Жаргалантаас өндийсөн жаргалтай гэр бүл

224

Төв аймгийн Жаргалант сум хотын төвөөс 130 гаруй км зайтай.  Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээний талаас илүү хувь нь энэ нутгийн үржил шимт хөрсөнд ургаж иргэдийн гал тогоонд очдог. Намрын налгар өдрүүд дуусах тийшээгээ болж, энэ жилийн төмс хураалтын бараг сүүлчийн ээлжийнхэн ажиллаж байхад  Жаргалант суманд очсон юм.  Жаргалант сум намар цагт жаргалын орон болдог ажээ.  Ажил хөдөлмөр ид буцалж, тариа ногоогоо хурааж байна. Айл бүр ургацын баяр тэмдэглэж, газар дэлхийнхээ үр шимийг хүртсэн тариаланчдын магнай тэнийжээ. Энэ сайхан цаг үед “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа Төв аймгийн Жаргалант сумын тариаланч К.Баярмагнайгийн гэр бүлийг зорин очиж, сурвалжиллаа.
 
СУРАГЧ БАЙХААСАА ҮЕРХСЭН ХОЁР 
К.Баярмагнай Төв аймгийн Жаргалант сумын унаган иргэн.  Түүний өвөг дээдэс энэ л нутагт ажиллаж, амьдарч байсан.  Аав Коля, ээж Майннэгэн нь Жаргалантын сангийн аж ахуй гэж байх үеэс төмс, хүнсний ногоо тариалж байсан билээ. Харин түүний эхнэр Л.Цагаан Увс аймгийн Тэс сумаас зургаан настайдаа аав, эгч нартайгаа нүүн ирж Жаргалантад суурьшжээ.  Тэр үед аав нь  Увс аймгийн Тэс сумаас шигшмэл угшлын адуу авчирч, Жаргалантад нутагшуулах ажлыг хийж байсан хүн.  Тэр ч утгаараа Л.Цагаан Тэс сумаас Жаргалантад адуун сүрэгтэйгээ ирж,  тэднийхээ цог хиймориор сайхан амьдарч яваа хэмээн бэлгэшээн боддог. К.Баярмагнай, Л.Цагаан нар Жаргалант сумын 10 жилийн сурагч байхаасаа үерхэж, нөхөрлөсөн хоёр. Анх аймгийн хөдөлмөрийн аварга сурагч шалгаруулж байхад хоёулаа баярын бичиг гардаж байсан ч хожмоо нэгэн өрх болж, төрж өссөн нутгийнхаа газрын үр шимийг хүртэн амьдарна гэж хэн санах билээ. Жаргалант сумын хүүхдүүдийн амьдрал ажил хөдөлмөр дунд өнгөрдөг гэхэд болно. 
 
сонин mn
Тэр үед  дөрөвдүгээр ангиасаа намрын ургац хураалтын ажилд оролцож, лууван, байцай хураана. Харин арай томроод, бяр сууж ахлах ангид ороод ирэхээрээ төмсний комбайны араас дагаж, шуудайлах ажилд оролцоно.  Намрын намарт Жаргалант суманд найман настай балчраас 80 настай буурай хүртэл хөдөлмөрлөж, ногоо хурааж, түм түжигнэж, бум бужигнана.  Ийм л орчинд өссөн хүмүүс ажилч, хөдөлмөрч болохоос өөр аргагүй юм. К.Баярмагнай Л.Цагаан хоёрын бага нас яг л ийм орчинд өнгөрсөн. К.Баярмагнай ээж ааваас хоёулаа. Нэг эрэгтэй дүүтэй.  Аав ээжийнхээ ажилч хөдөлмөрч зан, газар дэлхийнхээ үр шимээр бага насандаа дутагдах гачигдах зүйлгүй, элбэг хангалуун өссөн. Л.Цагаан анх энд ирж ажил хөдөлмөрийн үр шимийг хүртэж, амьдралаа олж босгосон учраас Жаргалант сум миний төрсөн нутгаас ялгаагүй.  Аав минь биднийгээ  юугаар ч дутаахгүй өсгөсөн дөө гэв. 
 
ОЮУТАН БАЙХДАА Ч НЭГ СУРГУУЛЬД СУРАЛЦЖЭЭ 
Тэд нэг насны зөрүүтэй хосууд.   Гэргий Л.Цагаан нь 10 жилийн сургуулиа төгсөөд ХААИС-ийн Газар зохион байгуулалтын ангид орсон ч гэлээ сургуульдаа явалгүй найз залуугаа /нөхрөө/ нэг жил хүлээсэн гэдэг. Эхнэр Л.Цагаан “1997 оны тэр нэг намар их л уйтгартай санагдаж билээ. Үеийн хүүхдүүд оюутан болоод л явна.  К.Баярмагнай болохоор чамайг явчихаар яана аа гэнэ. Би бас хотод очоод яана аа гээд л эргэлзсэн. Навчис унаад, шувуу буцаад л оюутан ч биш, сурагч ч биш болсон сэтгэл нэг л хоосон, санаанаас гардаггүй юм.  Тэгээд би нэг жил сургуульдаа явалгүй өнжсөн дөө” гэв. Харин  тэрний дараа жил хоёулаа хамтдаа шалгалтдаа бэлдэж, шалгалт өгч оюутан болж байжээ. К.Баярмагнай МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн харьяа “Улаанбаатар Эрдэм” дээд сургуулийн хуулийн ангид элсэж,  эхнэр Л.Цагаан ХААИС-ийн эдийн засгийн ангид элсчээ.  Удалгүй хосууд нэг сургуульд орохоор болж,  Л.Цагаан “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд элсэж,  эхнэр нөхөр хоёр нэг сургууль төгссөн түүхтэй.  Гэр бүлийн хоёр 2001 онд сургуулиа төгсөж, 2002 онд “Арвин бат” ХХК-аа байгуулж, үйл ажиллагаагаа эхлүүлжээ. К.Баярмагнайгийн аав ээж бизнес сэтгэлгээтэй, төмс ногоо тариална, сумынхаа төвд түүхий эд авна.  Тэр ч утгаараа дээд сургуулиа төгсөхөд нь тэр хоёрыг хувиараа бизнес хийж амьдрал ахуйгаа авч явахыг зөвлөсөн гэдэг.  Л.Цагаан нь тухайн үед сургуулиа төгсөөд “Номин” их дэлгүүрт ажиллахаар тэнцсэн ч анхны хүүгээ төрүүлж, нөхрийнхөө бизнест дэм болохоор албаны ажлаа ч орхисон гэдэг.  Ингээд тэд 2002 онд “Арвин бат” компаниа байгуулж, аав ээжийнхээ хуваарилж өгсөн хоёр га талбайгаас ажил бизнесийнхээ гарааг эхэлжээ. 
“ТӨМС ТАРИАЛНА ГЭДЭГ АМАР БИЗНЕС БИШ” 
сонин mn
Сүүлийн 10 жил ургац хураалтад ҮБХИС-ийнхантай хамтран ажиллаж байна. 
Энэ жил  “Арвин бат” компани 20 дахь намрынхаа ургацыг хураагаад байна. Хоёр га-гаас эхэлж байсан бол энэ жил 60 орчим га-гаас төмс хураан авсан амжилттай. Аливаа бизнест алдаа оноо бий.  Тэд  2009 оны хавар таван га газарт төмс тариалжээ.  Тэгээд намар нь хураах гээд очсон баахан зэрлэг ургасан, тэндээс 20 шуудай төмс хураагаад буцсан гэдэг.  Харин  2010 ондоо шинэ үр худалдан авч тариалаад намар нь их ургац хураан авч, баярлаж байсан гэдэг.  Мөн 2012 онд 30 орчим га-д төмс тариалжээ.  Ургац ч сайн авч. Хоёулаа ч 1000-аад тонн төмс хурааж авах тооцоотой, төмс хураалтад их зардал гардаг учраас “Ланд круйзер-200” маркийн автомашинаа  зараад төмсөө хурааж. Гэвч төмсний үнэ 20 төгрөг болж, үлдсэн төмсөө хаяхад хүрсэн гэдэг.  Энэ мэтчилэн энэ бизнесийн замд эрсдэл их таарч байсан гэдэг.  К.Баярмагнай энэ талаар “Хүмүүс төмс тариалах ажлыг их амархан гэж бодож, сэтгэл хөдлөлөөр ханддаг. Төмс булаад ургаад л мөнгө олчихдог бол бүгд л очмоор байна. Гэтэл их хөдөлмөр, туршлага, олон зүйлийн ард гарч байж үр шимээ өгдөг бизнес” гэлээ. 
Мөн тэрбээр “Төв аймгийн Жаргалант сумын маань үржил шимт хар шороон хөрстэй. Манайхтай ойрхон Баянчандмань сум гэхэд элсэрхэг, шар шаварлаг хөрстэй.  Тэнд манжин л ургаж байна.  Харин төмс Жаргалантын хөрсөнд л хамгийн сайн ургаж байна.  Жаргалант бол төмсний орон.
 
Гэхдээ тариаланчид бид төмсөө сайн ургууллаа гэхэд Монголын зах зээл жаахан. Ингээд 2012 онд 20, 30 төгрөгөөр ч авах хүн байхгүй үе байлаа. Худалдан авах эзэнгүй болохоор зооринд байгаа төмснүүд маань зүгээр л  хогийн цэг рүү явж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ төрлийн бизнес маань ихээр тариалбал жаахан айдастай бизнес юм. Мөн сүүлийн үед төмс тариалдаг Жаргалантын ард түмнээс гадна Нарантуул, Барсын ченжүүд ирээд төмс тарьж байна. Тэр бүхнийг эсэргүүцээд байлтай биш. Гэхдээ тариаланчид бидний төмсийг худалдан борлуулах ёстой хүмүүс нь ирээд төмс тариад эхлэхээр бидний борлуулалт муудах гээд энэ салбарт асуудал бий.  Тэгэхээр төмсний үйлдвэрлэлээ хэт их биш зах зээлд нь тааруулж тариалах нь зүйтэй гэсэн зарчимтай ажилладаг даа” гэв. 
 
ЖДҮХС-ГААС ЗЭЭЛ АВЧ, ЗООРИНЫ АСУУДЛАА ШИЙДЖЭЭ 
Тэд 2014 онд Сумын аварга тариаланч хамт олон, 2019 онд аймгийн аварга тариаланч болжээ. Эхнэр Л.Цагаан “Газар тариалангийн салбар маань нэг үеэ бодоход сайхан хөгжиж байна.  Засгийн газрын дэмжлэг бидний бизнест тодорхой хувь нэмэр оруулж байна. Гурван жилийн хугацаатай гурван хувийн хүүтэй зээл өгч байна. Энэ нь ядаж л өндөр хүүтэй  зээлийн дарамтаас салгалаа. Гэхдээ чөлөөт нийгэмд хүн  өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээнэ. Алийн болгон улсаас дэмжсэнгүй гээд гоншигоноод сууж байх вэ.  Манай компанийн хувьд өнгөрсөн жил анх удаа ЖДҮДС-гаас 200 сая төгрөгийн зээл авсан.  Зорилтод бүлэгтээ хүрдэггүй гэж ярьдаг ч гэлээ төслөө бичээд очихоор олддог юм билээ. Тэр хөрөнгөөрөө 600 тонн багтаамжтай зоорь барьж, хадгалалтынхаа асуудлыг шийдсэн. Бид өмнө нь 43 ширхэг нүхэн зоорьтой байлаа. Ажиллагаа ихтэй л дээ. Харин зээл авч зоорийнхоо асуудлыг шийдснээр бидний ажлын нөхцөл нэлээд сайжирсан. Манай компанид одоогоор тулгамдаж байгаа асуудал бол үрийн шинэчлэл юм. Голланд сортын үр  4-5 жилийн дараагаар хөгширдөг.  Үр хөгшрөхөөр ургацын хэмжээ буурна. Өвчлөл гарна. Тэгэхээр бидний зүгээс шууд Голланд сортын үрийг экспортлоод тариална гэдэг жаахан хүндрэлтэй.  Засгийн газраас энэ талаар тодорхой бодлого барьж байгаа гэж сонссон. Яамдаар дамжуулж, үрийн шинэчлэлийг төрийн дэмжлэгтэйгээр явуулж өгвөл тариаланчид бидэнд хамгийн том тус болно.  Үр сайн бол төмсний чанар, хүртээмж сайжирна” гэлээ.
 
“ПОЛЬШИЙН КОМБАЙНЫГ СУДАЛЖ БАЙНА” 
Тэд компанийнхаа дараагийн алхмыг тодорхойлохдоо “Бид төмсөө уламжлалт аргаар тариалж байна.  Гэхдээ том том компаниуд технологийн дараагийн шат руу шилжээд эхэлжээ. Төмсөө хүрзээр гишгэдэг цаг аль хэдийнэ өнгөрсөн. Техникийн тусламжтайгаар төмсийг газрын гадарга дээр гаргадаг. Түүнийг нь хүмүүс түүж шуудайлдаг.  Харин барууны хөгжилтэй орнуудад хүний оролцоо тун бага болж байна. Хэзээ ч хүн түүж ялгаад зогсож байхгүй болж.  Комбайн нь төмсийг ялгаад шуудайлаад хураачихаж байна. Энэ технологи манайд нэвтрээд эхэлсэн. Жаргалант суманд хэд хэдэн компани Польшоос энэ төрлийн техникийг оруулж ирсэн. Бидний хувьд судалж байна. Мөн төмс тариалалтад хөрсний асуудал нэн чухал.  Гүн хар шороон хөрс маань байгалийн хууль юм чинь элэгдэнэ. Сэлгэн тариалалт хийж, хөрсөө бордох хэрэгтэй. Нэг жил нь төмс, дараа жил нь ургамлын төрлийн вандуй, шош, тариалж унагаж, хөрсөнд нь шингээдэг, хөрсөө бордоно. Хөрсөө аргадаж, арчилж байхгүй бол элэгдсээр байгаад нэг л өдөр хатчихвал бид мянган сайхан үр, техник байгаад хөрсгүй бол төмс ургах нөхцөлгүй болно. Тиймээс хөрсөө шинэчлэхэд их анхаарах нь зүйтэй” гэлээ.
 
“ГАЗРЫНХАА ҮР ШИМЭЭР ХҮҮХДҮҮДИЙНХЭЭ ОЮУНЫГ ТЭТГЭХИЙГ ХИЧЭЭДЭГ” 
К.Баярмагнай, Л.Цагаан нар газар тариалангийн салбарт ажиллахын зэрэгцээ хүүхдүүдийнхээ боловсролд анхаардаг гэр бүл.  К.Баярмагнайгийнх дөрвөн хүүхэдтэй. Том хүү Б.Баяржавхлан нь СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын ангийн хоёрдугаар курст суралцдаг.   Дараагийн хүү Б.Баярманлай нь “Шинэ Монгол” технологийн коллежид механик инженер мэргэжлээр суралцаж байна. Охин Б.Баярцэцэг “Шинэ Монгол” сургуулийн есдүгээр анги бол бага хүү Б.Баярбат нь Жаргалант сумынхаа бага сургуульд суралцдаг.  Тэд хүүхдүүдийнхээ боловсролд анхаарахын зэрэгцээ ажил хөдөлмөрт ойр өсгөхийг хичээдэг.  Тэр ч утгаараа хүүхдүүдээ бага сургуульд нь дандаа Жаргалант суманд нь сургадаг ажээ. Мөн тэдний хоёр хүү нь даамын спортын мастер, дэд мастер цолтой.  Л.Цагаан  энэ талаар “Хүүхдүүд маань даамын спортоор хичээллэдэг. Дэлхийн аварга болтол нь бид дэмжсэн. Намар ургацаа хураасны дараа арваннэгдүгээр сард даамын дэлхийн аваргын тэмцээн болдог.  Газрынхаа үр шимээр олсон мөнгөнийхөө тодорхой хувийг хүүхдүүдийнхээ оюунд зориулдаг.  Энэ бол манай гэр бүлийн хувьд бараг сүүлийн 10 жилд уламжлал болсон зүйл. Хүүхдүүдийнхээ оюунд хөрөнгө оруулж байгаадаа сэтгэл хангалуун, түүнээсээ урам зориг авч ажилладаг.  Би өөрөө даамын спортоор хичээллэдэг.  Математикт сонирхолтой хүүхэд байлаа” гэв.  2016 онд даамын дэлхийн аварга Туркийн Измир хотод болж байжээ. Тухайн үед Л.Цагаан хоёр хүүтэйгээ хамт яваад иржээ. 
 
 
Тэрбээр “Би ч ёстой хоёр хүүгээрээ гангарч яваад ирсэн дээ.  Баярманлай хүү маань дэлхийн аваргын алт, хүрэл медаль хүртсэн. Том хүү маань дэлхийн аваргын хүрэл медаль хүртээд бид гурав гурван медаль, гурван цом аваад эх орондоо ирж байлаа” гэв. К.Баярмагнай багаасаа хурдан морь унаж өссөн болохоор хурдан моринд их сонирхолтой.  Хурдан морины угшилтай адуу цуглуулна, уяж хурдлуулна. Түүний уясан хүлэг аймгийн наадамд гуравт хурдалж байсан удаатай.  Тэрбээр “Одоо ч хүүхдүүд маань том болжээ. Морь малаа хөөгөөд өөрсдийнхөө жаргалыг хөөж чадахгүй үе ирж дээ”  гэв. 
 
 
Гэсэн ч тэрбээр газар тариалангийн их ажлын хажуугаар адуу малаа эргэж тойрч амжина. Харин түүний эхнэр Л.Цагаан нийгмийн идэвх сайтай хүн юм.  Сумынхаа хүүхдийн элч гэж явдаг. Хүүхдүүдэд ямар нэгэн  асуудал гарвал очиж шийдэж тусалж дэмжихийг хичээдэг. Сумынхан нь ИТХ-д нэр дэвшихийг нь дэмждэг. Зарим нэг намаас ч санал ирж байж.   Гэхдээ тэрбээр өөрийн өрх гэртээ цаг заваа зарцуулъя хэмээн бодож тэр төрлийн саналаас татгалзана.  Тэрбээр энэ талаар “Үнэнтэй эвлэж болно. Худал хуурмагтай эвлээд явах хэцүү учраас ямар нэгэн улс төрийн намд элсье гэж боддоггүй.  Ямар нэгэн нам гарч ирээд зөв сайхан ажиллаад явбал тэрийг нь дэмжээд л явна. Харин үр хүүхдийнхээ төлөө байж, гэр бүлээсээ нэг сайхан шударга удирдагч төрүүлчих юмсан гэж боддог” гэлээ.
 
“ҮР ХҮҮХДИЙНХЭЭ АМЬДРАХ  ЗАМ МӨРИЙГ БҮТЭЭЖ ЯВАА ГЭЖ ҮРГЭЛЖ БОДДОГ” 
сонин mn
2016 онд хүүхдүүд нь даамын дэлхийн аваргаас нэг алт, хоёр хүрэл медальтай иржээ. 
Гэрийн эзэн К.Баярмагнай “Бид өнөөдөр аав ээжийнхээ гал голомт дээр амьдарч байна. Бидний ингэж яваа нь миний сайн, бидний сайных биш.  Мундаг хүмүүсийн үргэлжлэл учраас юм.  Энэ газарт хазгай гишгэж, буруу үйлдэл хийх эрх байхгүй.  Эдэлж хэрэглэж байсан зүйлүүдийг нь өсгөж, дэвжээж өнгөлнө үү гэхээс үрэн тарах хийх эрх бидэнд байхгүй. Аав минь тусч сайхан сэтгэлтэй хүн байлаа. Тийм сайхан хүмүүсийн үргэлжлэл хүүхдүүд ингэж сайхан амьдралгүй яах вэ гэж ярих хүмүүстэй ч таарч байлаа” гэсэн юм. 
Харин Л.Цагаан “Би аавдаа их баярладаг.  Ийм сайхан газар нутагт авчирч энэ амьдралтай золгуулсан аав минь ямар холч ухаантай байсан юм бэ гэж залбирдаг. Миний ээж эмч хүн байсан.  Нутаг орныхон нь сайн сайхан сэтгэлтэй хүмүүс байсан гэж дурсан ярьдаг. Тэд минь өөрийгөө биш өрөөлийг нэгдүгээрт тавьдаг хүмүүс байлаа.  Хүний эцэг эх гэдэг их бодолтой байх хэрэгтэй. Өнөөдрийн үйлдэл нь ирээдүйн үр хүүхдийнх нь зам мөр юм шүү гэдгийг харж амьдрах ёстой юм билээ. Миний аав ээж хоёр нэлээд эрт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.  Хадам ээж аав хоёр  маань ч  эрт өнгөрчээ. Би өөрийн аав ээжээ хувь заяа юм болов уу гэж боддог.  Харин хадам ээж аав хоёр минь жаахан урт насалчихгүй дээ.  Тэгсэн бол би энэ газар нутагт хамт сайхан ажиллаад энэ бүх зүйлийнх нь үр шимийг хүртээсэн бол гэж боддог юм. Бид тэдний босгосон амьдрал дээр амьдарч байна. Гэтэл тэд маань хөдөлмөрлөсөөр байгаад үр шимийг хүртэж чадахгүй байж байгаад өнгөрсөн дөө.  Тэднийгээ нэг хэсэг жаргаачихсан бол гэж харамсаж боддог. Гэхдээ бурхны зураг төөргийг бид яалтай ч билээ дээ” гэж байв.  Ийм л нэгэн зөв бодол, зөв үйлдэл, зөв зам мөртэй гэр бүлийг эрэн очиж сурвалжилсандаа сэтгүүлч миний бие  ихэд олзуурхан буцлаа. Тэдний амьдрал тариа будаа шигээ үргэлж өсөн дэвжих биз ээ.  
 
 
Т.БатсайханЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn