Эчнээ сонгууль

522

Малчин Дорж бол хөдөөгийн нийт ард иргэдийн яг алтан дундаж. Зуу гаруй малтай, хөл дүүжлэх унаатай ч бэлэн мөнгөний гачлантай учир чухал хэрэг гарсан үед л хөдөлгөх сонирхолтой. Гэтэл аминд тулсан үед л бензин тос гарздах энэ бодолд нь Орон нутгийн сонгууль гэж том “гай” гарч иржээ. Саналаа өгөхгүй бол сонгуулийн талаар гомдол мэдүүлэх эрхгүй болох заалтыг Орон нутгийн сонгуулийн тухай хуульд шургуулсан гэдгийг тэрбээр мэдээдэхэж. Тиймээс өвөлжөөндөө буулгүй хэсэг харзнажээ. Гэтэл өвлийн бэлтгэл юу, юугүй хамарт тулаад ирж. Орон нутгийн сонгууль ирц муутай. Тийм ч учраас хатуу гишүүнчлэлтэй намууд гишүүдээрээ уралддаг юм. Нэг ёсондоо Дорж мэт үнэд орж байна гэсэн үг л дээ. Даан ч өвлийн бэлтгэлээ базаалгүй горьгүй. Ингээд л мань хүн сүүлийн хэд хоног өрөнд орсон хятад шиг “Яах вэ” хэмээн шаналж байгаа юмсанж. Уг нь бол мань хүн сонгуульд оролцохоо үүрэг гэж боддог иргэн хүн. Сонгуулийг жинхэнэ утгаар нь баяр цэнгэл наадмын хэмжээнд тэмдэглэдэг байсан өмнөх нийгмийн бүтээгдэхүүн. Үр хүүхдээ ч насанд хүрсэн цагаас нь “Улс орны жолоог атгалцаж байгаа хүн шүү чи” гэж яс маханд нь тултал ойлгуулан, бүлтийтэл нь гоёж аваад саналаа өгөхөөр гардаг байсан. Одоо тэр цаг ард хоцорч, үр хүүхдүүд нь өрх тусгаарлажээ. Сургууль соёлын мөр хөөхөөр хот бараадаж, тэндээ “шингэсэн” хэнз охиных нь тавиул хүүхэд хоёр хөгшний ганц түшиг болон үлдсэн байна. Бие өсгөлүүн ч нас нь бага.Энэ жил дөнгөж 18 шүргэж яваа юм. Гэсэн ч бага гэлтгүй, гэрийн гадна, дотно бүх л ажилд оролцож, борви бохисхийхгүй зүтгэнэ. Хөнгөн амьдрал хөөж явж алдсан ээжээсээ яаж төрсөн юм гэмээр ухаалаг, бас сэргэлэн. Эмээ өвөөдөө ч сайн гэж “ярихгүй”. Хөдөөний нэгэн буйд мухарт өөрсдийгөө пошхийлгээд байдаг ийм нэг айл гэр халуун бүлээрээ аж төрж байв аа.
Эвтэй гэхэд дэндүү эвтэй энэ халуун ам бүл сонгууль дөхөөд ирэхээр л уур амьсгал эрс хүйтэрч, илт улс төржин, Парламентын жижигрүүлсэн хувилбар болж хувирна. Доржийнх гэдэг айлыг үүсгэснээс хойш мань хоёр ахуйн сэдвээр ам мурийж үзсэнгүй. Гагц сонгуулийн үеэр л маргадаг “дөрвөн жилийн хэмнэлтэй” болчихсоноо өөрсдөө ч мэдэхгүй өнөөдрийг хүрчээ. Нутаг усандаа нэртэй хүний зүстэй үрсүүд ханилан суусных биз, хэн хэнийх нь ах дүүс нутаг усандаа сүрхий нэр хүндтэй. Гэр бүлийн хоёр ч үүнд сэтгэл хангалуун, бахархалтай явдаг байв. Засаг төр эргэж, “ардчилал”, “олон ургальч үзэл”, “олон намын систем” гэх мэт танил бус үг сонсогдон анхны ардчилсан сонгууль болох хүртэл энэ чигээрээ л байсан юм. Харин эхнэр, нөхрийн аль алиных нь ойрын хамаатан орон нутгийн сонгуульд хоёр өөр намаас нэр дэвшсэн явдал дөрөв, дөрвөн жилээр идэвхжих их маргааны суурийг тавьсан гэдгийг тэд эхэндээ мэдээгүй. Хөгшнийх нь төрсөн эгчийн хүүхэд сумын дарга болоод дараагийн сонгуульд төрсөн эгчийнх нь хүүхдийг “өвдөг шороодуулахад” л бага зэрэг гомдол төрж эхэлсэн аж. Улмаар сумын даргын местен дээрээ “лаглайтал” (Доржийн өөрийнх нь үг) суусаар байх тусам (эгчийнх нь хүүхэд байнга ялагдаж, элэг доог болох тусам гэвэл илүү онох ч байж мэднэ) улстөржих нь хэтэрхий болж иржээ.
Хөдөөнийхөн хотынхноосоо нэг их ялгараад байх юмгүй. Залуус нь дөрвөн жилд нэг удаа өгдөг сонгуулиа үүрэг гэхээсээ илүү ял шийтгэл юм шиг ойлгоцгооно. Гэхдээ багийн, эсвэл сумынх бол өөр хэрэг. Тэнд ихэвчлэн ойрын юм уу холын хамаатан, эсвэл төрсөн ах, эгч, ээж, эмээ, өвөө нь нэр дэвших тул жинхэнэ цусгүй дайн өрнөнө шүү дээ. Энэ голд, цаашлаад суманд “Хэний удам угсаа хүчтэй вэ” гэж л ярина. Үзэл баримтлал яриад нэмэргүй, “мах цусан баталгаа”-гаа л илүүд үзэх хүн олон. АН эсвэл  МАН-ын танихгүй хүнийг дэмжээд яах юм бэ, ахыгаа л дэмж, алс хэтдээ нөмөр нөөлөг нь хэрэг болно гэж эцэг, эх үүрэгдэнэ. Эцэг, эхийн үг бичигдээгүй хууль. Ахас ихсээ хүндлэх ёс хөдөөд хотыг бодвол илүү бат смуурьтай оршиж байдаг. Тийм ч учраас ач хүүгийнхээ “тархийг угааж” байгаад заавал саналыг нь авна, дүүгээ ялуулна гэж бодон, бодон сүүлийн нэг жилийг их л бодлоготой өнгөрөөсөн юмсанж. Насаараа худлаа ярьж үзээгүй, нүгэл гэж үздэг мөртөө өөрөөсөө харамлах шахан байж авч өгсөн гутлаа “Ах чинь (нэр дэвшдэг нөхөр) хүнээр өгч явуулжээ”гэж худлаа ярьсан ч удаатай.
Мөн чанараасаа зөрөн байж “нэг санал” бэлдсэн болохоор үр ашгийг нь үзчихмээр байдаг. Түрүүчийн сонгуулиар дүү нь цөөхөн саналаар ялагдаад бөөн маргаан дэгдээж, заргалдсаны эцэст яах ч аргагүй тахимаа өгөхөд сумын даргындаа худ ургаа мартан халамцуу давхин орж, “Дараачийн сонгуулиар заавал авч хаяна даа, чамайг” гэж заналтай нь аргагүй хэлснээ хэрхэн мартах билээ. Гэтэл ийм л эгзэгтэй үед сонгуулийн өдөр хойшилчихжээ. Ингээд “Сонгуулийн хуульд “Саналаа өгөхгүй бол төрийн албанд ажиллуулахгүй” гэсэн заалт байгаа гэсэн. Насаараа мал дагасан хоёр хөгшинд юуны хамаа. Харин муу хүү минь ирэх жил сургууль бараадвал 2025 онд ажилд орох хэрэг гарна гэсэн үг. Гэхдээ наана нь 2024 оны сонгууль гэж байгаа болохоор тэр үед нь өгчихвөл гайгүй биз. Аравдугаар сарын 15-ны өдөр тэнгэр хангай муудахгүй бол хүүгээ дагуулаад явсан ч яах вэ” гэж тунгаагаад аргагүйн эрхэнд өвөлжөө рүүгээ нүүжээ.
Орон нутгийн сонгуулийн санал авах өдөр тулжээ. Малчин Доржийнх өвөлжөөндөө буугаад удаагүй. Тэнгэр хангай ойрдоо хатуурхах шинжтэй, тэнгэрийн хаяа харанхуйлж, цас хаялна. Дорж хөгшиндөө хандан “Улс амьтан өвөлжөөндөө буухаас өмнө сонгуулиа хийчихсэн бол сайн байсан санж. Одоо ч саналаа өгч амжихгүй нь. Төв орох шатахунаа мод түлээгээ татахад хэрэглэсэн нь аминд өлзийтэй юм шиг байна. Тэнгэр хангай муухайрахаас өмнө өвөлжөөндөө буусан нь л их юм” гэхэд эмгэн “Тийм, үнэн. Сонгууль бид хоёроор дутав л гэж дээ хөгшөөн” хэмээн зөвшив. Тэгснээ нэгийг санах мэт (нэгэнт саналаа өгөхгүй болсон юм чинь гэж бодсон ч юм уу) “Уг нь би энэ жил муу дүүг чинь дэмжье гэж бодож байсан юм” гэх нь тэр. Өвгөн ч адилхан хариу барьсныг хэлэх нь илүүц биз ээ. Энэ үед буцаж яваа цагийн хүйтэн хөх салхи “Түлээгээ татах чинь л хамгийн зөв дөө” гэх шиг гэрийн нь өрхийг хүчтэйеэ дэрвэлзүүлэх амой.
Хөдөө буйд газрын гурван сонгогч саналаа бие биенийхээ хамаатанд эчнээгээр өгч, нэг жил ч гэсэн хэрүүлгүй өнгөрсөн түүх нэг иймэрхүү. Өвгөн, эмгэн, ач хүү гурвыг маргааш нь хонио залаад гарч байх үед “Орон нутгийн сонгууль ирц муутай” болсон тухай мэдээ СЕХ-нд ирж байв аа. Цасан шамарга ганц айлыг дайраагүй, хотод ирсэн оюутнууд сонгууль өгөхийн төлөө нутагтаа ирээгүй. Сонгууль өөрсдөөр нь дутна гэдгийг өвгөн эмгэн хоёр мэдсэнгүй. Орон нутгийн эрх мэдлийг хэдхэн хүний саналаар шийдсэн нь харамсалтай ч ирцийн босгогүй болгох заалтыг хуульдаа шургуулж амжсан болохоор хэн ч энэ талаар дурссангүй ээ.  
http://eagle.mn/r/75927
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn