Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30 хүртэл сунгав
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор шинэ коронавирусын дэгдэлтийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар энэ хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
COVID19 өвчний тархварзүйн онцлог, тандалт хяналтын шаардлагын дагуу хүн амын хөдөлгөөн нэмэгдэж, бөөгнөрөл ихэссэнээс хойш хоёр нууц үеийн хугацаанд буюу дөрвөн долоо хоног өвчлөлийн нөхцөл байдлыг хянах шаардлага үүсч байгаа учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг үргэлжүүлж байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн үйл ажиллагааг зогсоож, ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага их дээд сургууль, коллежийг энэ оны 4, 5 дугаар сарын долоо хоног бүрийн Бямба гариг болон гуравдугаар улирлын амралтын долоо хоногийг ашиглаж, сургалтыг нөхөн, багш нарын илүү цагийн хөлсийг олгож ажиллах юм. Дээрх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан теле хичээлийг үргэлжүүлж, багш нарын 1, 5, 10 дахь жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж шаардагдах зардлыг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгав. Хорио цээрийн хугацааг сунгасан ч сурагчдын амралтыг хойшлуулахгүй. Цэцэрлэг, 1-5 дугаар ангийн сурагчид 06 дугаар сарын нэгэнд, ахлах ангийн сурагчид 06 дугаар сарын 08-нд, төгсөх анги, их дээд сургуулийн элсэлтийн шалгалтыг 06 дугаар сарын 15-нд багтаан явуулах юм байна.
Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30 хүртэл сунгаснаар Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн агаарын зам, төмөр зам, автозамын боомтоор Хятад руу зорчих Монгол иргэд, Хятадаас Монголд ирэх гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг улсын хилээр нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон дэглэм хэвээр үргэлжилнэ.
Ачаа, тээвэр, экспорт, импортын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг УОК-ын мэдээлэл, цаг үеийн байдлыг харгалзан тухай бүрт нь шийдвэрлэж ажиллахаар болов.
Товч мэдээ:
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын төлөвлөгөөг батлав. Нийт 22 хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлнэ
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Төсөлд цахим хэлбэрээр виз олгох урьдач нөхцлийг бий болгох, үндэсний аюулгүй байдлыг хангах, гадаадын иргэдийн бүртгэл хяналтыг сайжруулах зэрэг Монгол Улсын визний талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлийн зохицуулалтууд тусгагдсан байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг батлав. Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой нөхцөл, шаардлага тавих, өргөн нэвтрүүлгийн хэт төвлөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх, эзэмшлийн ил тод байдлыг хангах, хүүхдийг зохисгүй контентоос хамгаалах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх нэмэлт боломж нээгдэх юм.
Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын гэрээнд өөрчлөлт оруулах тухай протоколыг батлав гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.