Туулын хэвлийг сэглэж, Бөхөг голын амийг тасалсан карьеруудын үйл ажиллагааг зогсоогооч, Н.Цэрэнбат сайд аа

482

“Монголын хууль гурван хоног” гэдэг үгийг зүгээр ч нэг хэлээгүй бололтой. “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг 2009 онд баталсан байдаг. Харин өнгөрсөн жилийн өдийд УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн зарим хороо, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өгсөн юм.
Тэрбээр “Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Нутаг дэвсгэрийн хөрс, усанд байгаль орчны нарийвчилсан шинжилгээ хийж, хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн даруй зогсоо” хэмээн хэлээд яг нэг жил өнгөрчээ. Тэгвэл газар дээр нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжлан хүргэж байна.
Хамар хатгах өвсгүй, гишгэх зүлэггүй Туул голын эрэгт бид бага үдийн алдад очив. Биокомбинат, Шувуун фабрикийн хөндийгөөр даацаа хэтрүүлтэл хайрга, дайрга ачсан том машинууд хаа сайгүй шороо босгон давхилдаж байлаа. Энэ дүр төрх сүүлийн хэдэн жил яг л нэг янзаараа, бахь байдгаараа үргэлжилсэн хэвээрээ. Бүтэн биеээ энд, тэндгүй сэглүүлж, бүрэнхий үдшээр ч амар заяагаа үзээгүй Туул гол улаанаараа эргэлдэж, тачирхан, амьтай, голтой л урсаж байв.
Хайрга, дайрга олборлогчид хаяагаа тэлж, Туул голын хойд уулсыг бараадаж, салбарлан, өргөжжээ. Гэхдээ тэд голын эрэг дагуу үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа бололтой. Энхэл, донхол замаар давхисаар энд, тэндгүй ногооноороо эргэлдсэн цөөрөм дунд зогсов.

НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ МӨНГӨ УЛСААС АВНА

Туул голын эрэгтэй хаяа дэрлэн орших, хамгийн зүүн захын  компани үйл ажиллагаагаа хэвийн явуулж байлаа. Дөнгөж угааж дуусаад байгаа бололтой ус нь гоожсон шороог улаан кабинтай машины тэвшин дээрээ ачжээ. Уг нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хайрга, дайрганы үйлдвэрийг хаах захирамж жилийн өмнө нь гарсан юм. Гэтэл “Бат-Атар” компанийн үйл ажиллагаагаа  хэвийн явуулж, арав гаруй ажилтан, таван техник нь Туулын хэвлийд заларчээ. Тэд олборлосон элс, хайргаа хотын зүг нүүлгэсээр таван жил болж буй.
“Бат-Атар” компанийн  ажилтан н.Амгаланбаяр “Манайх Дарханы замын ажилд гарах гэж байсан чинь хятадууд ирээгүй гээд хойшилсон. Тэгээд ажилгүй байгаа ийм олон хүнийг би яах билээ. Бид үйл ажиллагаагаа явуулаагүй. Хүмүүсээ цуглуулчихсан учраас гурван жилийн өмнө нь ухсан шороогоо ачиж байна. Манайх үйл ажиллагаа явуулах эрхгүй байгаа юм биш. Манай үйл ажиллагааг цуцлаагүй. Үйл ажиллагаагаа явуулах эсэх нь шүүхийн шатандаа явж байна. Гурван жилийн хугацаанд үйл ажиллагаа маань зогсонги байдалд шилжиж ажил ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг байна. Тусгай зөвшөөрөлтэй хэдэн компани үйл ажиллагаагаа явуулах талаар тэмцээд явж байна. Манайх техникийн нөхөн сэргээлтээ хийсэн.  
Одоо биологийн нөхөн сэргээлт хийх дутуу.  Биологийн нөхөн сэргээлт хийхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Үйл ажиллагаа зогссон болохоор бидэнд мөнгө байхгүй. Улсаас нөхөн сэргээлтийн мөнгө өгөх ёстой. Энэ жил шинээр нүх ухаж, шороо гаргаагүй. Өнжсөн чулуунуудаа л ачиж, хэдэн ажилчиддаа цалинг нь өгч байна. Энд ажилдаа гарсан 4-5 компани л байгаа байх. Тэд гэхдээ шинээр шороо ухаагүй. Хуучин, өнжсөн чулуугаа ачуулж байгаа” хэмээв. Биднийг ийн ярилцаж байх хойгуур урд талын нүхэнд ажиллаж  байсан хүмүүс техникээ орхин тал тал тийш таран оджээ. Тэдний байсан газарт очиход 20 орчим насны залуу ухсан нүхэн дотор дөмбийтөл суугаад, тамхи нэрж байлаа. Түүнээс “Энэ  газарт ажиллаад хэр удаж байна. Чамтай хамт ажиллаж байсан хүмүүс хаачсан” талаар  асуухад “Мэдэхгүй” хэмээн мөрөө хавчиж, ганц ч үг дуугарсангүй.

ӨМХИЙРСӨН ЦӨӨРӨМНӨӨС МАЛ УС УУГААД, ХОРДЛОГОД ОРЖ ҮХДЭГ

Бид тус газраас холгүйхэн орших малчны хот руу хөдлөв. Гурван хэсэг хонь хариулсан малчид карьерын хажуугаар малаа бэлчээж байлаа. “Сайхан хаваржиж байна уу” гэж асуухад ч бэрх дүр зураг ажиглагдаж, мал нь ядарч туйлджээ. Төв аймгийн Алтанбулаг сумын залуу малчин Э.Алтаншагай “Манайх Шувуун фабрикийн ойролцоо хоёр жил амьдарч байна. Өнгөрсөн намар энд үйлдвэрүүд үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. Харин энэ хавар цөөхөн компани үйл ажиллагаагаа эхлээд байх шиг байна. Тэд өдрийн цагаар ажиллахгүй хэрнээ шөнө үйлдвэрээ ажиллуулж байгаа.
Манайх одоо байгаа нутгаасаа хойш хоёр километрт нутагладаг байсан юм. Энд нүүж ирээд сар орчим болох гэж байна. Хойно байхад шөнөжин карьер дугараад хонодог байлаа. Энд ирснээс хойш хааяа л ажиллаж байх шиг байна. Ажиллаж байгаа үйлдвэрүүд нь өдрийн цагаар засварын ажил хийгээд байгаа бололтой. Энд тэндгүй ухсан нүх, албаар үүсгэсэн цөөрөм байгаа болохоор малаа өдөр шөнөгүй, нүд салгахгүй харж, манаж байна. Идэх өвс хомсхон газарт бэлчиж байгаа хэдэн мал маань өмхийрсөн цөөрөмнөөс нь ус уугаад, хордлогод ороод байх юм. Хордлогод орж, шингэн алдаад л төд удалгүй үхдэг. Энд нүүж ирснээсээ хойш хэдэн ч хонь, ямаагаа үхүүлэв, бүү мэд. Зөвхөн хонь, ямаа ч гэлтгүй, үхэр, адуу нүхэнд унаад үхчихдэг.
Уг нь хайрга, дайрганы үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон л гэсэн. Албаныхан сүр дуулиантай ирж хаагаад, орой нь нөгөө хэд нь эргээд ажилладаг. Энэ хавар ажиллаж байгаа компаниудын үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн” гэлээ. Туул голын хойд хөндийгөөр явахад энд, тэндгүй ухсан нүхэнд хурга, ишиг, хонь, ямаа, малын үхсэн сэг зэмэн дээр хар хэрээ эргэлдэж байлаа. Нүд халтирам, хамар сэртгийм үнэрт мал, хүн хоёр яахан идээших билээ. Голын усны бохирдлоос болж мал хордож байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Малын арьс хөрс зулгарах, хээл хаях, амьгүй төл гарах нь хэвийн үзэгдэл болсон байна. Мал нядлаад гэдэс, дотрыг нь хаяхаас өөр аргагүйд хүрдэг гэнэ.

ХАЙРГА, ДАЙРГАНЫ ҮЙЛДВЭРҮҮДТЭЙ ДАЙТААД Ч НЭМЭРГҮЙ

Мөн малчид өдөржин хариулсан малаа орой нь туугаад, гэртээ харихдаа карьерын нүхэнд унагаах нь элбэг гэнэ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Шувуун фабрикийн малчин О.Цэнд-Аюуш гуай “Би энд 10 гаруй жил мал маллаж байна. Үнэхээр л хэцүү байх юм. Хэдэн малаа бэлчээх ч газар байхгүй. Голын эрэг бараадаж, малынхаа хоолойгоор арай чамай таван өвс залгиулж байна. Карьерын ухсан нүх нь гүнзгий гэж жигтэйхэн. Нүдэн дээрээ харж байгаад л нүх рүү малаа унагаачих юм. Энэ хавар гэхэд л таван хонь унагааж, цааш нь харуулсан. Манай энд энэ хавар хоёр компани өдөр, шөнөгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
Шороогоо шигшээд л, том машинд ачаад л явдаг. Тоос шороо гэж авах юм байхгүй, цагаанаараа л эргэлдсэн хөндий. Энд амьдарч байгаа бидний эрүүл мэнд ч гэж авах юмгүй. Хэдэн мал маань хүртэл хордлого болоод байх юм. Нүүх гэхээр малын бэлчээр байхгүй. Арав гаруй жил энэ карьеруудын үйл ажиллагаатай дайтаж, тэмцлээ. Дайтаад ч дийлэхгүй байна даа. Өнгөрсөн намраас уулын энгэрээр ухаад эхэлсэн. Голын эрэг хэсгээр ухуулахгүй гэхээр уулын бэл рүүгээ зүтгээд байгаа юм уу даа. Том машин нь хаагуур ч хамаагүй давхилдаад, шороо тоос нь дийлдэхгүй” гэлээ. Тэрбээр үйл ажиллагаагаа явуулж байгаа газар “Тэр байна” хэмээн цагаан шавар байшинтай карьерын үйлдвэрийг зааж өгөв. Тус газрын үүдэнд очиход томоохон хэмжээтэй “орох хориотой” тэмдэг өлгөжээ.
Шавар байшинд байрлах үүдний харуул эмэгтэй “Манай үйл ажиллагаа эхлээгүй. Бид үйлдвэр, техникээ янзалж байгаа. Энд харуул, техник засварчнаас өөр мэдээлэл өгөх хүн байхгүй. Үйл ажиллагаа эхлэх болоогүй байх” гэлээ. Үүнээс гадна техник хэрэгсэлтэй, харуул хамгаалалтын ажилтантай хэд хэдэн компаниар бид орлоо. Тэд “Манайх ажиллаагүй. Засварын ажил хийж байгаа” гэдэг нэг  л хариулт өгч байлаа. Харин дээрх компаниудын хашаанаас тэвш дүүрэн шороо ачсан том машины цуваа тасарсангүй.

ХОТЫН ДАРГА АА, НӨХӨН СЭРГЭЭЛТ ГЭЖ НЭГ АМ МЕТР ГАЗАР ТЭГШИЛЭХИЙГ ХЭЛДЭГ ЮМ УУ

Туул голын хойд талын хөндий үнсэн саарал шороо пургисан яв янзаараа байна. Голын урд хэсэг Шувуун фабрик буюу шинэ суурьшлын бүсэд карьерын үйл ажиллагаа ид өрнөж байгаа бололтой. Хэдэн арван том машины цуваа тэр зүгт тодоос тод харагдаж байлаа. Уг нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч С.Амарсайхан “Эвлэрлийн гэрээг цаашид хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй. Асуудлыг нэг тийш нь шийдэх цаг нь болсон. Мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ирээд үйл ажиллагааг нь зогсоодог ч эргээд хулгайгаар ажилладаг байдал бий болоод байна.
Эвлэрлийн гэрээ байгуулсан хэдий ч үүргээ биелүүлээгүй 34 аж ахуйн нэгж, байгууллагын эрхийг сэргээхгүй, үйл ажиллагааг нь ч явуулахгүй. Гэрээг цааш нь сунгахгүй. Харин нөхөн сэргээлтийг нь хийлгэнэ. Туул гол дагуу 1000 га орчим газарт ямар ч нөхөн сэргээлт байхгүй. Ийм байдалтай болсон. Одоо ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тоог гаргаад, техник хэрэгслийг нь бүгдийг нь журамлаад нөхөн сэргээлт хийлгэнэ” гэж хэлсэн юм. Нөхөн сэргээлтийн ажил хэр хийгдсэн талаар бид тодруулахаар тус газрыг зорив. Нийслэлийн хүнсний ногоо, шувуу, гахайн аж ахуйн гол бүс нутаг байсан энэ хэсэг өдгөө ухсан нүх, овоолсон шороо болж хувирчээ. Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт карьерын компани Бөхөг голыг бараадаж, үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.
Харамсалтай нь, цагтаа цалгиж, гүүрэн дээгүүрээ халгиж урсдаг байсан Бөхөг голын “амь” хэдийн тасарчихжээ. Үйл ажиллагаагаа нь зогсоож, нөхөн сэргээлтийн ажил хийх даалгавар авсан компаниуд бахь байдгаараа шороогоо ухсаар. Тэднээс нөхөн сэргээлтийн ажлын талаар тодруулахад “Хийж байгаа. Энэ газар тэгшилчихсэн байгаа биз дээ” хэмээн үйл ажиллагаа явуулж байгаа газрынхаа багахан хэсгийг тэгшилснээ ажил болгосон аятай хариулцгаана. Энэ газарт хайрга, дайрга олборлодог компаниудын үйл ажиллагаа зогсох нь бүү хэл хөндий дүүрэн хаяагаа тэлж, өргөжжээ. Хотын дарга аа, нөхөн сэргээлтийн ажил гэж өргөжин тэлэхийг хэлдэг юм уу. Эсвэл ухсан нүхнийхээ жаахан хэсгийн шороог тэгшилж, индүүдсэнээ хэлдэг юм уу. Уг нь тэнд өдийд нөхөн сэргээлтийн ажил хийгээд, өвс, ургамал дэлгэрч баймаар.
Туул голын хэвлий сэглэгдэж, Бөхөг гол мөхөж, хүн, мал харангадаж, туйлдсан хэвээр байна. Голын амийг тасалсан карьеруудын үйл ажиллагааг зогсоогооч, Н.Цэрэнбат сайд аа. 
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn