АНУ-ын хориг арга хэмжээ ам.долларт хэрхэн нөлөөлж, Хятадыг хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ

93

Сүүлийн үед гео эдийн засгийн бараг гол хэрэгсэл болоод байгаа хориг арга хэмжээ нь тэр бүр үр дүнтэй байдаггүй гэж Европын олон улсын харилцааны зөвлөлийн шинжээч Агата Демаре үзэж байна. Тэрбээр “Хориг арга хэмжээний урвуу үйлчилгээ: Хориг арга хэмжээ хэрхэн дэлхийг АНУ-ын ашиг сонирхолд бус өөрчилж байна вэ” номоороо дамжуулан АНУ-ын хязгаарлалтууд ам.долларын үүрэг, ролийг хэрхэн өөрчилж, юунд хүргэх талаар үзэл бодлоо илэрхийлжээ. “Америк хамгийн хүчтэй эдийн засгийн зэвсгийнхээ үр дүнг урт хугацаанд хангахын тулд хориг арга хэмжээний сөрөг үр дагаврын талаар  болон эдгээр нь дэлхийн даяарх компани, холбоотнууд болон сөргөлдөгчдийнх нь стратегид хэрхэн нөлөөлдөг талаар тодорхой төсөөллийг бий болгох шаардлагатай” гэж Агата Демаре онцолжээ.
2020 оны гуравдугаар сард Москва хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сангийн сайд нарын уулзалт болсон. Хэдийгээр энэ нэгдлийн талаар өрнөдийн хэвлэлүүд мэдээлэх нь ховор ч ихээхэн жин дардаг байгууллага. Дэлхийн хүн амын тал хувийг хамардаг нэгдэлд Хятад, Энэтхэг, Пакистан, Орос зэрэг томоохон гүрнүүд багтдаг. Тус уулзалтаар гэмгүй мэт санагдах шийдвэр гаргасан нь худалдааны төлбөр тооцоог үндэсний валютаар хийх тохиролцоонд хүрч байв. Ингэхдээ ШХАБ-ын сангийн сайд нар тодорхой зорилго тавьсан нь АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийхийн тулд төлбөр, тооцоог ам.доллароор хийж эхлэх явдал байв. Ам.доллароор хийж байгаа аливаа шилжүүлэг тодорхой хугацааны дараа АНУ-ын банкаар дамжих тул хоригт орох эрсдэл бий. АНУ-ын сангийн яам банкнууддаа сэжигтэй эсвэл хоригийг зөрчсөн аливаа шилжүүлгийг царцаах чиглэл өгдөг. Тиймээс АНУ-тай тийм ч дотно биш харилцаатай ШХАБ-ын ихэнх гишүүн орнуудад энэхүү асуудлыг шийдэх шаардлага тулгарсан.
Энэ шийдвэрээс хойш хэдэн сарын дараа Оросын статистик мэдээлэлд нэгэн ер бусын хандлага ажиглагдсан нь түүхэнд анх удаа Орос, Хятадын худалдааны төлбөр тооцооны тал гаруй хувийг ам.доллар бус харин өөр валютаар хийсэн байв. Москва, Бээжин хоёр хэлсэндээ хүрч, төлбөрийн өөр системийг байгуулж эхлэв.
Тус хоёр улсын компаниуд олон улсын шилжүүлэгтээ рубль, юанийг түлхүү хэрэглэх болжээ. Ингэснээр, хоёр талын худалдаа АНУ-ын хоригт орох эрсдэлээс ангижрав.
“Бид ам.доллароос биш харин ам.доллар биднээс явж байна” хэмээн В.Путин хэлж байлаа.
Харин АНУ-ын улстөрчдөд баярлах шалтгаан байсангүй. Нөхцөл байдал ийн өрнөсөн нь АНУ-ын сөргөлдөгчид ам.долларгүй асуудлаа шийдэх сонирхол их буйг баталж байв. АНУ-ын хориг арга хэмжээнд орохоос өөрсдийгөө хамгаалахыг хүссэн орнуудын хувьд хамгийн хялбар арга нь ам.доллароос татгалзах хувилбар байв.
Ам.долларын дэлхийн үүрэг роль нь зөвхөн АНУ-ын эдийн засгийн тэргүүлэх байр сууринд бус бусад валютын санхүүгийн суваг байхгүй байсанд оршдог. Ихэнх төв банкнууд өөр хоорондоо шууд харилцдаггүй тул худалдааны төлбөр тооцоог үндэсний валютаар хийх боломж байдаггүй. Тухайлбал, Энэтхэгийн рупийг Өмнөд Африкийн рэндээр шууд солих систем байдаггүй. Тиймээс гуравдагч орны валют, тэр дундаа өргөнөөр хэрэглэдэг ам.долларыг хэрэглэхээс өөр аргагүй байв. Харин өдгөө нөхцөл байдал хурдацтай өөрчлөгдөж байна.
Дэлхий даяар төв банкнууд, ялангуяа хөгжиж буй орнууд санхүүгийн харилцаагаа төрөлжүүлэх, үндэсний валютын хэрэглээг идэвхжүүлэх, ингэснээр олон улсын нэр хүндээ нэмэгдүүлэх зорилгоор ам.доллароос хараат байдлаа буруулахыг зорьж байна.
Вашингтон хориг арга хэмжээгээ “сумлах” тусам ам.долларын хэрэглээтэй холбоотой эрсдэл ширүүн мэдрэгдэж байна.Тэр дундаа аюул нь зуурдынх бус. Учир нь АНУ-тай харилцаа муудсан тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байх ёстой. Тиймээс дэлхийн олон арван улс орон ам.доллароос зайлсхийх механизмыг шуурхай боловсруулж эхэлжээ.
Төв банкнуудын тэргүүн нарын төлөвлөгөөнд хоёр талын валютын своп хэлцэл тэргүүн байр суурийг эзэлж байна. Ийм төрлийн хэлцэл нь төв банкнуудад ам.долларын зуучлалгүйгээр өөрсдийн валютаа бусад валютаар шууд солих боломж олгодог. Валютын свопыг АНУ, Европ, Японы төв банкнууд сүүлийн 10 жилд идэвхтэй хөгжүүлсэн. Харин сүүлийн үед эл салбарт Бразил, Хятад, Энэтхэг, Турк зэрэг хөгжиж буй зах зээлүүд гарч ирж байна. Энэ нь дэлхийн зах зээлд үзүүлэх тэдний нөлөө өсөж байгааг, мөн тэд өрнөдийн орнуудын дэлхий дахинд ноёрхож байхдаа байгуулсан санхүүгийн сувгаас тусдаа суваг бий болгоход бэлэн болсныг илтгэж байна.
Энэ чиг хандлагын тэргүүн эгнээнд Хятад зогсож байгаа. Хятадын Ардын банк нийт 500 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий валютын своп хэлэлцээрийг 60 улс оронтой байгуулжээ. Өдгөө тус банк АНУ-ын Холбооны нөөцийн сангаас илүү своп шугамтай болсныг харуулж байна. Ингэхдээ Хятад улс АНУ-ын холбоотон болон сөргөлдөгч орнуудтай зэрэг своп хэлэлцээр байгуулсан. Харин тэдний дунд АНУ байхгүй байгаа нь гайхах зүйл биш.
Ойрын хугацаанд Бээжин Вашингтоны санхүүгийн хяналтаас гарах, урт хугацаанд АНУ-ын хориг арга хэмжээний эрсдэлээс хамгаалах, дэлхийн санхүүгийн систем дэх ам.долларын давамгайлсан байр суурийг сулруулахыг зорьж байна.
Хятадтай зэрэгцэн Энэтхэг, Япон хоёр спов хэлэлцээр нь шаардлагатай үед Америкийн санхүүгийн сувгийг алгасах боломж болгож байна хэмээн ил тод хүлээн зөвшөөрч байна. Энэтхэг улс своп хэлэлцээрээ хэдийн хэрэгжүүлээд эхэлсэн. 2019 онд тус улс Оросоос зенит пуужин худалдан авах тухай хэлэлцээ хийж дуусгасан юм. Энэ нь мэдээж хэрэг АНУ-д цохилт болсон. Учир нь Вашингтон, Энэтхэгийг өөрийнх нь “Patriot” эсвэл “THAAD” комплексыг илүүд үзнэ гэж найддаг байв. Дели, Москва хоёр таван тэрбум ам.долларын шилжүүлэг хийвэл хориг арга хэмжээнд орох байлаа. Учир нь Вашингтон бусад улс орнуудад Орост үйлдвэрлэсэн цэргийн техник худалдаж авахыг хориглодог. Харин Дели, Москва хоёр асуудлыг шийдэх гэж тэвдсэнгүй. Үүний тулд талууд аль зөвлөлтийн үед байгуулж байсан своп хэлэлцээрээ сэргээж, хоёр улсын үндэсний валютаар төлбөр тооцоогоо хийжээ.
АНУ-ын хориг арга хэмжээнээс зайлсхийх зорилгоор ам.доллароос татгалзах нь АНУ-тай таагүй харилцаатай улс орнуудын хувьд асуудлыг шийдэх түргэн арга зам.
Гэхдээ хэрэв тэд SWIFT зэрэг өрнөдийн санхүүгийн сувгийг ашигласан хэвээр байвал энэ нь тийм ч ашигтай биш. SWIFT нь салбартаа маргаангүй тэргүүлэгч үйлчилгээ. Энэхүү сүлжээ нь санхүүгийн ертөнцийг тэр чигт нь хэрсэн. Нийт 11 мянга орчим байгууллага өөр хоорондоо секунд тутамд 440 мэдээлэл илгээж, нийт зургаан их наяд ам.долларын үнийн дүн бүхий төлбөр тооцоог өдөр тутам гүйцэтгэж байна.
SWIFT системийн төв Бельгид байрладаг хэдий ч АНУ-тай нягт хамтран ажилладаг. Тус системээр дамждаг төлбөр тооцооны 40 хувь ам.доллароор илэрхийлэгддэг. SWIFT систем ам.долларыг хадгалахын тулд Вашингтонтой хамтран ажиллаж, хориг арга хэмжээг нь зөрчиж буй шилжүүлгийг царцаахаас өөр сонголт байхгүй. Тэр бүү хэл хориг арга хэмжээнд орсон улс орнуудтай харилцаагаа таслах ч хэрэг гарахыг үгүйсгэх аргагүй. Яг ийм явдал 2012 онд гарч байлаа. Тухайн үед АНУ-ын хүчтэй шахалт дор SWIFT Ираны банкнуудыг өөрийн сүлжээнээс хасаж байсан билээ. Иран руу мөнгө шилүүлэх, авах бараг боломжгүй болж байсан. Тиймээс АНУ-тай таагүй харилцаатай улс орнууд SWIFT системийг ашигладаггүй өөрсдийн санхүүгийн механизм боловсруулж эхэлсэн. Үүнд Хятад улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн гайхах зүйлгүй.
Гуравхан жилийн дараа Хятад улс олон улсын төлбөр тооцоог юаниар гүйцэтгэх өөрийн гэсэн CIPS системийг бүтээсэн тухай зарлаж байлаа. Үүсгэн байгуулагчид дунд BNP Paribas, Citi, Deutsche Bank, HSBC зэрэг аваргууд орсон байсан тул ихээхэн анхаарал татсан.
SWIFT компани хүртэл тус сүлжээг боловсруулах туслах саналыг Бээжинд тавьж байжээ. Гэсэн хэдий ч дуулиан шуугиантайгаар зарлагдаж, SWIFT-тэй өрсөлдөнө гэж Бээжингийн найдаж байсан систем удалгүй бүтэлгүйтэж эхэлсэн. Бүхэл бүтэн 2016 оны турш гүйцэтгэсэн шилжүүлгийн нийт дүн дөнгөж 700 тэрбум ам.доллар буюу SWIFT системийн өдрийн эргэлтийн дөнгөж 10 хувийг эзэлж байв. CIPS системд хэд хэдэн асуудал байлаа. Юуны өмнө тус систем дөнгөж 20 банкийг нэгтгэж байснаас гадна хоногт 11 цаг л ажилладаг. Мөн үнэт цаасны худалдан авалт эсвэл хөрөнгө оруулалтын урсгалыг гүйцэтгэж чадахгүй байжээ. Дээр нь ихэнх банкирууд тус системд богино хугацааны сонирхол төдий хандав.
Гэсэн хэдий ч CIPS системийн эхэн үедээ нүүр тулсан хүндрэлүүд Хятадын улстөрчдийг зогсоосонгүй. Тэд санхүүгийн байгууллагуудыг шинэ системд нэгдэхийг ятгасаар байв. Хятадын эдийн засгийн нөлөө нэмэгдэхийн хэрээр Азийн банкнууд цаг хугацааны явцад CIPS систем нь Бээжинтэй бизнес хийдэг хэнбугайн ч хувьд зайлшгүй хэмээн итгэн, хэлэлцээр байгуулж эхэлжээ. Удалгүй энэхүү схемийг Хятадаас их хэмжээний хөрөнгө оруулалт авдаг хөгжиж буй орнууд сонирхож эхлэх нь тэр. Улмаар таван жилийн хугацаанд CIPS Африкийн 40 гаруй банктай хэлэлцээр байгуулжээ. Эцсийн бүлэгт Бээжингийн хүчин чармайлт үр дүнгээ өгч эхэллээ. 2021 онд CIPS систем 12 их наяд ам.долларын үнийн дүн бүхий шилжүүлэг гүйцэтгэжээ. Хэдийгээр энэ нь SWIFT системийн эргэлтийн бага хувьтай тэнцэх ч таван жилийн хугацаанд 17 дахин нэмэгдсэн өндөр үзүүлэлт. Өдгөө CIPS системд дэлхийн 100 гаруй улсын 1300 орчим банк нэгдээд байна.
Хятадын CIPS систем дэлмийн санхүүгийн сувагт гүн гүнзгийн нэвтэрсэн SWIFT-ийг гүйцэх магадлал бага. Гэхдээ Хятад улс CIPS механизмын тусламжтай SWIFT системгүйгээр шилжүүлэг хийх бүрэн боломжтой болох тэр өдөрт бэлтгэж байна. Корнеллийн их сургуулийн профессор Эсвар Прасадын хэлснээр, энэ систем байгаа нь өөрөө чухал. CIPS системд давуу талууд бий. Энэхүү механизм нь Бээжинд дэлхий даяар урсаж буй санхүүгийн урсгалыг ажиглах боломж олгож байна. 2030-аад оны эхээр Хятад улс дэлхийн хамгийн том эдийн засгийн хүч болох нь тодорхой тул Бээжинд ашиг сонирхлоо илэрхийлэх чухал хөшүүрэг болох нь дамжиггүй. Эх сурвалж: Forbes
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tuv.nutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
tuv.nutag.mn