонсголыг ард түмэнд нээлттэй, ил тод зохион байгуулахад Засгийн газар анх удаа шүгэл үлээж чадлаа.
Мөн улсын хилээр гарч зугтаасан, гадаадаас авч ирэх шаардлагатай 92 хүний нэрсийг “Шувуу” ажиллагаагаар олон нийтэд зарлаад байгаа. Эхний баривчлагдаж ирсэн хүн Т.Бадамжунай байв. Түүнээс гадна авлига, албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байгаад оргон зайлсан хүмүүсийг авч ирэхээр холбогдох байгууллагууд бүх талын арга хэмжээ авч ажилласаар буй. Тэгвэл “Шил” ажиллагааны хүрээнд дөрвөн тусгай сангийн мэдээллийг олон ил тод байршуулсан. Мөн 975 мянган өгөгдөл мэдээллийг нийтэд болгожээ. Тусгай сангуудын мэдээлэл ил байх тусам төрийн хулгай багасна. Энэ мэтчилэн авлигыг үндсээр нь устгахын тулд Засгийн газар зоригтой бас тууштай тэмцэх ёстой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигын эсрэг энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүй” гэдгээ УИХ-ын чуулганы индэр дээрээс удаа дараа мэдэгдэж байсан. Авлигын мафижсан сүлжээг задлахад нам харгалзахгүй хариуцлага тооцох нь ч зөв. Өнгөрсөн 30 жил найз нөхөд, танил талаараа явж ирсэн авлигын гинжин хэлхээсийг тасдахад мэдээж маш их эсэргүүцэл, саад бэрхшээлтэй тулгарна. Ерөнхий сайд тэр бүгдийг сөрөн зогсож, бугшсан авлигын системийг нурааж чадвал Монгол Улс авлигаас ангижирна.
“5Ш” ажиллагаа эхэлснээс хойш нийгэм, эдийн засагт олон эерэг үр дүн гарч байгааг судлаачид онцлох юм билээ. Эдийн засгийн хувьд ДНБ 5000 ам.доллар давлаа. Экспортын орлого анх удаа хоёр оронтой тоонд хүрлээ. Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөв. Энэ бол авлигын эсрэг тэмцэл тэмцэл үр дүнд хүрч эхэлсний тод жишээ юм.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын эхлүүлсэн Аавлигатай тэмцэх тэмцлийн хамгийн том үр дүн бол төрийн өндөр албан тушаалыг сонгосон хэн бүхэн авлига, ашиг сонирхлоос ангид байж, өөрсдөө ёс зүйгээр манлайлах соёлыг нутагшуулахад чиглэх ёстой.
М.МӨНХЦЭЦЭГ
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn