Шинэ машин унасан хуучин сэтгэлгээгээ халъя

218

2014 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашинууд “Евро-5” стандартын шатахуун хэрэглэнэ гэсэн үйлдвэрийн заалттай орж ирдэг болсныг та мэдэх үү.  Магадгүй, энэ талаарх мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж, өөрийн машиндаа стандарт бус түлш хэрэглэж байгаа юм биш биз.  Цаашлаад машиныхаа эд ангийг эвдэж, эдийн засгаараа хохирч байна уу.  Ер нь бид шинэ машин унасан хуучин сэтгэлгээгээ халах цаг болсон юм биш үү.
European emission standards гэж дэлхийн дахинд хэрэглээд эхэллээ. Шатахууныг байгаль орчинд ээлтэйн зэрэгцээ хэрэглэгчид ээлтэй байлгахаар үе шаттайгаар нэвтрүүлсэн стандарт. Тоо ахих тусам чанар нь нэмэгдэнэ. Тоо нь нэмэгдээд, стандарт нь өндөрсөх тусмаа шаталт нь сайжраад, машины хэрэглээг ч уртасгаад, байгаль орчинд үзүүлэх хөнөөл нь ч багасна гэсэн үг. Стандарт ахих тусам километр тутамд ялгаруулдаг азотын исэл яаж багасдаг болохыг хавсаргасан зурагнаас харж болно.  Европын комиссоос 2006 онд судлаад Евро 4-өөс Евро 5-д шилжвэл агаарын чанарт үзүүлэх сөрөг нөлөө нь 24 хувиар буурахыг тогтоогоод, 2011 оноос энэ стандартыг нэвтрүүлээд эхэлчихсэн.  Одоо бүр дэлхийд  “Евро-7” стандарт яригдаж байна.   Стандартын шатахуун хэрэглэх нь агаарын бохирдлыг бууруулахаас гадна автомашинаа эвдрэл гэмтлээс хамгаалах зэрэг олон давуу талтай.    Харин манайхан стандартын бус шатахуунаа хэрэглэсээр байгаа нь харамсалтай.
Гүржид л гэхэд Ерөнхий сайд Гарибашвили өнгөрсөн зун Евро-5 стандартад шилжиж буйгаа албан ёсоор зарласан. Сая  нэгдүгээр сарын 1-нээс жижиг оврын машинууд, ирэх оноос том оврын машинууд заавал “Евро-5” стандартын түлш хэрэглэх заалттай болсон. Шалтгаан нь мэдээж агаарын бохирдлыг бууруулах.  Тбилис хотод 25 байршилд үнэлгээ хийхэд 13-т нь агаарын бохирдол өндөр байгаа тул ийм алхам хийсэн.  ОХУ Ангарскт хөгжиж буй орнуудад экспортлоход зориулж Евро 2 стандартын шатахуун үйлдвэрлэж байгаагаас бид үндсэн хэрэглээгээ хангаж байгаа. Евро-2 гэдэг бол 1990-ээд оны стандарт.  Хил даваад хийсэн бензин сайн, Монголд хийсэн шатахуунууд муу гээд цуураад байдаг ч үүнтэй л холбоотой болов уу.  
Манай Улаанбаатарын агаарын бохирдлын үндсэн шалтгааны нэг нь гэр хорооллын утаа. Гэхдээ энэ бол цор ганц шалтгаан биш.  Үүний араас автомашины утаа, цахилгаан станцын утаа ч нөлөөлөх хүчин зүйл байсаар байна.   Тэгэхээр гэр хорооллын бүх янданг алга болгоод ч агаарын бохирдлоос бүрэн салахгүй гэсэн үг.  Автомашинууд муу шатахуун, түлш ашиглах тусам агаарыг илүү бохирдуулна. Бид л одоо шатахууны сайн, мууг ялгаж ярихтай болж байгаа ч гэсэн бусад орнуудад эртнээс яригдсан сэдэв. 
Евро-5 дизелийн түлш дэх хүхрийн агууламж  Евро-2 түлшнийхээс 200 дахин бага, автомашины утаасаа ялгарах тоосонцрын хэмжээг 95 хувиар, нүүрс хүчил болон метан хийг 80 хувиар, азотын исэлийг 90 хувь хүртэл бууруулдаг байна.
Түүнчлэн автомашиндаа техникийн заалтаас зөрүүтэй шатахуун хэрэглэснээр автомашины эдэлгээ багасаж, урсгал зардал нэмэгддэг. Евро-5 стандартын шатахуун нь бензин зарцуулалтыг гурван хувь, хөдөлгүүрийн бохирдлыг 75 хувь хүртэл багасгадаг байна.
Одоо манайд явж буй ихэнх автомашинууд Евро-5 стандартын шатахуун хэрэглэх заалттай боловч автомашины техникийн гэрчилгээ дээр бичигдээгүй өөр шатахуун хийснээс болж түлшний зарцуулалт нэмэгдэх, хүч багасах, сэвчээ хурдан бохирдох, катализатор бөглөрөх, форсунк доголдох, хэт бохир утаа гаргах зэрэг асуудлууд түгээмэл гарч байна. 
Энэ талаар саяхан нэг иргэн цахим орчинд байр сууриа илэрхийлжээ.  Тэрбээр “Монголд худалдаалагдаж байгаа шатахууны чанар үнэхээр хэцүү болжээ. Шатахууны чанарыг хянадаг мэргэжлийн байгууллага гэж алга болсон байна. Машин маань явахаа болиод засварын газар үзүүлсэн чинь  холимогийн хаалт, порсунк гээд явах эд анги бүгд эвдэрсэн байна.  Моторт нөлөөлсөн гэлээ. Шалтгаан нь юу вэ гэсэн авто инженерүүд ерөөсөө л шатахууны тухай ярьж байна. Чанаргүй шатахуун хэрэглээд хохирч байна.  Шатахууныхаа стандартыг гаргаж хэрэгжүүлээч.  Хулхи шатахуунаас чинь болж өчнөөн олон мянган иргэд эд хөрөнгө, цаг хугацаагаараа хохирч байна.  Шатахууны шантаажчин, шагчид хэрээс хэтэрлээ.  Авто инженерүүд бүрэн цэвэрлэгээ хийж байж л машины доголдол арилна гэж байна.  Уг нь дэлхий нийтээрээ “Евро-5” стандартыг хэрэгжүүлээд эхэлсэн.  Харин манайх гарал үүсэл тодорхойгүй шатахуун хэрэглээд хохирсоор байна.  Тэгээд шатахууныг чинь өгөхгүй, нийлүүлэхгүй гэж айлгана.  Тэрнээс нь бид айна.  Ийм нөхцөл байдалтай цаашаа явмааргүй байна.  Одоо засварт орж байгаа машины дийлэнх нь чанаргүй шатахуун хэрэглэснээс болж байна.  Төрийн алдаатай бодлого хувийн хэвшил хоёрын дунд нь иргэд хохироод байна.  Энэ нөхцөл байдлыг засаж сайжруулах хэрэгтэй.  Ядаж жолооч нар маань Евро-5 стандартын шатахуун хэрэглэмээр байна” гэлээ. 
Манай улс агаар орчны бохирдлыг бууруулах, иргэдийн хэрэглээний зардлыг багасгахын тулд өндөр чанар, стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. Евро-5 стандартын шатахуун нь бензин зарцуулалтыг гурван хувь, хөдөлгүүрийн бохирдлыг 75 хувь хүртэл багасгадаг байна. Шинэ машин унасан хуучин сэтгэлгээгээ халах цаг болжээ.  

https://itoim.mn/a/2024/03/21/for-you/vwt
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn