МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай

20

“Үндсэн хууль ба хөгжил, дэвшил” сэдэвт Үндсэн хуулийн баталсны 34 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Өглөөний цай” - уулзалтад МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл оролцож байр сууриа илэрхийлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үед Монгол Улсын Засгийн Газраас ажлын хэсэг байгуулсан юм. Хэд хэдэн нам Үндсэн хуулийн төсөл бариад яваад байна, төслийн хувилбарууд ч байна. Энэ бүгдийг зангидаад та бүхэн өөрсдийн туршлага дээр үндэслээд Үндсэн хуулийн нэг төсөл боловсруулаач гэсэн. Ингээд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахлаад, МҮАН, МУНН, ИЗНН, ШИНЭ нам гэсэн дөрвөн нам, нэлээд олон судлаач эрдэмтэд ажилласан ийм учиртай. Тэгээд “Цэнхэр ном” гаргасан. Энэ номоо Засгийн газарт өргөн барихаас гадна гадна дотны байгууллагууд, гадаадын ЭСЯамдуудад өгч саналыг нь авч, олон улсын туршлага, судалгааны материалууд, сүүлийн үеийн трендүүд, улс орнууд Үндсэн хуулиа өөрчлөхдөө ямар зарчмуудыг илүү анхаарч байна вэ зэрэг зүйлсийг харьцуулсан судалгааны үндсэн дээр ном гаргаад, үүнийгээ олон түмэнд ойлгуулах түгээх ажлыг хийж байгаа юм.
Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тушаалаар байгуулагдсан боловч энэ бол өнөөгийн УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын цаашдаа Монгол төрөө хэрхэн яаж урлан бүтээх вэ гэдэг дээр бүгд санаа зовох ёстой их үйл хэрэгт хамгийн суурь болох баримт бичиг гэж ойлгож танилцуулж байгаа. Саяхан бид 1992 оны шинэ гэгддэг Үндсэн хуулийнхаа 34 жилийн ойг тэмдэглэлээ.
Энэ хууль бол түүхэн үүргээ сайн гүйцэтгэсэн. Гэхдээ миний хувьд, судлаач хүний хувьд дүгнэхдээ уг хууль бол шилжилтийн үеийн хууль байсан гэж дүгнэдэг. Яагаад гэвэл 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл бол дэлхий даяар өрнөсөн их үйл явц.
Энэ үйл явцын үед олон улс орон, тухайлбал Унгар улс 1942 оныхоо Үндсэн хуулийг шууд мөрдөөд эхэлчихсэн. Тэгээд 1996 он хүрч байж, шинэ нийгмээ нэлээн ойлгож мэдсэний дараа Үндсэн хуулиа өөрчилсөн. Сүүлд нь 2011 онд бас өөрчилсөн. Польш Улс манайхтай адилхан 1992 онд Үндсэн хуулиа баталж мөрдсөн. 1997 онд дахин өөрчлөөд, 2011 онд бас өөрчлөх шиг боллоо. Олон улс орон шилжилтийн байдлаар Үндсэн хуулиа мөрдөж байгаад шинэ хууль баталж мөрдсөн байгаа. Үндсэн хууль гэдэг хэдийгээр нийгмийн гэрээ боловч ирээдүйн хөгжил дэвшлийн баримт бичиг байдаг. Манай Үндсэн хуульд тусгаар тогтнолын асуудал, хүний эрхийн асуудал нэлээн сайн тунхаглагдсан мөртлөө яг энэ хуулиар Монгол улс хэрхэн яаж хөгжих юм, ялангуяа эдийн засаг нийгмийн хөгжлөө хэрхэн яаж удирдах юм гэдэг зохицуулалтууд бага. Тухайлбал Үндсэн хуулийн эдийн засаг гэж асуудал байна. 1960-аад оноос маш идэвхтэй орж ирсэн энэ зүйлээр юу шийддэг вэ гэхээр одоогийн энэ төсвийн хэт их тэлэлт, гадаад өр, байгалийн баялаг, гадаад худалдаа гэсэн бүх асуудлуудыг зохицуулж өгдөг. Манайд ийм ямар ч зохицуулалт байхгүй учраас Үндсэн хуулийг тунхаглаад явдаг. Гэтэл нийгмийн амьдрал, эдийн засгийн амьдрал, тэгш бус байдал, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг зүгээр зөнд нь хаячихсан. 1990 онд 3 төгрөг 40 мөнгө 1 ам.доллартай тэнцдэг байсан бол өнөөдөр 3600 төгрөг 1 ам.доллартай тэнцэх болтлоо унасан байгаа юм. Аравхан жилийн өмнө БНСУ-ын вон Монгол төгрөг 1:1 харьцаатай байсан.
Өнөөдөр 2,8 төгрөг БНСУ-ын 1 вонтой буюу 10 жилийн дотор Монгол хүний амьдралын чанар, бодит орлого 2,8 дахин уначихсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ийм чиглэлийн суурь шинжтэй зохицуулалтууд байхгүй.
Нөгөөтэйгүүр бид нүүрсний хулгай, ашигт малтмалын ашиглалт, олборлолт борлуулалттай холбоотой асар их хулгай явж байгааг бүгд мэддэг. 2007, 2008 оноос хойш 8 Ерөнхий сайд солигдож, 4-5 УИХ-ын шинэ бүрэлдэхүүн гараад хянаад шалгаад байдаг ч шалгаж тогтоодог, хариуцлага тооцдог, засаж залруулдаг ямар ч юм байхгүй. Энэ юу хэлж байна вэ гэхээр Үндсэн хуулийг ажиллуулдаг буюу жолооддог жолооч нь төр байдаг. Тэгэхээр төрийн байгууллагуудын уялдаа холбоо, харилцаа холбоо, харилцан хяналт байхгүйгээс болоод Монгол төр ажиллаж чадахгүй байгаа. Энэ нь юунд байна вэ гэхээр бид зургаан Ерөнхийлөгч, есөн УИХ солиод солиод хүндээ биш юм байна гэдгийг ойлгосон. Бид хүнтэй тэмцсэн. Намтай тэмцсэн. Ерөөсөө нэмэргүй байна. Яаж байна вэ гэхээр хүн засагладаг биш хууль засагладаг гэдгийг ойлгох цаг үе болжээ. Өөрөөр хэлбэл манай Үндсэн хуулийн маш олон зүйл заалтыг дутуу хийчихсэн байдаг. Би дэлхийн 80 гаруй улс орны Үндсэн хуулийг харж судалж 30-аад жил болж байгаа хүний хувьд манай Үндсэн хууль Оросоос тусгаар тогтноно гэдгээрээ тэр үзэл санаан дээрээ хийгдсэн учраас төвөөс зугтаах хүчний үйлчлэл нөлөөлөл дээр, тийм сэтгэхүй дээр хийгдчихсэн гэж үздэг. Үүнийг бид ингэж дүгнэж байгаа юм биш. Стивен Фишер гэж профессорын 2000 оны Зүүн Азийн дүгнэлт гэж байдаг. Тэр дүгнэлтээр Монгол Улс төрөө шатаах тоглоомоор тоглочихсон гэж дүгнэж.
2000 оноос өмнөх улсуудын засаг төрийн тогтолцооны талаархи ном бий. Бидний нийтлэг ойлголтоор бол Монгол Улс парламентын засаглалтай гэж бодоод яваад байдаг. Гэтэл тэр номонд парламентын засаглалтай улс дотор нь Монгол байхгүй. Үүнийг судлаачид хийдэг учраас парламентын гэж нэрлэж болно, Азийн загвар ардчилал гэх мэтээр их гоё нэрлэж болно.
Гэхдээ яг дотоод амьдрал нь юу юм гэхээр их захгүй хэрүүл хэлэлцсэн улстай адилхан. Олон намын ардчилалтай орон гэдэг ангилал дотор нь байгаа. Тэр орнууд нь ямар орнууд байдаг юм гэхээр Этиоп, Нигер, Сьерра-Леон зэрэг улсууд ордог. Манай улсыг хагас Ерөнхийлөгчийн засаглалтай ч гэдэг. Энэ бүгдээс харах юм бол аль 2000 оны сонгуулийн үеэр яригдаж байсан төмөрлөгийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, V цахилгаан станц, асгатын мөнгөний орд, төмөр зам гээд баахан юм ярьдаг ч нэг нь ч хийгдээгүй байгааг та бүхэн анзаарч байгаа байх. Яг юу бүтэж байна гэхээр сумууд руу цахилгаан холбох, социализмын үед 30 сая хүрээгүй мал өнөөдөр 70 сая хүрчихсэн байгаа, бүх аймаг сум руу зам тавиад байгаа нь ерөөсөө популист улстөрийн сонгуульд ашиглах гэсэн үйл ажиллагаанууд нь маш хурдтай яваад байгаа юм. Энэ бүхнийг хараад дүгнэхээр Монголын нийгмийн амьдрал бол тасралтгүй улстөржсөн байдалтай.
Бүх бүтэц, төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, нутгийн өөрөө удирдах ёс, спортын холбоод бүгдийг нам эзэгнэчихсэн. Тэгэхээр ардчилсан нийгмийн тулгуур болсон салбарын нийгмийн холбоод, иргэний нийгмийн байгууллагууд нь энэ дундаас соёолж өөдөлж, бэхжиж дэвжиж гардаггүй юм байна.
Ялгаатай нь юу вэ гэхээр 1990-ээд онд хуучин социалист орнууд намаа бүгдийг нь тарааж, шинээр улстөрийн намаа байгуулж байсан. Ганцхан Монгол аваад үлдчихсэн. Дараагийнх нь байгуулагдсан намууд, Ардчилсан нам бол B copy, Эх Орон нам C copy, тэгээд D гэдэг юм уу, яг ижил улстөрийн намуудын үйл ажиллагаа намчирхал, улстөржилт. Үндсэн хуулийн эдийн засаг ярьдаг улс орнуудын судлаачид манайхыг юу гэж дүгнэх вэ гэхээр Монгол бол улстөрийн үйл ажиллагаа явуулдаг нийгэмтэй, сонгуулийн эдийн засагтай орон гэдэг. Гурван жил цуглуулна. Дөрөв дэх жилдээ бүгдийг нь цацна. Хамгийн тод жишээг та нар харж байгаа бол “Эрдэнэс тавантолгой”-н хувьцаа энэ жил олгохгүй гэж байгаа биз. Ирэх жил ашигтай ажиллана, олгоно. Яагаад гэвэл сонгуулийн жил. Яг сонгуулийн урд жил ашигтай ажиллаад, сонгуулийн өмнө сайхан тарааж өгөөд, дараа дараагийн жилүүдэд нь дандаа ашиггүй ажилладаг. 10-хан их наяд байсан эдийн засаг яагаад 30 их наяд болоод байна вэ гэхээр манай далд эдийн засаг ил эдийн засагтайгаа тэнцүү буюу бараг илүү гарчихсан байна гэдэг дүгнэлт рүү орж байна. Энэ худал хуурмаг бүгдийг бид өөрчилж чадахгүй. Яг өнөөдрийн Үндсэн хуулиараа явах юм бол 30 жилийн дараа Монголын эдийн засаг, Монголын гадаад өр 100-120 тэрбум долларын өртэй, эдийн засгийн параметр өссөн ч иргэдийн амьдрал бахь байдгаараа, баян хоосны ялгаа тэнгэр газар цаашаа болно. Эдийн засгийн тусгаар тогтнол ерөнхийдөө алдагдах талруугаа явах байдалтай байгаа. Энэ бүхнээс үзэхэд Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх шаардлага байгаа.
 
Тэмдэглэсэн М.Чойжал
 
www.SONIN.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn