Суумгай амьдралын хэв маягийг чихрийн шижинтэй холбожээ
Америкийн эмч нар хэдэн зуун эмэгтэйн амьдралыг урт хугацааны туршид ажиглаж, суумгай амьдралын хэв маяг нь хоёрдугаар төрлийн чихрийн шижинтэй болох эрсдэлд хэрхэн нөлөөлдгийг үнэлж чаджээ. Нэг байрандаа 15 минут суух тутамд цусан дахь сахарын хэмжээ 1-5 хувиар нэмэгдэж байсан тухай судлаачид “Journal of the American Heart Association” сэтгүүлд нийтэлсэн байна.
“Нэг байрандаа суух хугацаа нь эмэгтэйчүүдийн бие организмын инсулинд мэдрэг байдалд хэрхэн нөлөөлж байгаа нь биднийг ихэд гайхшруулсан. Эмч нар өвчтөнүүддээ нэг газраа аль болох бага хугацаагаар суухыг зөвлөх хэрэгтэй” хэмээн судалгааны багийн гишүүн, Аризонагийн их сургуулийн профессор Дороти Сирс мэдэгджээ.
Суумгай амьдралын хэв маяг, биеийн хөдөлгөөний идэвхгүй байдал нь хүний амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эмч нар болон социологчид цогцоор нь судалж эхлээд байгаа юм. Тухайлбал, таван жилийн өмнө эрдэмтэд гиподинамия болон суумгай амьдралын хэв маяг чихрийн шижингээс гадна зүрх судасны өвчинтэй болох магадлалыг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг болохыг судалгаагаар харуулжээ.
Судлаачид хоёрдугаар төрлийн чихрийн шижингийн гол шинжүүдийн нэг болох инсулинд мэдрэг бус байдал бий болох магадлалд суумгай амьдралын хэв маяг хэр зэрэг хүчтэй нөлөөлдгийг нарийн хэмжихийг оролджээ. Ингэхийн тулд эрдэмтэд дунд эргэм болон хөгшин настай 500 сайн дурын эмэгтэйг оролцуулж, хурд хэмжигчтэй бүс тарааж, хэдэн долоо хоногийн туршид тэдний амьдралын хэв маягийг ажиглажээ.
Чихрийн шижин ба буйдан
Багажнаас цуглуулсан мэдээлэл нь эмэгтэйчүүд хэр их хугацааг зөөлөн сандал юмуу буйдан дээр суухад зарцуулсныг тооцоолоод зогсохгүй хөдөлгөөний идэвхгүй байдлын үргэлжлэх хугацааг ажиглах боломжийг судлаачдад олгосон байна. Эдгээр өгөгдлийг эмнэлгийн үзүүлэлтүүдтэй харьцуулж, эмч нар хэд хэдэн сонирхолтой зүй тогтлыг олж илрүүлсэн байна.
Судлаачдын үзэж байгаагаар, цусан дахь сахарын түвшин, эмэгтэйчүүдийн биеийн эсний инсулинд мэдрэг байдал нь хөдөлгөөнгүй байдлын нийт түвшнээс хамаардаггүй, харин буйдан болон зөөлөн сандлаас босолгүйгээр хэр их хугацааг зарцуулж байгаагаас хамаардаг болохыг тогтоожээ. Тухайлбал, ийм байдлаар суух 15 минут тутамд европ гаралтай эмэгтэйчүүдийн цусан дахь сахарын хэмжээ 1 хувиар нэмэгдэж байсан бол Латин Америкийн орнуудын эмэгтэйчүүдийнх 5 хувиар нэмэгдэж байжээ.
Яг ийм байдлаар цусан дахь инсулины агууламж нэмэгдэж байсан аж. Ийм учраас эмч нар болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эмэгтэйчүүдэд тэр дундаа өндөр настай эмэгтэйчүүдэд аль болох бага сууж байхыг зөвлөх нь зүйтэй гэж эрдэмтэд үзэж байна. Ингэхийн тулд заавал спортоор хичээллэх бус цэвэрлэгээ хийх, хоол бэлтгэх зэрэг ямар ч ажил хийх үед эерэг нөлөө ажиглагдаж байсныг эрдэмтэд онцлон тэмдэглэжээ.