Нутгийн өөрийн удирдлага мөхөж байна

277

Тэртээ 100 жилийн өмнө 20-р зууны 1921 онд Ардын хувьсгалын ялалтыг зарлан тунхаглаж, ардын эрхт хэмжээт цаазат Монгол улс байгуулснаар Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг мэдэрч, ардчилсан өөрчлөлтийн эхлэлийг тавьсан түүхтэй. Улмаар 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа баталж, Монгол Улсад эрэгтэй, эмэгтэй, насанд хүрсэн хүн бүр аливаа сонгуульд саналаа өгөх, сонгох, сонгогдох адил тэгш эрхтэйг хуульчлан баталгаажуулсан.
Монгол улсын Анхдугаар үндсэн хуулийн гуравдугаар зүйлд: Улс төрийн бүх хэргийг ард түмнээс удирдан гүйцэтгүүлэх явдлыг хүндэтгэх... агуулгыг, мөн 1992 онд батлагдсан Монгол Улсын шинэ үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр төрийн аль ч шатанд төлөөллийн байгууллагаараа дамжуулан засаглалын эрхэд оролцох боломжтойг тус тус заасан төдийгүй нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр аль аль нь давуу эрх эдлэхгүйгээр хосолмол байдлаар засаг, төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах ёстойг тусгасан байдаг.
Харин 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлээд байгаа Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуультай /МУЗЗНДНТУТХ/ холбоотой хэд хэдэн асуудал иргэдийн сонгох, сонгогдох эрх болоод, төрийн үйл хэрэгт төлөөллийн байгууллагаараа дамжуулан оролцох боломжийг хязгаарласан. Мөн шат шатны иргэдийн төлөөллийн байгууллагад сонгогдон ажиллаж буй төлөөлөгчдийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гүйцэтгэх засаглал буюу Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрхэд “хуульчлан халдаж”, эдийн засгийн эрх чөлөө, үйл ажиллагаа явуулах боломжийг хаан боогдуулж, эргээд гүйцэтгэх засаглалийн хараа хяналтад ажиллахаас өөр гарцгүй болгож буй тухай энэхүү нийтлэлээр хөндөхийг зорилоо.
Эдгээрийг “Иргэний эрхийн зөрчил”, “ИТХ-ын байгууллагын эрхийн зөрчил”, “Төлөөлөгчийн эрхийн зөрчил”, “Засаглалын эрхийн зөрчил” гэсэн үндсэн хэсгүүдэд хуваан авч үзье!
Нэг: Иргэний эрхийн зөрчил
Иргэн та анхан шатны нэгж буюу хорооны иргэдийн нийтийн хурлын сонгуульд санал өгснөөр хорооны засаг дарга, ИНХ-ын даргын томилгоонд оролцох эрхтэй. Түүнчлэн дүүргийн ИТХ-ын сонгуулиар ИТХ-д төлөөлөгчөө сонгож, Засаг даргын томилгоонд оролцоно. Мөн Нийслэлийн ИТХ-ын сонгууль, УИХ-ын сонгуульд саналаа өгснөөр бүх шатны сонгуульд тэгш эрхтэйгээр оролцож, төлөөллийн ардчиллаа хэрэгжүүлэх боломж бүрддэг. Гэтэл 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулийн “Иргэд сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа дамжуулан засаг төрийн үйл хэрэгт оролцоно” гэсэн суурь зарчим өдгөө алдагдахад хүрлээ.
Хоёр: ИТХ-ын байгууллагын эрхийн зөрчил:
Иргэдийн сонголтын үр дүнд бий болсон ДИТХ-ын байгууллага хэнээс ч хараат бус, өөрийн харьяалах засаг захиргааны нэгжийн нийгэм, эдийн засгийн асуудлыг бие даан шийдвэрлэж, иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалан ажиллах ёстой. Энэ нь одоо мөрдөж буй үндсэн хуулийн зарчим юм.
Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн МУЗЗНДНТУТХ-иар шат шатны иргэдийн төлөөллийн байгууллага хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 100% Засгийн газрын хараат боллоо. Ард иргэдийн хараат байх ёстой байгууллагыг гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар хэрхэн хараат болгож буйг дурдвал тухайн засаг захиргааны нэгжид харьяалагддаг нийт хүн амын эрүүл мэнд, аж байдал, хүрээлэн буй орчныг сайжруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, бүтээн байгуулалтад зарцуулагдах дүүргийн татварын орлогын бүрдүүлэлт, зарцуулалтыг МУ-ын Засгийн газар хуваарилах, захиран зарцуулах зохицуулалттай болсон нь нутгийн өөрийн удирдлагын байгууллагын хөгжил, эрх хэмжээнд гүйцэтгэх засаглал халдаж, “Нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хосолмол байдлаар ажиллаж, аль нэг нь давуу эрх эдлэхгүй 50:50 хувийн эрхтэйгээр засаг төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах зарчим”-ыг зөрчиж байгаа юм. Өөрөөр хэлбэл танай гэр бүлд эцэг эхийн тань хөдөлмөрлөж олсон хөрөнгө мөнгийг хажуу айлынхан дур мэдэн зарцуулахтай адил.
Гурав: Төлөөлөгчийн эрхийн зөрчил
Шат шатны иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй төлөөлөгчид сонгогдсон тойрогтоо үйл ажиллагаа явуулах, хараат бусаар төрийн үйлчилгээний байгууллага буюу, засаг дарга, ЗДТГ-ын үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг эдийн засгийн эрх чөлөөгөөр хаан боогдуулж байна. Жишээлбэл: МУЗЗНДНТУТХ-иар төлөөлөгч нарт улирал тутам олгодог урамшууллын мөнгийг үгүй болгож, “Төлөөлөгчийн үйл ажиллагааны зардал” гэгчийг Монгол Улсын ЗГ-аас тогтоосон нормативын дагуу олгон, зарцуулалтыг хянах заалттай болсон. Өнгөц авч үзвэл энэ нь маш зөв хэлбэр мэт боловч үнэн хэрэгтээ үнсэн цалин орлогогүй иргэдийн хурлын төлөөлөгчид амьжиргааны эх үүсвэр, эдийн засгийн чадавхгүйн улмаас Засаг даргын дэргэдэх, гүйцэтгэх чиг үүргийн байгууллагуудад давхар ажиллах болж байна. Гүйцэтгэх чиг үүргийн байгууллагуудын дарга нарыг тухайн дүүргийн Засаг дарга өөрөө томилдог тул засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих эрх бүхий төлөөлөгч Засаг даргын удирдлагад ажиллах нь ИТХ-ын төлөөлөгчийн үндсэн үүргээ гүйцэтгэх, хэрэгжүүлэх боломжийг үгүй хийж байгаа юм.  Өөрөөр хэлбэл Засаг даргын үйл ажиллагаанд хяналт тавих боломжгүй. Энэ хоёр субъектийн хяналтын механизм алдагдаж, төлөөллийн ардчиллын үнэ цэнэ иргэдийн төлөөлөгчидтэй хамт үнэгүйдэж байна.
Тиймээс хойшид Иргэдийн Хурлын Төлөөлөгчийг тогтмол цалинтай болгож, Засаг даргын удирдлага дор ажиллахыг хуулиар хориглон, нутгийн өөрийн удирдлагын байгууллагын эрх хэмжээ, хяналт хэрэгжсэнээр, гүйцэтгэх шатны байгууллагын иргэдэд үзүүлэх үйл ажиллагаа сайжирна.
Дөрөв: Засаглалын эрхийн зөрчил
1992 оны шинэ үндсэн хуульд нутгийн удирдлага, төрийн удирдлага хоёр хосолмол байдлаар, 50:50 хувийн эрхтэйгээр засаг төрийн үйл ажиллагааг удирдаж явуулах ёстой гэж заасныг дээр дурьдсан. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулиар ИТХ-ын байгууллага үндсэн чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байна.
Монгол Улсын улс төрийн намуудын дотоод дүрэмд “Ялсан намын дарга тухайн нэгжийн засаг даргад нэр дэвшүүлэх эрхийг эдлэх”-ээр заасан. Үүнээс улбаан улс төрийн намуудын томилгооны асуудал урган гардаг. Тухайлбал: Дүүргийн Засаг даргыг Нийслэлийн засаг дарга, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд томилох агаад, Ерөнхий сайд МУ-ын ЗГ-ын тэргүүн юм. Нөгөө талаараа бүх шатны Засаг дарга, ЗДТГ нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага. Тэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаас гаргасан шийдвэрийг гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл УИХ-аас гаргасан шийдвэрийг бүх гүйцэтгэх чиг үүргийн байгууллагууд, сум, дүүргийн ИТХ-аас гаргасан шийдвэрийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, ЗДТГ гүйцэтгэх чиг үүргийнхээ хүрээнд хэрэгжүүлэх зарчимтай байтал өдгөө энэ бүхэн урвуу хамааралтай болж үлдлээ.
Түүнчлэн Үндсэн хуульд зааснаар нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох нь Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Гэвч Хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны бүтэц, орон тоо, цалингийн санг Засгийн газраас тогтоосон хязгаарын хүрээнд Хурал өөрөө тогтооно.” гэж заасан буюу Хурлын Ажлын албаны тогтолцоо, зохион байгуулалтыг Засгийн газрын тогтоолоор тогтоох эрх зүйн байдлыг үүсгэж байна. Ийнхүү Улсын Их Хурал нь нутгийн өөрөө удирдах байгууллагын зохион байгуулалтын үндсийг тогтоох чиг үүргийг хуулиар Засгийн газарт шилжүүлсэн нь Хуульд заасан онцгой бүрэн эрх болон үндсэн чиг үүргийг бусдад шилжүүлэхгүй байх суурь зарчмыг хөндөж, дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн зохицуулалттай зөрчилдөх нөхцөлийг үүсгэсэн.
 Одоогоор Засгийн газрын 2021 оны 375, 376 дугаар тогтоолоор бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны бүтэц, орон тоог баталсан бөгөөд тухайлбал Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хуулиар ногдуулсан чиг үүрэг болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн тооноос хамааруулан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 35, Багахангай дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 8, Багануур, Налайх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 10, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 18, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албыг 21 хүртэл орон тоотой байхаар тус тус тогтоогоод байгаа нь дээрх үндэслэлийн дагуу Үндсэн хуулийн цэцийн маргаан дагуулах, цаашлаад иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны хэвийн үйл ажиллагааг алдагдуулж болзошгүй байна.
Энэ бүхнээс хархад Нутгийн удирдлагын эрх зүйн харилцааг зохицуулсан хууль тогтоомж шинэчлэгдсэн ч нутгийн өөрийн удирдлага мөхөл рүүгээ явж байна.
Цаашлаад намын ноёрхол тогтсон өнөөгийн нийгэмд улс төрийн намуудаас аливаа сонгуульд нэр дэвшигчдийн тооны харьцааг квотоор тогтоон, бие даагчид буюу сөрөг хүчний төлөөллийг квотоор нэр дэвшигчдийн тооноос олон байхаар хуульчлан тогтоох нь Ардчилсан Монгол Улсын ирээдүйн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх юм.
 
 
 
 
 


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn